Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга

Twitter Print
2020 оны 10-р сар 29-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Уг нь "манайхаас өөр оронд" /миний брэнд үг/ санхүүгийн боловсролыг сургуульд орсон цагаас нь нас насанд нь тааруулаад заадаг, санхүүгийн соёл гэж чухал юм бий. Улсын эдийн засаг хувь хүний эдийн засгаас хамаардаг болохоор тэр л дээ. Гэтэл бид өнөөдөр мөнгөгүйдээ биш, мөнгө олж чадахгүй байгаадаа биш, мөнгөө хэрэглэж үрж чадахгүйдээ улсаараа эдийн засгийн асуудалтай байна.

1. Онц шаардлагагүй зүйлд үрдэг.

Төвд байртай, төвд ажилтай 30 минут дотор алхчих газар эсвэл автобусны шугам дагуу 5 буудал зайнд машин авах гэж зээл тавьж, замын түгжрэлд нэмэрлэж, бухимдаж суудаг. Хүүхэд зөөдөггүй, хотоос байнга орж гардаггүй бол машин авах шаардлага байхгүй. Тэгээд ч машины үнэ худалдан авсан мөчөөс унаж эхэлдэг. Ганц бие хүмүүст бүр хэрэггүй хөрөнгө оруулалт.

2. Цалингын зээл маш их авдаг.

Миний найзууд дотор цалингийн зээл аваад пүүз авсан хүн байна. Цалингийн зээлийг хамгийн хэрэггүй зүйлсэд эсвэл ахуйн хэрэглээнд зээлдэг. Зарим нь талх шарагч авах, ханын обой солих жишээний. Гэтэл ирээдүйгээсээ одоо авч хэрэглэсэнээр өрөө төлөх гэж, маш бага цалингаар ажиллах нь хүнийг ажиллах сонирхолгүй, аз жаргалгүй болгож, авсан эд хогшил, гутал хувцас улам элэгдэн харамсал төрүүлдэг. Хэрэгцээний зээл бүү ав. 

3. Мөнгийг үржүүлэх гэж бус устгах гэж үрдэг.

250 мянгаар сургалтанд сууж чадахгүй хэрнээ 500 мянгын цүнх төрөл төрлөөр нь цуглуулдаг. Баярхах гэж эсвэл баян харагдах гэж мөнгөө үрдэг. Зарим нь түрээсийн байранд амьдардаг байж брэндийн хувцсаар гангарч, үнэтэй машин унаж, бусдад яаж харагдахдаа ач холбогдол өгдөг. Гэтэл жинхэнэ баян хүмүүс маш энгийн амьдарч, цэвэрхэн хувцаслаж, зөв зүйлд хандив өргөн, ашиг олох, хэрэг болох зүйлд хөрөнгө оруулдаг. 10000 төгрөгөөр ч хөрөнгө оруулж болно.

Өөртөө илтгэх урлагын ном авахад эргээд 100 нугарна. Хамаатны сурлага сайтай хүүхэд гадагшаа явахад 100 доллар аваад өгөхөд тэр хүүхэд шууд өөрт тань биш юмаа гэхэд эргээд эх орондоо хэрэгтэй юм хийнэ, таны хөрөнгө оруулалт. Гэтэл сарын дараа дахиад гарах шинэ пүүз авлаа гээд ямар ашигтай вэ? Нэг МК цүнхний оронд төсөл хэрэгжүүлэх сургалтанд сууцан бол арай илүү цалинтай гоё албан тушаалд ажиллах ч юм билүү?

Сошиалаар ч, гадуур ч нийгэмд бухимдалтай байгаа хүмүүсийн стресстэх гол шалтгаан нь олсон мөнгө нь хаанаа ч хүрдэггүй болохоор төр засаг юу ч хийхгүй байна, хангалуун амьдарч чадахгүй байна гэсэн гомдол. Гэхдээ бид нарт бас зөндөө асуудал байна. Ядаж сарын цалингаа юу юунд зарцуулдаг? Юм авхаасаа өмнө зайлшгүй шаардлагатай юу? (өвлийн гутал огт байхгүй бол шаардлагатай, бүтэн гутал байгаа бол шаардлагагүй г.м) гэж анализ хийж сурах хэрэгтэй байна. Мөн зээл авахаасаа өмнө зээлэхгүй яаж болгох вэ? 

Шинээр мөнгө олох зөв эх үүсвэр яаж бий болгох вэ? Эргээд яаж төлөх вэ? Ямар ямар гэнэтийн зардал гарж болох вэ? Зээлээ төлж чадахгүйд хүрвэл яах вэ гээд сайн тооцоолох хэрэгтэй. Өчигдөрхөн 10%-ын зээл аваад өрөнд орсон нэг эгч мөнгө зээлээч гээд уйлан ярив. Мөнгө хүүлэгч нар нь дарамтлаад. Уг нь насаараа хийсэн худалдаагаа нэмэгдүүлэх гэж зээл авсан чинь орлого нь санаснаар нэмэгдээгүй юм байх. Хар ухаанаар бодоход л таван жил хийхэд таныг баяжуулаагүй нэг хэвийн бизнес угаасаа зээл аваад "бүүм" хийнэ гэж байхгүй. Хүний өдөр тутмын хэрэглээг худалддаг бол тогтмол орлоготой байх нь тодорхой. Дэлгүүрт их талх ирлээ гээд би 1 талх иддэг бол 1-гээ л авна. 

Тэгэхээр илүү дутуу хөнгөн хүсэл, шунал, хийсвэрлэлээ давж зөвлөгөө авдаг, тооцоолол хийдэг, хэмнэдэг, зөв зарцуулдаг болох хэрэгтэй байна. Ядаж хүний нүдэнд 10 хувцастай харагдлаа, 5 хувцастай харагдлаа ямар ч ялгаагүй гэдгийг л ойлгочих.

Л.Ану-Үжин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.