ОХУ-ын Төрийн Дум “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г соёрхон баталлаа

Twitter Print
2020 оны 06-р сар 24-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 14:05 цагт “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г батлах тухай холбооны хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон баталжээ. 

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын хуралдаанд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г батлах тухай холбооны хуулийн төслийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч, Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, Төрийн Думын Олон улсын хорооны санал, дүгнэлтийг тус хорооны дарга Л.Э.Слуцкий нар тус тус танилцуулав. Холбооны хуулийн төслийг соёрхон батлах асуудлаар санал хурааж, хуралдаанд 351 гишүүн оролцож, 100.0 хувийн саналаар баталсан байна. 

Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг энэ оны 6 дугаар сарын 8-ны өдөр гаргаад байв. Монгол Улсын Их Хурал дээрх гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, соёрхон батлах тухай хуулийг баталсан бөгөөд хоёр тал батламж жуух бичиг солилцсон өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.

Дээрх гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Гэрээний дагуу талууд иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хооронд тогтоосон уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбар, чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцлийг бүрдүүлэхээр тохиролцсон юм.

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.