Н.Алтанхуягийн эсрэг Х.Баттулгын бүлэглэл

Twitter Print
2014 оны 05-р сар 06-нд 19:00 цагт
Мэдээний зураг,

Эрх баригч АН-ын дотоод хямрал, эрх мэдлийн төлөөх далд дайн тун хурцдаж байгаа нь сүүлийн өдрүүдийн үйл явдлаас олон нийтэд тодорхой харагдаж эхэллээ. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга өөрийн хүсэлтээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаасаа чөлөөгдөх хүсэлтээ гаргасан. “Женко” Х.Баттулгын хувьд хэзээнээсээ АН-даа хамгийн хүчирхэг “Алтангадас” фракцын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай түнжин муутай, нэг ёсондоо гар нийлдэггүй нь 2012 онд хамтарсан Засгийн газарт нэг нь Тэргүүн шадар сайд, нөгөөх нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхаас нь олонд тодорхой болсон билээ. Тухайн үед Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг гарч урагшаа, зүүн тийшээ чиглэсэн төмөр замын бодлого үндсэндээ тодорхой болсон ч Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын хоорондын зөрчил, ашиг сонирхлын зөрүүгээс шалтгаалан ганц км төмөр зам тавьж чадалгүй тэр ажил гацсан түүхтэй.

Тухайн үед “Женко” Х.Баттулга “Н.Алтанхуяг бүтээн байгуулалтын ажлыг санаатайгаар гацааж байна. Хамтарсан Засгийн газраас Н.Алтанхуягийг хөөж явуулах ёстой” хэмээн өөрийнхөө харьяанд байдаг бүх л мэдээллийн хэрэгслээр хангалттай сөрөг сурталчилгаа хийж байсан. Тэр үед түүнийг өнөөдрийн УИХ дарга З.Энхболд ил, далд дэмждэг байсан бол өнөөдөр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг эсэргүүцэх аянд энэ хоёр улстөрч нууж хаах юмгүй нэгдэцгээжээ. “Женко” Х.Баттулгыг ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсний дараахнаас "Шинэ сум" төслийн тухай захиалгат нэвтрүүлэг нь бүх л телевизүүдээр цацагдаж эхэлсэн нь тохиолдлын хэрэг биш.

Тэдгээр нэвтрүүлгийн үндсэн агуулга нь Женкогийн санаачилсан бүтээн байгуулалтын ажлыг Н.Алтанхуяг хийлгэхгүй гацааж байна гэсэн ойлголтыг үзэгчдэд өгөх зорилготой гэдэг нь хэнбугайд  ч тодорхой харагдсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэс АН-д Х.Баттулга тэргүүтэй "эсэргүү дөрөв" бий болсон бол одоо энэ тоо тав болж З.Энхболд гэдэг хүчирхэг нэгэн дэмжигчтэй болоод байна.  

Олны дунд “дараагийн Ерөнхийлөгч” гэж харагдаж эхэлсэн УИХ-ын дарга З.Энхболд Х.Баттулгын чөлөөлөгдөх өргөдлөө өргөн мэдүүлсэнтэй давхцан телевиз өгсөн ярилцлага нь үндсэндээ Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын эсрэг чиглэсэн гэж дүгнэж болохуйц өнгө аястай байсан. Алдаа, оноотой ч энэ Засгийн газрын өнгийг хамгийн гайгүй тодорхойлж яваа Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн эсрэг УИХ-ын дарга З.Энхболд тун ч хатуу бодолтой яваа нь цаад утгаараа АН-ын фрац хоорондын далд тэмцэл туйлдаа хүрч, дараагийн Ерөнхий сайдыг тодруулах марафон хүчээ авч байгаагийн нотолгоо болов.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Давхар дээл тайлах” тухай УИХ-ын чуулганы эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд "эсэргүү"-гийн тоонд албан ёсоор нэгдсэнээ илэрхийлж, "Давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг дэмжиж, саналаа өгсөн нь ч үүнийг давхар илчилсэн юм.
Хамгийн сонирхолтой нь АН-ын тав дахь эсэргүүнээр тодорсон  өдрийнхөө орой нь  З.Энхболд дарга телевизээр өгсөн ярилцлагадаа Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан агуулгатай зүйл олныг өгүүлснээр Женко Х.Баттулгыг дэмжиж байгаа гэдгээ шулуухан илэрхийлсэн юм.
Товчхондоо  Х.Баттулга, З.Энхболд нар хүч хавсраад эхэллээ. Магадгүй тэднийг АН-ын эсэргүү гишүүдээс эхлээд АН-д алгуурхан хүчээ авч буй МоАХ фракц тэр аяараа дэмжих нь ойлгомжтой. Хэдийгээр "Давхар дээлийг тайлах" хууль унасан ч Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах өөр хувилбарууд чухам энэ л өдрүүдэд тун нууцлаг байдлаар өдөөн турхиралдаж   байгаа талаар эх сурвалжууд өгүүлж байгаа.

УИХ дахь МАН-ын Бүлгийн “төмөр хоолой” Ц.Нямдорж “Женко”Х.Баттулгын талаар “Хувийн дуусашгүй шунал, өчүүхэн атаархлаар улсын ажлыг хорлож, С.Баяр, Сү.Батболд нарын толгойлсон засгийг дөрвөн жил ажил хийлгээгүй. Одоо ч Н.Алтанхуягийн засагт тээг болоод л явж байна. Х.Баттулга ҮХАА-н яамнаас гадна Зам тээврийн яамыг удирдаж байгаа. Төмөр замын асуудлаар А.Гансүх Х.Баттулгын амнаас зөрж ганц шийдвэр гаргана гэж байхгүй. Засгаас ганц ч төгрөг авалгүйгээр төмөр зам барьчих боломж байсан. Төмөр замыг хоёр жилийн дотор барьчихна гэж амлалт өгсөн хүн нь одоо төрийн ажлыг хорлоод байхад энэ хүнийг цаашид байлгаад байх юм уу. Х.Баттулга жишээ нь ямар үнэтэй хүн бэ. Төмөр замаар ямар луйвар, будлиан хийгдсэнийг нэг бүрчлэн мэднэ. Хэнд ч хэрэггүй далан шороо ухаад 50 тэрбум төгрөгийг шороонд булсан. Энэ бол хариуцлагагүй үйл ажиллагаа бус цэвэр хорлон сүйтгэх үйл ажиллагаа.  Би Х.Баттулгад дургүйдээ ингэж ярьж байгаа юм биш. Улстөрчийнх нь өнцгөөс харахад түүн шиг сонирхолтой этгээд байхгүй, олигтойхон ярьж ч чадахгүй” гэж дүгнэсэн. Харин тэр сонирхолтой нөхөр өнөөдөр дахин нэг Засгийн газраар нэлээн нухацтай оролдохоор ханцуй дотроо төлөвлөгөө боловсруулж сууна. Тэр төлөвлөгөө нь Монгол Улсад аль хэр хохиролтой хийгээд хожоотой болохыг цаг хугацаа л харуулах нь дамжиггүй. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.