Өнөөдөр П.И.Чайковскийн төрсөн өдөр

Twitter Print
2014 оны 05-р сар 07-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Оросын болон дэлхий дахины суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский 1840 оны 5 сарын 7-нд хуучны Оросын Вотинск хотод  мэндэлж 1893 оны 11 сарын 6-нд насан эцэслэжээ.  Тэрээр романтик үеийн Оросын хөгжмийн зохиолч байсан бөгөөд уул уурхайн инженерийн гэр бүлд төрсөн нь түүний хөгжмийн асар их авъяас, боловсролд огтхон ч харшлаагүй аж. 10 настайдаа хуулийн сургуульд элсэн орж суралцсан боловч хөгжимд сонирхолтой тул Петербургийн хөгжмийн дээд сургуульд суралцаж 1866 оноос Москвад багшлах болжээ. Тэрээр "Могучая кучка" нэртэй эх оронч хөгжмийн зохиолчдийн нэг байгаагүй ч гэсэн нижигнэсэн, эргэцүүлсэн, хөгжмийн хуваариар илэрхийлэгдсэн уянга аялгуу нь маш их Орос маягийн хөгжим зохиодог онцлогтой, суут хөгжмийн зохиолч байжээ.

П.И.Чайковскийн төрөлхийн гоц авьяас билэг багаас нь тодорч таван настайдаа Шопены мазурк бүжгийн аяыг сонсголоороо хөгжимдөж чаддаг болжээ. Тэр үед Петербургт түр явсан эхийгээ санахдаа «Миний ээж Петербургт» гэдэг дуу зохион дуулж байсан нь түүний анхны хөгжмийн зохиол байжээ. Гэвч эцэг эх нь түүнийг хууль цаазны мэргэжилтэн болгохоор Петербургийн их сургуульд оруулсан гэдэг. Сургуулиа 1859 онд амжилттай төгсөж, Шүүх яаманд томилогдсон боловч энэ ажил түүнд огтхон ч таалагдаагүй аж. Иймээс ч 1862 онд дөнгөж нээгдээд байсан Петербургийн Дуу хөгжмийн дээд сургуульд орж гурван жилийн дараагаар алтан медальтай төгссөн байна. Энэ үес түүний авьяас билэг ид ундарч, анхныхаа гурван симфони, төгөлдөр хуурын найрал концерт, олон романс болон дөрвөл, «Франческа да Римини» гэдэг симфони найраглалаа туурвиж, дөрөвдүгээр симфонио бичиж эхэлсэн байна. Ардын үлгэрийн сэдвээр үнэнч хайр сэтгэлийг харуулсан «Хунт нуур» балетын хөгжмөө мөн энэ үед бүтээсэн гэдэг. Энэ нь Оросын болон дэлхийн балетын урлагт шинэ үе нээсэн юм.

1877 онд П. И. Чайковскийг «Евгений Онегин» дууриа бичиж байх үед нь хөгжмийн дээд сургуулийн нэгэн оюутан эмэгтэй түүнд хайр сэтгэлтэй болсноо илэрхийлж, олон удаа захиа ирүүлж байжээ. Тэр эмэгтэйн сэтгэлийг туурвиж байсан дуурийнхаа Татьянатай зүйрлэн өрөвдөж хайрлахдаа өрх гэрийнхээ эзэгтэй болгосон гэдэг. Гэтэл тун удалгүй авааль гэргийнх нь ааш зан танигдаж, хийсвэр хөнгөн нэгэн болох нь мэдэгдсэн тул П. И. Чайковский сэтгэл санаагаар гутран, уран бүтээл нь ч урагшаа ахихаа больжээ. Удалгүй суут хөгжмийн зохиолч эрс шийдвэр гаргаж, бэртэгчин амьдралтай зууралдан суухаа түргэн зуур ор тас орхиж Петербург рүү, дараа нь гадаад орноор хэсэг зуур аялжээ. Энэ үедээ болон Эх орондоо эргэж ирэнгүүтээ дөрөвдүгээр симфонио бүрмөсөн дуусгаж, «Евгений Онегин», «Орлеаны хүүхэн» дууриудаа бичиж, «Их жүжигчний дурсгалд» гэдэг гурвал болон хийлийн найрал концерт, «Италийн Капричио» зэрэг алдарт бүтээлүүдээ туурвисан байна.

«Евгений Онегин» дууриараа А. С. Пушкиний романы баатруудын дүрийг хөгжмийн хэлээр улам тодорхой, ойлгомжтой болгон дахин амьдруулж, дуурийн урлагийг шинэ хэлбэрээр баяжуулсан юм.

1881 онд А. С. Пушкиний «Полтав» гэдэг найраглалаас сэдэвтэй «Мазеп» гэдэг дуурь дээрээ ажиллаж эхэллээ. Энэ нь Оросын I Пётр хаан шведүүдтэй дайтсан хийгээд, Украины цэргийн удирдагч гетман Мазепийн урвасан тухай түүхт, бодит үйл явдал гэдэг. Энэ үйл явдлыг хөгжмийн хэлээр харуулахдаа баатар тус бүрийн дүрийг нарийн тодруулж, түүхийн үнэн, ард түмний дуу хөгжмийн арвин санг чадамгай ашиглан урлажээ. 1880 онд Москва хотын ойролцоо оршин сууж тав, зургадугаар симфони, «Гилбэрийн хатан», «Дурыг булаасан хүн» дуурь, «Иоланта» хөгжимт жүжиг, «Нойрсож байгаа гоо дагина» балетын хөгжмөө туурвижээ. Эдгээр нь сонгодог бүтээлийн алтан санд орсон билээ.

1893 оны X сарын 16-нд П. И. Чайковский 6-р симфонийхоо анхны тоглолтыг удирдсан юм. Энэ нь түүний эцсийн концерт байж.

Хөгжмийн суут зохиолчийн дурсгалыг мөнхжүүлж 1894 онд Клин хотод, 1940 онд Воткинск хотод түүний гэр-музейг нээсэн бөгөөд 1958 оноос П. И. Чайковскийн нэрэмжит Олон улсын хөгжмийн уралдаан Москва хотноо зохиогддог уламжлалтай болжээ.

П.И.Чайковскийн хамгийн суут бүтээл нь яах аргагүй “Хунт нуур” балет юм. Хунт нуур балет гурван бүлэг дөрвөн үзэгдэлтэй.1877-2-20-нд Москвагийн Их театрт анх тоглосон бөгөөд Монголын тайзнаа 1975-6-28 нд анх тоглогдсон түүхтэй.

П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичсэн гэдэг. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид 2-ын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж.Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг. Балетийн чимэг болсон нэг дүр бол хар хун. Түүний тэр ханхүүг өөртөө татсан ихэмсэг зан, бүжгийн техник үнэхээр биширмээр. Энэ дүрийн хийдэг 32 эргэлт бол бүжигчингээс асар их чадвар шаардсан байдаг. Тиймдээ ч улс орны шилдэг балетчингууд энэ дүрд тоглосон байдаг. Монголоос Ардын жүжигчин О.Ганбаатар агсан, сүүлийн үеийнхнээс гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нар хар хунд бүжиглэсэн юм. 

Д.Энхтүвшин

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.