Г.Лхаахүү: Бидний бичсэн “Цагаан толгой”-г нэрийг нь өөрчлөөд л сурах бичиг болгосон. Зарим зүйлийг нь бүр дордуулчихсан

Twitter Print
2020 оны 01-р сар 10-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

“Цагаан толгой”-н хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн МУБИС-ийн хүндэт профессор, Ардын багш Г.Лхаахүүтэй ярилцлаа.

-Та долоон ахтай айлын ганц охин нь, аав тань түвд, монгол хэл бичигтэй эрдэм номтой хүн байсан гэж дуулсан. Ганц охин нь болохоор таныг эрдэм номтой болгохыг зорьсон гэсэн. Бага насны тань дурсамжаас яриагаа эхлэх үү?

-Тийм ээ. Би долоон ахтай, найман хүүхэдтэй айлын хамгийн отгон нь. Олон ах нарын дунд өссөн болохоор эршүүд, хэнэггүй, эмэгтэй хүний нарийн нандин зангүй гэмээр ч юм уу хүмүүжсэн л дээ. Аав минь намайг жаахан байхад бурхан болчихсон. Ээж ганц охиноо эрдэм номтой хүн болгох юмсан гээд “Аль ч төрд ном л хэрэгтэй шүү. Миний охин ном л сураарай” хэмээн захидаг байсан. Ээжийнхээ сэтгэлд хүртэл ном сурсан ч юм уу, үгүй ч юм уу. Нэг удаа “За аштай юу даа. Охин минь овоо ном эрдэм сурлаа. Миний охин номоо сайн хичээж яваарай” гэж хэлсэн. Ээж минь өөрөө номтой айлын хүүхэд. Оюунлаг,*гэгээлэг гэр бүлд өссөн хүн л дээ. Би ээжийнхээ нэлээд оройтсон үед гарсан хэнз хүүхэд. Ах нар бүгд эрийн цээнд хүрээд амьдрал ахуйгаа хөөгөөд явчихсан. Би голдуу ээжтэйгээ л цуг байдаг. 86 насыг зооглоод ээж минь бурхны орондоо заларсан даа.

-Багш болох хүсэл хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Бага сургуульд байхаасаа л багш нарыгаа харж дуурайж, эрдэмд шамдаж эхэлсэн. Тэгж явсаар байгаад л багш болсон. Сүүлдээ гавьяат, ардын багш боллоо.

-Аав тань яг юу хийдэг хүн байв. Эрдэм номтой хүн байсан гэсэн шүү дээ?

-Манай аав ер нь малчин хүн л дээ. Монгол бичиг, түвд үсэг мэддэг, ардын засгийн үед сүүн тасгийн завод гэж байсан. Тэнд ажиллаад сүү саалийг нь аваад улсад тушаадаг, заводын эрхлэгч хийдэг байв. Мөн хошуу тамгынхаа газарт тал бичээч хийнэ. Малаа маллана, зав зайгаар нь ан гөрөө хийдэг. Тийм л хүн байсан. Аавд минь ном судар их байдаг. Надад тэрхүү ном судрууд нь өвлөгдөж үлдсэн. Тэр үед үнсэн самбар гэж байсан даа. Аавын минь үнсэн самбар гэж их том шоголтой номны шогол шиг 7-8 хуудастай.

Тэр самбар нь бас надад үлдсэн юм. Би түүнийг нь өөрийнхөө багш мэргэжилтэй охинд өвлүүлээд өгчихсөн. Охин минь ном зохиол оролддог. Уг нь бол сүлжмэлийн инженер хүн. Одоо МУБИС-ийн Дүрслэх урлаг, дизайны сургуулийн захирал. Охин бас номонд их дуртай. Чөлөө заваараа ном зохиол оролддог болохоор нь охиндоо өвлүүлсэн.

-Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Ханийг минь Н.Бэрс гэдэг. Худалдааны гавьяат ажилтан. Насаараа төрд зүтгэсэн. Бид хоёр хүү, дөрвөн охинтой. Ач зээ нийлээд хориод болсон. Гуч нар минь арваад болж. Хүүхдүүд минь багш, дипломатч, эдийн засагч гээд улс нийгэмдээ өөрсдийн хүчээ өргөөд л явж байна. Манай хүүхдүүд бүгд 2-3 хэлтэй. Би хүүхдүүдтэйгээ сайн ажилладаг байсан л даа. Одоо бүгд л дээд боловсрол эзэмшсэн. Ач, гуч нар маань ч боловсрол caйтaй өсөж байна.

