Хойд Солонгосын пуужингийн туршилтын улмаас Японд агаарын аюулын дохио дуугарчээ

Twitter Print
2022 оны 11-р сар 03-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Энэ пүрэв гарагт Хойд Солонгосын зүгээс пуужингийн ээлжит туршилтаа явуулсны улмаас Японы төв болон хойд хэсэгт агаарын аюулын дохио дуугарч, иргэдийг нуувчинд орохыг анхааруулахад хүргэжээ.

БНСУ болон Япон улсаас мэдээлснээр Хойд Солонгосын харвасан пуужингууд нь цөмийн толгой тээвэрлэхэд зориулагдсан тив алгасах баллистик пуужингууд байжээ. Өнгөрсөн лхагва гарагт Хойд Солонгосын зүгээс багадаа 23 пуужин харвасны нэг нь БНСУ-ын эргээс холгүй далай унасан юм.

Өмнөд Солонгосын Гадаад харилцааны дэд сайд Чо Хён Дон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шэрман нар Хойд Солонгосын пуужингийн туршилтыг "ёс зүйгүй бөгөөд харамсалтай" хэмээн тодорхойлж, хатуу шүүмжилж буйгаа илэрхийлжээ. Японы Мияаги, Яамагата, Нигата засаг захиргааны нэгжид агаарын аюулын дохио дуугарч, иргэдийг дотогш нуувчинд орохыг анхааруулсан байна.

Японы Батлан хамгаалахын сайд Ясуказү Хамадагийн мэдээлснээр Хойд Солонгосын харвасан пуужингуудын нэг нь Японы нутаг дэвсгэр дээгүүр нисэж өнгөрөх төлөвтэй байсан учраас агаарын аюулын дохиог дуугаргасан ч пуужин Японы хилээс наана унажээ.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Хойд Солонгосын зүгээс ойр ойрхон пуужингийн туршилт явуулж байгаа нь бүдүүлэг бөгөөд уучлашгүй явдал хэмээн үзэж байгаа аж. Пхеньян эхний пуужин 30 орчим минутын дараа далайд унасан аж.

Эхний пуужинг харваснаас хойш 1 цагийн дараа Пхеньян 2, 3 дахь пуужингуудаа ар араас нь харважээ. Тэдгээр нь ойрын зайн пуужингууд байсныг тогтоосон байна. Өнгөрсөн лхагва гарагт Пхеньяны явуулсан пуужингийн туршилтын хариуд Сөүл өөрсдийн талаас пуужин харвасан байна.

Пхеньяны зүгээс АНУ, БНСУ хоёр улсаас цэргийн хамтарсан сургуулилтыг өдөөн хатгалт гэж үзэн, сургуулилтаа даруй зогсоохыг шаардсан юм.

Өнгөрсөн сарын 4-нд Пхеньяны харвасан пуужин Японы нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрсөн ба энэ нь Пхеньяны пуужингийн туршилтын үеэр пуужин нь хамгийн хол зайд ниссэн явдал байв.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.