Хүүхдээ зодож шийтгэж өсгөсөн бол том болоод...

Twitter Print
2020 оны 05-р сар 30-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХ НЬ АЛСДАА:

Бид ээж аавдаа зодуулж л өссөн буруудсан юм алга, Монгол хүнд алганы амт хэрэгтэй, эрэгтэй хүүхдийг хатуужилтай болгоно, суран тэлээний амт гэх. Гэтэл анхаараарай ээж аавуудаа.

Бага насандаа гэр бүлдээ алганы амт үзэж өссөн хүүхэд насанд хүрээд:

Хөвгүүд нь өөрөөсөө дорд, хүч туниа муутай нэгэнд өөрийн бодлоо тулгах, ялан дийлэх гэх үедээ гар хүрдэг. "Хайртай хайртай гэдэг байж зодож байна, худлаа байх нь! Хайртай хүмүүстээ гар хүрч болдог байх нь" гэсэн ойлголт л хамгийн түрүүнд буудаг, сэтгэлд нь хоногшин үлддэг. Гэтэл насанд хүрээд хүү тань гэргийгээ, хүүхдүүдээ зодоод байвал тэр гэр бүл жаргал дүүрэн байж чадах болов уу, таны хүүхдэдээ хүссэн амьдрал тэр мөн болов уу?

Охидын хувьд бурууг хийх бүрт цохиж авсаар насанд хүрээд нөхрийн болон бусдын хүчирхийлэлд хэт хүлээцтэй, энэ нь байх ёстой зүйл, би л буруу зүйл хийгээд зодууллаа, би л тэсэх ёстой хэмээн хүлээж авдаг болох хандлагатайгаараа ХАМГИЙН ХОХИРОЛТОЙ ЮМ.

Хүүхэд бурууг хийсэн үед яагаад буруу болохыг нь тайлбарла, хүүхэд санаатай бурууг хийдэггүй. Та түргэн авираар гар хүрснээр хүүхэд та хоёрын хоорондох итгэлцлийг үгүй хийдэг. Хүүхэд зөв ч бай буруу ч бай аливаа зүйлээ танаас нууцаар хийдэг, эсвэл ямар нэг шинэ зүйлийг турших, хийх хүсэл огт байхгүй болдог.

Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Сул дорой, олон нийтийн дунд өөрийгөө илэрхийлэх чадвар сул болдог.

Хүүхэд заль мэх зохион хэлэх, хулгай хийх, дүүгээ, найзуудаа дээрэлхэх, цохих, өөрөөсөө сул дорой нэгнийг өдөж хоргоож зодох муу авиртай болж энэ бүх муу зүйлийг хийж байгаадаа гэмшихээ ч больдог.

Хүүхэд зөвхөн томчууд өөрийг нь зодож шийтгэх вий гэж айсан үедээ л үгэнд ордог өөрөөр хэлбэл заавал том дуугарсан, сүрдүүлсэн үед л үг сонсдог бусад үед дураараа авирладаг сөрөг хандлагатай болдог.

Хүүхдүүд дийлэнхдээ шинийг эрэлхийлж туршиж судалж танин мэдэхүйн ертөнцөөр аялах үедээ БҮТЭЛГҮЙТЭЖ буруу зүйл хийлээ гэж аав ээждээ загнуулж, шийтгүүлэхэд хүрдэг. (Ханан дээр эрээчих, 00 цаас хөвөх, гал тогоо сүйтгэх гэх мэт)

Зарим үед таны анхааралыг татах гэсэндээ, хайрыг хүссэндээ элдвийг санаалчилдаг нь бас л БҮТЭЛГҮЙТЭЛд хүргэдэг.

Хүүхдэд том дуугарч, цохиж, зодох нь тэдний БУРУУ ҮЙЛДЭЛ-ийг тухайн үедээ зогсоож болох цаг зуурын л арга юм. Гэхдээ тэдэнд яагаад зөв, яагаад буруу болохыг нь учирлаж, тайлбарлаж, ярьж ойлгуулах нь хүүхдийн урмыг хугалж итгэлийг мохоохгүй, ирээдүйг нь СҮҮДЭРлүүлэхгүй хамгийн зөв алхам шүү.

Бид дийлэнхдээ өөрсдөө стресс ихтэй үедээ хүүхдэдээ гар хүрчихээд байгаагаа анзаараарай.

Аав ээж, багш, насанд хүрсэн хэн ч хүүхдэд гар хүрч зодож шийтгэж болохгүй!

Г.Төмөрзаяа

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.