-Багш болсон түүхээсээ хуваалцаач. Долдугаар ангиа төгсөөд багш болсон гэсэн үү?

-Би долдугаар ангиа төгсөөд л багшаар ажилласан. Гэхдээ Улаанбаатар хотын Багшийн сургуульд нэг жил сурсан. Нэг жил сураад бие жаахан тааруу очсон чинь ээж минь явуулаагүй. “Бие чинь муу байна. Хотод агаар нь таарахгүй байгаа байх” гээд явуулаагүй. Тэгээд нутагтаа багшилсан. Дараа нь 1979 онд Багшийн техникум төгсөөд, дахиад Багшийн их сургуулийг онц дүнтэй төгссөн. Ерөнхий боловсролын сургуульд 20-иод жил, МУБИС-д бас хорь гаруй жил багшилжээ. Одоо ч гэсэн зөвлөх багшаар ном сурах бичгээ хийгээд л явж байна. 

-Таныг залуу багш байхад Соёлын довтолгоо ид өрнөж, багш нарыг их дайчилсан гэсэн. Тэр үеийн дурсамжаасаа ярихгүй юу?

-Соёлын довтолгоо 1950-1960 хэдэн он хүртэл үргэлжилсэн юм. Төр засгийн бодлогоор ард түмнийг соёлжуулах, гэгээрүүлэх, бичиг үсэгтэн болгох зорилготой үйл ажиллагаа байсан юм. Би тэр үед дөнгөж 16 настай. Багшлаад удаагүй. Зуны амралтаараа сүүн тасгийн заводын саальчин бүсгүйчүүдэд бичиг үсэг заадаг байлаа. Хүмүүст бичиг үсэг заагаад, сурсан хүнд нь бичиг үсэгтэн боллоо гээд үнэмлэх тараана. Дараа нь аймгийн төвд орж ажиллах хугацаандаа гэр бүл зохиож, үр хүүхэдтэй ч болсон. Тэр үед албан байгууллагын ажилчдад оройн цагаар хичээл заана. Тэгж бичиг үсэгтэн болгодог байсан юм.

-Том хүнд бичиг үсэг заах, хүүхдэд заах ялгаатай юу?

-Том хүнд хичээл заах их ялгаатай, сонирхолтой. Бичиг үсэг юу ч мэдэхгүй хүнд зааж егөөд явуулна. Бичиг үсгээ нүдлээд тогтоогоод ирээрэй гэхээр маргааш нь ирээд надад шалгуулна. Би чинь 18-19-тэй жаахан охин байсан болохоор нөгөөдүүлээ шоолно, шоглоно. Том хүмүүс их идэвхтэй сурна. Нүдэлж, тогтоо гэсэн зүйлийг тэр дор нь тогтооно. Маш идэвхтэй сурдаг байсан шүү. Энэ бол манай засаг төрөөс явуулсан монголчуудыг бичиг үсэгтэй болгох ажлыг олон арга барилаар явуулж байсны нэг илрэл нь юм даа гэж боддог.

-“Цагаан толгой”-той хэзээнээс холбогдож эхлэв?

-1982 оноос сурах бичигтэй холбогдож эхэлсэн. Миний багш Б.Цэвэгжав гэж 1941 онд анх кирилл үсгийг авахад Ц.Дамдинсүрэн гуайтай хамт кирилл бичгийн сурах бичгийг зохиож явсан хүн. Анхны “Цагаан толгой”-г бол багш минь бичсэн. Тэгээд Б.Цэвэгжав багш 1982 онд намайг сурах бичгийнхээ авторт аваад морьтой “Цагаан толгой”-г бид бичээд гурван удаагийн хэвлэл гаргасан. Нэгдүгээр хэвлэл, хоёрдугаар хэвлэл, гуравдугаар хэвлэл гээд.

