
Эмэгтэй хүний хатан ухаан гэж юуг хэлээд байнаа гэдэгт амьдралынхаа туршлагаас төрсөн өөрийн бодол болон мөрдлөгө болгож явдаг зүйлсээ, хүүхдүүддээ захиж хэлдэгээсээ хуваалцая.
1. Сонгосон хүнээ шүтэж хүндэлж амьдар.
Чиний л сонголт, хувь тавилан. Эр нөхрөө чи бол энэ хорвоогийн хамгийн бахархам сайхан, хэнээс ч юугаар ч сольшгүй сайн, зоригтой, халамжтай эр хүн, хань, аав, түшиг тулгуур минь гэж бахархаж талархаж магтаж амьдрах хэрэгтэй. Тийм биш ч байсан чи түүнд тэгж итгүүлж чадвал ямар ч эр хүн чамайг сайхан байлгах гээд хамаг чадлаараа зүтгэх байх гэж боддог.
2. Хүлээцтэй, уужуу тайван бай.
Зөөлөн нь хатуугаа иднэ гэдэг дээ. Мэдээж амьдрал юм чинь муудалцах сайдалцах, заримдаа бүүр үзэн ядах, хайргүй ч юм шиг санагдах үе хүртэл гардаг гэхдээ анхнаасаа үнэхээр хайртай болоод суусан бол амьдралын туршид in and out of love болсоор ухаан суусаар улам л их бат хайртай болж энэгшин дассаар бие биенгүйгээр амьдралыг төсөөлөхгүй болдог. Яг л цэцэг шиг асарч тордож, хайрлаж энхрийлж, уучилж өнгөрөөж амьдралаа бүтээж хайраа хамгаалдаг. Нэг нь уурлаж байхад зэрэг уурлаж болохгүй өнгөрөөгөөд хурц үе дуусахаар дараа нь хэлж ярилцаж болно, бичиж өгч болно. Би залуу байхдаа яагаад ч юм нөхрийнхөө өөдөөс эмээгээд ч юм уу хэрэлдэх нь байтугай хэлье гэсэн юмаа зоригтой хэлж зүрхэлдэггүй байсан. Харин сайхан бичээд өгчихдөг байсан. Тэгэхээр харилцан хэрүүл болдоггүй хурц байдалд хүрдэггүй ойлголцдог байсан. Яаж ч муудалцсан сална гэдэг үгийг хэзээ ч хэлдэггүй байх, хараалын доромжилсон үг хэлэхгүй байх, нөхрөө бусадтай харьцуулахгүй байх, эгог нь хөндөхгүй байх, бусдын хажууд дээрэлхэж доош хийхгүй байх, найз нөхөддөө нөхрөө муулахгүй байх, урам зоригийг нь хугалахгүй байх нь их чухал. Хайртай байсан бол бүүр дуусаад алга болохгүй тордож л байх хэрэгтэй болов уу? Долоо хоногтоо гоё дээрээ тавиад нэг удаа нөхөртөйгөө болзох ч юм уу? Дандаа нөхрөөсөө санаачлага хүлээлгүй өөрөө өдөр тутмын амьдралдаа, эр эмийн харилцаандаа ч адил санаачлага гаргаж шинийг эрэлхийлж, судалж, хэрэгжүүлж сонирхолтой байх, өөртөө итгэлтэй байх, дур булаам эмэгтэйлэг байх.
3. Уян хатан бай.
Яаж ч муудсан тэр өдөртөө эвлэрэх хэрэгтэй, бас заавал хамтдаа унтах ёстой. Уурлаад хоёр тийшээ харж унтаад өглөө болоход эвлэрчихсэн босдог.
4. Өсөн дэвжих сэтгэхүйтэй бай.
Эмэгтэй хүмүүс стрессээ сайн гаргаж байх хэрэгтэй; сайн уйлдаг ч юм уу, дуулдаг ч юм уу, гүйдэг ч юм уу, үсчинд ордог юм уу, самар цөмдөг ч юм уу. Бас эдийн засгийн хувьд эмэгтэй хүн мэдэлтэй, тусгаар тогтносон байх хэрэгтэй, хүссэн юмаа толгой мэдээд авчихдаг, хүссэн бэлгээ хүнд өгчихдөг, өөрийн мэдлийн захиран зарцуулах мөнгөтэй байх, тэрийгээ яаж олох вэ гэдгээ өөрөө сайн бодож толгойгоо ажиллуулах, үргэлж сурч боловсорч өөрийгөө хөгжүүлж оюун санаагаа тэлж, ухаалаг байх хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх ном сайн унших.
5. Хувь заяандаа талархаж, бурхандаа залбирч бай.
Босгосон амьдралаа, хань ижлээ, үр хүүхдүүдээ маш их хайрлаж хамгаалж тэдэндээ үргэлж талархаж байх. Би нөхөртөө ийм сайхан амьдруулж байгаад маш их баярлалаа гэж амьдралынхаа туршид үргэлж хэлдэг. Энэ нь эрэгтэй хүнд өөрөөрөө бахархах урам их өгдөг.
