Энгийн хог хаягдлыг ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах журам батлагдлаа

Twitter Print
2020 оны 02-р сар 22-нд 13:54 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 115 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг боловсруулж НИТХ-ын ээлжит 32 хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Журмыг иргэн, аж ахуйн нэгж байгууллага хэрэгжүүлж ажилласнаар хог хаягдлын менежментэд дараах үндсэн өөрчлөлтүүд гарах юм. Үүнд:

1. Нийслэлийн оршин суугчид, аж ахуйн нэгж, байгууллагууд хог хаягдлаа эх үүсвэр дээр 3-4 төрлөөр ангилан ялгаж, зориулалтын уут, саванд хийдэг болж, тогтсон өдөр цагийн хуваариар хогоо ачуулдаг болно.

2. Хог хаягдлын үйлчилгээтэй холбоотой нийслэл, дүүрэг, хороо, иргэн, ААНБ, СӨХ-ны чиг үүрэг тодорхой болж, хоорондын уялдаа сайжирч, нэгдсэн удирдлага зохион байгуулалттай болно.

3. Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах тээвэрлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг дүүргийн Засаг дарга хариуцаж, нутаг дэвсгэрээ хоггүй байлгах үүргийг хүлээнэ.

4. “Дүүргийн нутаг дэвсгэрт хог ачиж, цуглуулах тээвэрлэх гэрээнд” Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналтын чиг үүрэгтэйгээр гэрээний нэг тал болон орох замаар нийслэлийн 9 дүүрэгт хог ачиж, цуглуулах үйлчилгээний нэгдсэн стандартыг бий болгож, иргэдэд хүргэх хог хаягдлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

5. Нийслэлийн нутаг дэвсгэрт гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд ажиллах бүхий л машин техникүүд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр GPS-ийн цахим системд орж, хяналт зохицуулалтын нэгдсэн удирдлагатай болно.

6. Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд газар, дэд бүтцээр дэмжлэг үзүүлэх, төрийн болон төрийн өмчийн оролцоотой, хувийн хэвшлийн байгууллагууд бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа хог хаягдал дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд худалдан авдаг болно.

7. Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйлдвэрүүд байгаль орчинд халгүй, орчны аюулгүй байдлыг хангасан үйлдвэрлэл эрхэлдэг болохоос гадна дахин боловсруулсан хог хаягдал, хог хаягдлаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, түхий эдийн тоо мэдээ, статистик бодитой гардаг болно.

8. Үйлдвэрлэгч, импортлогч ААН, байгууллагын хариуцлага нэмэгдэж, тухайн ААН, байгууллагууд үйлдвэрлэсэн болон импортолсон бараа бүтээгдэхүүнээс үүсэх хаягдлыг зах зээлээс эргүүлэн татах, дахин боловсруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх үүрэгтэй болж, хог дахин боловсруулах үйлдвэр, худалдаа үйлчилгээний төвүүдтэй хамтран ажиллах боломж нээгдэх юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.