Эхний хэвлэлээ үзээд дараагийн хэвлэлд нь ямар алдаа байна түүнийгээ засаад, юу шинээр оруулах вэ, юуг нь сайжруулах вэ гэж сайжруулж явсаар гурван хэвлэл гарсан юм. Тэр “Цагаан толгой”-н одоогийнхоос ялгаатай тал нь монгол ахуйг их шингээсэн, монгол зан заншлыг харуулсан сурах бичиг. Ямар сайндаа л хөдөө талд моринд сундлаад явж байгаа хоёр сурагчийн зурагтай хавтастай. Одоо харахад гоё юм байна. Одооны сурах бичгийг гоё, сайхан болгох гээд янз бүрийн хавтас хийгээд л байна. Тэр бол хамгийн сайхан хавтас байж гэж одоо бодогддог.

-Тэр цагаан толгойг одооны сурах бичигтэй харьцуулахад ялгаатай тал нь юу вэ?

-Тэр үед иж бүрэн гаргадаг байсан. Сурах бичгээ бичнэ. Энэ сурах бичгээр яаж заах вэ гэдэг аргаа бичнэ. Аргыг нь сэтгүүлээр дамжуулж бичдэг. “Багш", “Сурган хүмүүжүүлэх” гэдэг хоёр сэтгүүл гардаг байсан. Тэр хоёр сэтгүүлээр дамжуулаад энэ сурах бичгийг ингэж ашиглана, тэр зургийг ингэж яриулна, энэ үгийг ингэж уншуулна гэх мэтээр заавар зөвлөгөөг нь заавал өгдөг. Тэгээд бүх багш нарыг аймаг аймгаар нь бүсчлээд.очиж бүх хичээлийн заах аргыг заадаг. Хоёрдугаарт, багшийн хэрэглэх үзүүлэнг нь тэр чигт нь хийж өгнө. Номыг нь уншуулчихаад энэ үзүүлэнг үзүүлж бататгана гээд том цаасан дээр хийсэн хэвлэмэл үзүүлэнгүүд тараана. Авиагаа таниулахдаа энэ зургийг ашиглаж таниулна гэж заадаг байсан. Тэр нь багш нарт яаж заах аргаа олоход нь хэрэгтэй байдаг байж. Багш нарын ажлыг их хөнгөвчилж өгдөг байж. Багш нарт хүүхэдтэй ажиллах цагийг нь гаргаж өгдөг байж гэж одоо бодогддог.

-6, 7, 8 настай хүүхдүүдийн “Цагаан толгой”-г бичихэд бүгдэд нь гар бие оролцож явсан. Тэгэхээр 6, 7, 8 настай хүүхдийн сурах чадварын ялгаа хэр байдаг вэ?

-Намайг анх “Цагаан толгой”-г зохиож байхад дандаа найман настай хүүхдүуд нэгдүгээр ангид ордог байсан. Ганц нэгхэн ес, долоон настай хүүхдүүд орно. Найман настай хүүхдийг сургуульд ороход нийгмийн хөгжлөөсөө шалтгаалаад одоогийн зарим нэг долоон настай хүүхдээсээ бүрэг байх тохиолдол байсан. Гэхдээ оюун ухааны хөгжил сайн төлөвшсөн. Тодорхой хэмжээгээр юмыг хүлээж авах оюун ухаан нь бэлтгэгдчихсэн. Тэвчээр, анхаарал төвлөрөлт, юм сурах чадвар нь бага цагт их юм сурах чадвартай байдаг. Хүүхдийн хөгжлийнхөө онцлогоос шалтгаалаад. Тэгээд найман настай хүүхэд сургуульд орохоо болиод долоон настай хүүхдүүд орох болсон.

Долоон настай хүүхдүүдийн сурах бичгийг Багшийн сургуулийн хэдэн багш, Наранцэцэг гээд манай сургуулийн бас нэг багш, арван жилийн хэдэн багш нарын хамт бичсэн. Тэр үед нийгмийн хөгжил ч бас арай давшингуй болсон. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ажиллах арга барил, мэдлэг чадварын хувьд сайн байсан. Хүүхдийн юмыг тогтоох чадвар сайн байсан ч анхаарал нь найман настай хүүхдийг бодвол сул. Маш богино хугацаанд гол зүйлээ өгөх шаардлага багш нарт тулгарсан л даа. Нэг насны зөрүү гэдэг маш их ялгаатай. Зургаан настай хүүхдийн хувьд тогтоох чадвар, анхаарал төвлөрөх, анхаарлаа шилжүүлэх, анхаарлаа хуваарилах гээд сэтгэл зүйн нарийн юмнууд бий. Тэр чадварууддаа 6, 7 настай хүүхэд нэлээд хөнгөн. Найман настай хүүхэд нь арай удаан, өөрийгөө бариад сууж чаддаг. Ийм ялгаанууд гарсан.

