
Монголын өнөөгийн зовлонгийн нэг бол мэддэггүйгээ мэддэггүй хүмүүсийг толгой дээрээ залсных.
Тэдэнд мэдэхгүй чадахгүй зүйл огтхон ч үгүй. Чихний үзүүр шүргэсэн бүхнийг шүүлтүүргүйгээр, өөрөө ч ойлгохгүйгээр, цаад наадыг тунгааж бодохгүйгээр шууд чалчина. Бүхнийг шүүмжилнэ. Бүгдийг дорд үзнэ. Өөрөө бол чухам тэнгэрийн амьтан. Шог харагдаж байгаагаа ойлгохгүй учраас ийм хүмүүст ичих булчирхайн тухай ойлголт ч байхгүй.
“Уншдаг хүн хөгждөг: Ном унших аргууд” номд бичсэн өмнөх үгийн хэсгээс сонирхуулья.
2001 онд би Удирдлагын Академид “Мэдлэгийн менежмент”-ээр лекц уншихдаа хүмүүсийн мэдлэгт хандах хандлагыг дөрөв ангилсан билээ. Манай сонсогчид бол сайн мэднэ.
1) Мэддэггүйгээ мэддэггүй
2) Мэддэггүйгээ мэддэг
3) Мэддэгийгээ мэддэггүй
4) Мэддэгийгээ мэддэг.
МЭДДЭГГҮЙГЭЭ МЭДДЭГГҮЙ:
Тэд өөрсдийгөө хэзээ ч голж чамладаггүй. Уриа нь “БИ ЧАДНА!”. Юу ч гараараа хийж үзээгүй, зовлонг нь ойлгохгүй учраас хөндлөнгөөс хараад л бүхнийг амархан гэж ойлгоно.
Өөрийгөө бүхнээс ихчлэн сэтгэдэг учраас хүн бүрийг “чи” гэж дуудна, хэнийг ч хамаагүй, юу ч гэж шүүмжлэхээс буцахгүй.
МЭДДЭГГҮЙГЭЭ МЭДДЭГ:
Тэд бол ажлын хүнд хүчир, зовлонг туулж үзсэн, хичнээн сайн мэргэшсэн, ажлаа мэддэг байсан ч мэдэхгүй зүйл, хүнд хэцүү сорилт тулгардгийг ойлгодог хүмүүс юм. Уриа нь “БИ СУРЧ ЧАДНА”. Ийм учраас тэд өөрсдийгөө чамлаж, голж, цаг үргэлж шинийг сурахыг хүсдэг.
Амарч байх үед нь өөр хүмүүс ажилласаар, нийгэм урагшилсаар байх болно гэдгийг мэддэг учраас тэд байнга суралцахыг, чадвараа ахиулахыг, мэдлэгээ тэлж гүнзгийрүүлэхийг хичээдэг. Эрэл хайгуул хийдэг. Хамгийн гол нь сайн ном, бүтээлүүдийг олж уншдаг.
МЭДДЭГИЙГЭЭ МЭДДЭГГҮЙ:
За байзаарай. Мэддэг тэгсэн атлаа өөрийгөө мэддэггүй гэж боддог усан тэнэг байх уу? Эсвэл байгалиас заяасан өгөгдөл юм болов уу?
Аль нь ч биш! Хүн төрөлхтөний хэдэн мянган жилээр хураасан мэдлэг далай шиг их. Ганцхан удаагийн амьдралаар энэ бүх мэдлэгийг өөртөө шингээх боломжгүй!
Яг одоо нүд чинь бүлтийж, ам чинь ангалзаад л “Үгүй, тэгэхдээ би мэдэх юмаа мэднэ” гэж маргах гээд байгааг нь мэдэж л байна л даа. Анхааралтай унш!Хичнээн мэддэг гэж бодсон ч танд дахиад л мэдэхгүй зүйл заавал тулгардаг. Мэдлэгт хязгаар байхгүй. Өдөр бүр шинжлэх ухаан, хүн төрөлхтөн улам бүр урагшилдаг. Аль ч салбарт, хэн ч
бүхнийг мэдэж чадахгүй.
Тийм учраас мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөөд мэддэггүйгээ мэддэгийн ангилал руу шилжих нь ухаалаг үйлдэл болно.
МЭДДЭГИЙГЭЭ МЭДДЭГ:
Уриа нь “БИ МЭДНЭ”. Ямар ч сэдвээр “Өө тийм, би мэднэ“ гэдэг учраас хэнийг ч сонсдоггүй, юу ч уншдаггүй, хэзээ ч өөрийгөө чамладаггүй хүмүүс.
“Би мэддэг” гэж бодоод л эхэлбэл тархи “царцаж” эхэлдэг. “Бүхнийг мэддэг” гэж өөрийгөө бодсон хүн сэтгэл нь ханаад шинэ юуг ч мэдэхийг хүсэхгүй, суралцахгүй, хөгжихгүй. Ийм хүмүүст ямар ч өсч хөгжих ирээдүй байхгүй.
“Мэддэгийгээ мэднэ” гэж бодоод л эхэлбэл “Мэддэггүйгээ мэддэггүй”-н ангилал руу автоматаар шилжинэ.
Одоо та ойлгож байгаа байх. Үндсэн ангилал ердөө хоёрхон.
1. Мэддэггүйгээ мэддэггүй, өөрийгөө бүгдийг мэддэг гэж ойлгодог. Та бүхнээс дээгүүр, “төгс” хүмүүн учраас танд юу ч хэрэггүй. Сурах, бас унших хэрэггүй.
2. Мэддэггүйгээ мэддэг. Та бол суралцахыг хүсдэг, мэдлэгийг үнэлдэг, шинэ мэдлэг, сэтгэлгээ, арга барилд суралцахыг хүсдэг хүн.
Хүн өөрийн мэдлэгийг яаж үнэлж байгаагаас, өөрийгөө аль ангилалд багтаан ойлгож байгаагаас, тархи яаж ажиллах нь, хэр зэрэг өсч дэвжих нь шууд шалтгаална.
Нийтээрээ уншдаг үндэстэн болцгооё. Ном уншдаг, нэг сэдвийг ул суурьтай, олон талаас нь шүүж эргэцүүлдэг, бусдын хэлснийг, зөв бурууг ялгаж тунгаадаг, мэдлэгийг жинхэнэ утгаар нь үнэлж чаддаг нийгэм л хөгжинө.
Б.Энхбайгаль
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.