6. Эрэгцүүлэн бодож тунгааж бай.
Хүнээс биш өөрөөсөө эхлээд бурууг хайж байх. Хэн нэг нь 100 хувь буруутай гэж бараг байхгүй дээ. Аливаа тохиолдолд аль аль нь л буруутай байдаг.
7. Урам өгч бай.
Хийсэн зүйлсийг нь магтаж баярлаж урамшуулж байх. Манай нөхөр надад туслаж байгаа гээд аяга шанагаа дутуу угаагаад, гэрээ дутуу цэвэрлэчихдэг. Гэсэн ч би баярлалаа гээд л дуугайхан гүйцээгээд л хийчихдэг. Анх сууж байхад бол аягаа ч угаадаггүй, хоолоо ч хийдэггүй, би бүх юмаа хийдэг байсан. Дараа нь аажим аажмаар хийлгэж сургасан.
8. Хайраар тэтгэж хүнлэг бай.
Нөхрийнхөө аав ээж, ах дүүг өөрийнх шигээ хайрлаж, хүндэлж, халамжилж, бэлэг сэлт харамгүй өгч, асарч тэтгэж, анхаарал хандуулж байх. Сайхан алт шиг хүүтэй нь суусан юм чинь эцэг эхийг нь, ах дүүг нь хайрлах халамжлах ёстой гэж боддог. Нөхөр чинь чиний гаргаж байгаа сэтгэлийг хараад чамаар бахархана. Нөхөртөө гэрийнхнийг нь аав ээжийг нь муулж огт болохгүй! Чиний аав ээжийг муулбал муухай санагдана шүү дээ, яг тэрэнтэй адилхан. Хэн ч аав ээжээ сонгож төрдөггүй тиймээс байгаагаар нь л хүлээж авч сурах хэрэгтэй.
9. Өөрийгөө хамгаалж хүчтэй бай.
Хэрэв зоддог нөхөртэй бол асар хурдан арга хэмжээ авч дахин гар сарвайхгүй болтол нь айлгах хэрэгтэй эсвэл салах хэрэгтэй. Хэзээ ч хүчирхийлэлд амьдарч болохгүй. Өөрийнхөө хил хязгаарыг анхнаас нь сайн тогтоох хэрэгтэй. Хүчирхийлэгчтэй таарвал эсрэг арга хэмжээг шуурхай авч, давтагдвал эргэж харалгүй, эргэлзэлгүй шууд зугт. Сонголт нь бидэнд байгаа. Хүний эрхээр амьдрахаар өөрийн эрхээр зов гэдэг дээ.
10. Тууштай бай.
Хайрын хариуд хайр ирнэ шүү, хүндлэлийн хариуд хүндлэл ирнэ. Нэгэнт суусан бол болох талаас нь зүтгээрэй. Салалт гэдэг үр хүүхдэд маш хортой, хохиролтой шүү. Чин сэтгэлээсээ хайрлавал чамайг бас хань чинь хайрлана шүү дээ. Бүр болохгүй тохиолдолд салахад бас айх юм байхгүй шүү. Амьдрал баялаг тул чамайг хайрлах, чамд хайрлагдах хүн энэ дэлхийн түм түмэн хүн дотор байж л байгаа. Бас амьдрал сайнтай муутай эргэлддэг хорвоо тул амьдралд хэзээ ч битгий бууж өгөөрэй, жаргал зовлон ээлжилдэг нь хорвоогийн жам юм шүү. Ханьтайгаа үг сөргөлцөөд суух нь бас заримдаа жаргал шүү.
11. Юу хүсэж, бодож байгаагаа ойлгуулж хэлж бай.
Бас нөхрөөрөө өөрийгөө хүндлүүлж сургаарай. Юу хүсч байгаагаа нөхөртэй хэлж сураад нөхрөөрөө хүслээ биелүүлүүлж сургаарай. Нэг грек кино байдаг даа. Нөхрийгөө толгой нь өөрийгөө хүзүү нь, хүзүү хаашаа эргэнэ толгой тийшээ эргэнэ гэдэг дээ. Энийг л хатан ухаан гэдэг юм болов уу?! Миний л бодол шүү. Үе үеэрээ, нас насаараа өөр болохоор орчин үеийнхэнд тохирох эсэхийг мэдэхгүй л байна. Аав ээж бол хүүхдүүддээ ертөнцийг харах толь нь шүү. Аав ээжийн харьцаа хүүхдийн ирээдүйд их нөлөөлнө.
12. Аз жаргалыг холоос битгий хайгаарай, яг хажууд чинь байгаа шүү.