Тэгээд 6, 7, 8 настай хүүхдийн сурах бичгүүд дундаас долоон настнуудад зориулсан сурах бичгээр 16 сургуульд туршилт хийсэн юм. Туршилт хийхэд “Үүнийг жаахан хөнгөвчлөөд зургаан настай хүүхдэд сургаж болох сурах бичиг байна” гэсэн дүгнэлт гарсан. Тэр үед Боловсролын яамнаас тендер зарласан. Уралдаант дүрмээр зохиохгүй бол сайн сурах бичиг бичих хүмүүс ард үлдэж магадгүй гэж бодсон байх. Тэр зөв л дөө. Бид тендерт ороод манай ном бусдаасаа нэлээд хол давуу түрүүлсэн. Тэгээд манай номыг зургаан настай хүүхдүүдэд хэрэглэсэн. Номыг маань нэг жил туршаад болох юм байна гэж зөвшөөрөөд хэрэглэж эхэлсэн л дээ. Гэхдээ одоо бол хэрэглэхгүй байгаа. Яагаад гэвэл олон тендерт орсон бол хоёрдугаар байрт орсон сурах бичиг явна гээд хассан. Тэр нь ч яваагүй.

Тэгээд одоо бүр огт тендергүй болгоод хувь хүмүүс зохиогоод автор болоод явчихсан. Тэр бол байж болох асуудал л даа. Гэхдээ бидний хийсэн зүйлийг ер шинэчлээгүй. Сурах бичигт агуулга, арга зүй, дизайн, хэрэглэгдэхүүн, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулах гээд олон зүйл байна шүү дээ. Энэ бүгдийг харгалзаж үзээд бидний цагаан толгойгоос өөр цоо шинэ сурах бичиг гаргасан бол болно. Гэтэл тийм биш. Бидний л зохиосон зүйлийг нэрийг нь өөрчлөөд л үндсэндээ гаргаад байна. Бараг хэвээрээ шахуу. Зарим зүйлийг нь бүр дордуулчихсан.

-Зургаан настай хүүхдүүд эрдмийн баяраа хавар хийдэг болж. Долоо, найман настай хүүхдүүд шинэ жилтэйгээ цуг хийдэг байсан шүү дээ. Энэ нь хүүхдийн хүлээж авах чадвартай холбоотой юу? 

-Эрдэм шинжилгээний ажилчид зургаан настай хүүхдийг ядраахгүйгээр аажуу үзэх гэсэн бодлого баримталж байгаа юм шиг байна лээ. Гэхдээ зургаан настай хүүхдийг туршилтаар хагас жилд уншуулж бичүүлээд сургаж болж байсан. Манайх гадныхныг дуурайгаад байна уу даа. Монголд хийж байгаа бол монгол хүүхдийнхээ сэтгэлгээ, монгол ёс заншил, монгол хүүхдийн сурах арга барил гээд бүх зүйлтэй нь холбогдох ёстой юм. Гэтэл манайхан гадныхныг дуурайгаад “Өө тэнд бүтэн жил үздэг юм байна. Манайх түргэсээд байна, тэнд тэгж заадаг, энд ингэдэг гэсэн хандлага яваад байна уу даа л гэж би боддог. Хавар болтол үзэж болно.

