
Цистит нь давсагны салстын үрэвсэл юм.
Шалтгаан
Хадварын ба халдварын бус шалтгаант өвчин.
• Хадварын шалтгаант цистит нь ихэнхдээ E.Coli, энтерококк, стафилококк, протеи, стафилококк, лямбли, цөөн тохиолдолд кандидын төрлийн мөөгөнцөрөөр үүсгэгдэнэ. Давсганд халдвар орсноор эмгэг үүснэ.
• Хадварын бус шалтгаант цистит нь цитостатик, туяа эмчилгээний үед үүсдэг.
Цистит үүсэхэд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлүүд байдаг. Үүнд:
А. Гадаад хүчин зүйл
- Орчны тааламжгүй нөлөө: хүйтэн чийгтэй нөхцөлд ажиллагсад,
- Шээс бэлгийн замын эмгэгийн оношилгоо, эмчилгээний ажилбар хийх явцад үүсэх: давсагт бургуй тавих, давсаг дурандах,
- Эмийг ялангуяа антибиотик эмчийн зааваргүй замбараагүй хэрэглэх .
Б. Дотоод хүчин зүйл
- Бөөр шээсний замын гаж хөгжил,
- Бөөр шээсний замын үрэвсэлт бус эмгэгүүд: кистоз, хавдар, чулуу,
- Биед байгаа архаг голомтод үрэвслүүд: дунд чихний үрэвсэл (отит), гүйлсэн булчирхайн үрэвсэл (тонзиллит), олон толгойт хатиг (арбункул), шүд цоорох /кариес/,
- Биеийн ерөнхий эсэргүүцэл, дархлаа сулрах зэрэг нөлөөлдөг.
Цистит нь ямар ч насны хүмүүст тохиолддог боловч ихэвчлэн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолдоно.
Эмэгтэйчүүдэд цистит өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд:
• жирэмслэлт, төрөлт,
• бэлэг эрхтний үрэвсэлт эмгэгүүд,
• өтгөн хатах зэргээс болно.
Эрэгтэй хүмүүст цистит харьцангуй цөөн тохиолддог ба өвчин үүсэхэд:
• түрүү булчирхайн үрэвсэл, хавдар,
• бэлэг эрхтний бусад өвчнүүд нөлөөлнө.
Эмнэлзүй
Давсагны үрэвсэл цочмог эхэлж аажим явцтай болдог. Өвчтөн шээсний сүв орчимд загатнаж хорсох, давсаг дээгүүр шахирч өвдөнө, шээс бага багаар заримдаа бүр дусагнаж гарна, шээсний сүвээр хүчтэй хорсож өвдөнө, шээсний дараа дахин дүлүүлж шээмээр санагдана гэж зовиулдаг.
• Хүндэрсэн үед өндөр халуурна,
• шээс булингартай, цустай болно,
• давсаг орчимд эмзэглэлтэй байна.
Шинжилгээ
Шээсний ерөнхий шинжилгээнд: булингартай, бага зэрэг уурагтай, улаан, цагаан эс ихтэй, нян илэрнэ.
Эмчилгээ
Эмчилгээг эмчийн зааврын дагуу хийх шаардлагатай. Ихэнх тохиолдолд өвчтнүүд өөрөө өөрсдийгөө эмчилдэг учир энэ нь болохгүй гэдгийг өвчтөнд зөвлөнө. Хурц циститын үед хэвтрийн дэглэм баримтлана. Давсаг орчимд бүлээн жин тавих, хэсэг газрын эмчилгээ хийхэд өвчин намдахгүй бол өвчин намдаах ( анальгин, диклоденк) агчил тавиулах (ношпа) эмийн эмчилгээ хийнэ. Энэ үед давсаг угаах, халуун ууранд суухыг хориглоно. Хурц үед УВЧ, индуктотерми, ионофорез, электрофорез эмчилгээ үр дүнтэй. Эмгэг жамын эмчилгээнд антибиотик болон уросептик эмүүдийг (сульфаниламид, нитрофураны бүлгийн эмүүд г.м) дунджаар 6-14 хоног хэрэглэж эмийн эмчилгээг ургамал эмчилгээгээр 2-3 долоо хоног үргэлжлүүлнэ. Архаг циститийн сэдрэлийн үед шээсний бактериологийн шинжилгээ хийж үүсгэгчийг тодорхойлон, мэдрэг антибиотикийг дангаар нь буюу тухайн өвчний явц, хүндрэл, хавсарсан эмгэгээс шалтгаалан уросептик эмтэй хавсран хэрэглэнэ.
Асаргаа сувилгаа
Дэглэм: Өрөө тасалгаа нь дулаан, саруул, орныхон урьд талд зөөлөн дулаан дэвсгэр дэвсэнэ. Даарч хөрөхгүй байх шаардлагатай. Хөвөн даавуун материаллаар хийгдсэн сул загвартай дотуур хувцас өмсөнө. Дулаан хувцас, оймс, зөөлөн ултай гутал, чийг даадаггүй гутал өмсөнө.
Хоол: Жимс, ногооны шүүс их хэмжээгээр ууж, шинэ жимс идэх нь сайн нөлөөтэй. Давсагны хананд цочроох нөлөө үзүүлдэг хийжүүлсэн ундаа, эрдэсжүүлсэн цэвэр ус, архи, спиртийн төрлийн бүтээгдэхүүн, хоол амтлагч халуун ногоо, утаж даршилсан зүйлээс татгалзана. Шингэнийг ихээр ууна: хоногт дунджаар 6-8 аяга шингэн ууна.
Сувилгааны онош,үйл ажиллагааны төлөвлөлт:
Өвдөлт
• Давсаг орчимд бүлээн жин тавих
• Өвдөлтийг намдаахын тулд гялгар булчинг сулруулах үйлчилгээтэй ношпа, магнизм сульфат зэрэг эм хэрэглэх
• Төөнүүр эмчилгээ хийх
Халдварын эрсдэл
• Давсагийг дунджаар 3 цагийн зайтай суллана,
• хувийн ариун цэврийг сайн сахиулах, шүрүүр усанд орох, дотуур хувцсыг байнга цэвэр байлгах,
• хүндээр бие зассаны дараа анусыг урдаас хойш нь арчихыг зөвлөх,
• бие зассаны дараа шээсний сүв, анусын эргэн тойрныг угааж цэвэрлэж байх
• өдөрт 8-10 аяга шингэн уух ,
• цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүд эстроген гормоны дутагдалтай холбоотойгоор шээсний замын халдварт өртөмтгий байдаг тул эстроген агуулсан тосыг шээсний сүвний эргэн тойронд үтрээний дотор талаар 2 долоо хоногийн турш орой бүр түрхэх ба 1-2 сар завсарлаад дахин түрхэх
Урьдчилан сэргийлэлт
Циститээс урьдчилан сэргийлэхэд хувийн ариун цэврийг сайн сахиж өтгөн хаталт болон эмэгтэйчүүдийн эмгэгийг эрт оношилж, эмчлэх, бэлгийн замын халдварт өвчнүүдээс сэргийлнэ. Халдварын голомт, шээс дамжуулах замын саадыг эрт илрүүлж эмчилнэ. Биеийн эсэргүүцлийг сайжруулах зорилгооор А, Е, С, В бүлгийн витаминууд болон төмөр, цинк, магни, марганец, иод агуулсан бэлдмэл болон нэмэгдэл хоол бүтээгдэхүүнийг хүйтэн сэрүүний улиралд хэрэглэх нь чухал ач холбогдолтой.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.