Эрүүл саруул, хамтдаа, эрх чөлөөтэй, дур зоргоороо, дайн дажингүй үрсийнхээ инээх хөгжихийг хараад аяга хоолоо хувааж идээд бор гэртээ богд, хар гэртээ хаан, сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гээд сууж байх чинь л аз жаргал шүү дээ. Зөвхөн өөрийнхөө хайрцаганд, хамар доорхоо харалгүй, өөрийгөө л зовж байна гэж бодолгүй нүдээ нээгээд томоор сэтгээд ертөнцийг тольдоод, амьдралын учир утгыг эргэцүүлээд, яг одоо байгаа бүхэндээ талархаад, мэдрээд, амтлаад, баярлаад, гуниглаад, уйлаад, дуулаад амьдраарай. Танд гологдоод байгаа ертөнцийг өөртөө бүтээх гээд зовж яваа хүмүүс дэлхийгээр дүүрэн байгаа гэдгийг битгий мартаарай. Таны голоод байгаа хань чинь хэн нэгний харцанд хүслийг нь биелүүлэх ханхүү шиг л харагдаж байгаа шүү!
13. Өөрчлөлт хийж зоригтой бай.
Бүр бачимдаад байвал гараад нэг тийшээ нисээд 3 хоночихоод ирээрэй. Хайртай бүхнээ санаад, амьдралд байгаа бүхэндээ талархаад эргээд яараад ирнэ шүү.
14. Тэнгэр шиг өөдрөг хийморьлог бай.
Эмэгтэй хүн та энэ хорвоод үнэхээр аугаа их гайхамшигтай оршихуй шүү. Өөрийгөө сайн хайрлаж өөртөө би хамгийн сайхан, гоёмсог, бахархмаар, сайхан сэтгэлтэй, бүтээлч, зоригтой, уран сэтгэмжтэй эмэгтэй гэж хэлж урам зориг өгч байгаарай.
15. Сайн зан чанараа хөгжүүлж бай.
Хүн л болохоос бид чинь ямар бурхан биш бүгдээрээ л алдаатай оноотой, сайн муу талтай. Бидний дотор бурхан, чөтгөр хоёр зэрэгцэн оршиж байдаг гэдэг шүү дээ. Тиймээс бурханлаг талаа өөрөө сайн хөгжүүлээд дотор байгаа чөтгөртөйгөө сайн тэмцэлдээд, хань ижилтэйгээ ядахдаа 60 хувиас дээш сайн муутай нь хамтад нь зөвшөөрч хүлээж аваад, таарч тохироод байвал хамтын амьдралынхаа төлөө зүтгэх бүтээсэн амьдралаа хамгаалахад хэрэгтэй болов уу? Хүнийг өөрчлөх гээд маргаад ирэхээр л асуудал гардаг. Өөрөө үлгэрлээд амьдарч байхад аяндаа л хүссэнээр чинь өөрчлөгдөөд ирнэ. Өө сэвгүй, алдаж онодоггүй хүн дэлхийд ч байхгүй. Гол нь амьдралын зарчмын асуудлууд, алсын хараа, зорилго мөрөөдөл дээрээ ёс суртахуунтай, ноён нуруутай, журамтай тохирч байвал бусад жижиг зүйлс огт асуудал биш шүү дээ. Чадлаараа хичээгээд байхад 50 хувиас доош таарч тохирохгүй санаа сэтгэл хөндийрөөд байвал тэгээд өөр өөрсдийн амьдралыг бодоод, бие биедээ хал балгүй зам замаа хөөсөн нь дээр байх. Эр нөхөр бидний сэтгэл зүйч биш, аав ээж биш, ах эгч биш бас л амьдралын мөн чанарыг таньчих санаатай, олон аашт эмэгтэйчүүд бидний арга чаргыг олчих гээд л, амьдрах гээд л хичээж яваа айлын эрх танхил хүү шүү дээ.
16. Өөрийгөө таньж мэд, олж нээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ. Амьдралын туршид өөрт төрж буй сайн муу мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрөөд, баяр гомдолуудаа тодорхой хүрээнд илэрхийлээд, дотроо бодоод тунгаагаад, дүгнээд, уйлахдаа уйлаад, заримдаа өөрийгөө шоолж инээхдээ инээгээд, ичихдээ ичээд, онгирохдоо онгироод, алдаж оноод, алдаанаасаа суралцаад, ярилцаад, уншаад, судлаад, гоогледээд, гэмшээд, бусдаас суралцаад, шаардлагатай бол сэтгэл зүйч юм уу, амьдралын хөтөч аваад өөрөө өөрийгөө олоод судлаад хөгжүүлээд аливаад хандах хандлагаа жаахан ч гэсэн өөрчлөхөд л зөөлөн зөөлөн замбуулин шүү дээ. Дандаа л аз жаргалтай мэдрэмж төрөөд л аз жаргалаар бялхаад л байна гэвэл үлгэрт л байдаг байх.
Үдлээд л өнгөрч байгаа хорвоо гэж бодвол агшин мөч бүр гайхамшигтай үнэтэй.
Лийдаагийн Сайнтуяа
АНУ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(192.82.77.198) 2023-02-13 08:05Их сайхан бичиж.
Хариулах