Болохдоо нэг дутагдал байгаад байна. Ямар дутагдал гэхээр хүүхдүүд Цагаан толгойг үзсэний дараа Унших бичиг гэж ном ордог байсан. 65-хан цагийн хичээл үздэг. Тэр 65 цагт Цагаан толгойд үзсэн зүйлээ бодит болгох, амьдралд хэрэглэх, амных нь ээдрээг гаргах хэмжээний болгоод егдөг байхгүй юу. Ном унших дуртай болгоно. Цагаан толгойн үед хүүхдэд хэцүү шүү дээ. Тогтоохгүй, нүдлэхгүй, ядарна гээд янз бүр болдог. Цагаан толгойг дуусгаад унших бичиг рүү ороход тэр бэрхшээлүүдийг арилгадаг сайн талтай. Одоо тэр нь байхгүй болчихсон. Монгол хэл, Цагаан толгой, Унших бичиг нийлээд нэг болчихсон чинь хүүхдийн унших чадварт их муу нөлөөлж байна гэж судалгаагаар гарсан.

-Сургуульд орох гэж байгаа хүүхдээ эцэг эхчүүд яаж бэлтгэх ёстой вэ?

-Сургуульд орох гэж байгаа хүүхдээ ээж, аав, багш аль аль нь сэтгэл зүйгээр нь л сайн бэлтгэ. Харааны ой тогтоох ажил хийлгэ. Хараад юуг ч байсан тогтоодог. Дүрс хэлбэр, өнгө гээд бүхнийг тогтоолго. Байшин, гэр, шатар, бөмбөг, өндөр нам, өргөн нарийн, том жижиг ямар хэлбэртэй вэ гээд харааны ойтой сайн ажиллах. Хэлбэр дүрс нүдэлчихсэн хүүхэд үсэг сайн нүдэлдэг. Хоёрдугаарт, хүүхдийн хэлний ээдрээг арилгах. Монголчууд салиаг нь арилгах гэж ярьдаг. Хэлний ээдрээг гаргах зүйр цэцэн үг, хэлц үг, түргэн хэллэг, дайралцаа үг сайн хэлүүлэх. Хэл нь зүгширсэн хүүхэд уншихад амархан болдог. Гуравдугаарт, хүүхдийн сонсголыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Машин гэхэд дотроо янз бүрийн дуутай.

Машин бүрээр нь ялгаж сонсож таниулах, байгальд байгаа амьтдын дууг ялгаж сургах чухал. Ишиг, ямаа хоёрын дуугарах ялгааг хүртэл ойлгуулахад хүүхэд маш эергээр нөлөөлнө. Эх мал нэг өөр дуутай. Төл мал өөр дуутай. Тэр ялгааг мэдрүүлэх хэрэгтэй. Тэр чинь чих онгойлгож өгдөг байхгүй юу. Янз бүрийн чимээг ялгаж сурсан хүүхдийн авианы сонсгол нь сайн байдаг. Гадаад хэл сурахад хүүхдийн чих гурван сарын дотор онгойдог гэж би уншсан. Жишээ ярихад, монгол хүүхэд францад очоод эхэндээ юу ч ойлгодоггүй байж. Гурван сарын дараа нэг өдөр гэртээ ирээд ээж аавдаа “Манай багш өнөөдөр монголоор ярьсан” гэж хэлжээ. Ээж аав нь гайхаад “Ямар үг хэлсэн юм бэ миний хүү” гээд асуусан чинь өөдөөс нь франц үг хэлсэн гэж байгаа.

Тэгэхээр хүүхэд ойлгоод ирэхээр чих онгойгоод монгол үг гэж ойлгосон байна. Хүүхдийн чих тэгж онгойдог байх нь. Чих онгойлгох зүйлүүдийг хүүхдэдээ сайн хийлгэ. Бэлтгэл гэж зүйлийг хийлгэхгүйгээр хүүхдэд шууд заагаад байхаар хүнд тусна. Албадлагагүйгээр хүүхэд маш сайн сурдаг. Ширээний ард суулгачихаад л унш гээд байхаар хүүхэд сурахгүй шүү дээ. Гэхдээ ангийн системийг муу гэж байгаа юм биш. Бэлтгэл хийлгээгүйгээс л хүүхэд уншиж сурахад хэцүү байгаа юм. Хамгийн гол нь сэтгэл зүйгээр нь сайн бэлтгэх хэрэгтэй. Энэ хэлээд байгаа зүйлүүд нэг талаар хүүхдийн сэтгэл зүйг л бэлтгээд байгаа хэрэг.

С.Отгонбаяр 

Өдрийн сонин 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.