Кёкүшюзан Д.Батбаяр, Улсын заан Ч.Батзориг нарын орд, харш Оргил рашааны хашаанд сүндэрлэнэ

Twitter Print
2014 оны 05-р сар 05-нд 19:02 цагт
Мэдээний зураг,

Кёкүшюзан Д.Батбаяр эхнэр Т.Баясгалан, Улсын заан Ч.Батзориг нарын хамт лам урин залж, Оргил рашаан сувиллын лус савдагийг аргадан, газраас нь тасалж авахаар ном уншуулжээ. Уг нь тэдний зүгээс олонд ил болсон сэжигтэй зургийнхаа талаар “Салхинд гарангаа ажил үйлс, заяа буянаа даатган ном уншуулсан” гэсэн тайлбар хийсэн боловч “Заяа буянаа заавал Оргил рашаан, сувиллын хашаан дотор, хүмүүсийн нүднээс нуугдан даатгуулдаг нь ямар учиртай юм. Тэд буян заяагаа даатгуулаагүй, ямар нэгэн барилгын шавь тавьж, газар лусыг аргадсан нь гарцаагүй” гэх хүмүүс цахим ертөнцөөр санал бодлоо илэрхийлсээр байгаа юм.

Нийслэлчүүд өвөлдөө харанхуйлсан хар утаанд хангалттай угаартчихаад урин цаг  ирэхээр Туулын хөвөөгөө түшиглэн боссон улсын ганц рашаан сувилал Оргилд амрахыг хүсч, очер дараалал нь дийлдэхээ больдог нь хэнбугайд ч тодорхой асуудал. Тэртэй тэргүй Оргил рашаан, сувилал ачааллаа дааж ядаж байхад ийнхүү Төрийн дээд албан тушаалд тухалж суугаа Кёкүшюзан Д.Батбаяр тэргүүтнүүд эрх мэдлээрээ түрий барин барилга барихаар улайрч байгаа нь даан ч харамсалтай. Тэд биш юмаа гэхэд тэдний ээж аав, эмээ өвөө энэ рашааны шидийг хүртэж, эдгэж илааршиж байсан нь гарцаагүй. Өнөөдөр ч хотын аль хорооны хэсгийн эмнэлэг дээр явж очоод сураглавал Оргил рашаан, сувилалд амрах зөвшөөрлийн бичиг шиг дараалал ихтэй, ховор эрдэнэ бараг л байхгүй. 21 аймаг, Улаанбаатарын өвгөд, эмгэд, настан буурлуудын хувьд Оргил рашаан, сувилал шиг буянтай, ач тустай сувилал нүдний гэм болсон одоо үед “Эрх мэдэл, мөнгө байхад тэр зэргийн газар дээр орд харшаа байгуулж л таарна” хэмээн цээжээ дэлдэн дайрцгааж байгаа баячууд нь Кёкүшюзан Д.Батбаяр, түүний эхнэр гавьяат жүжигчин Т.Баясгалан болон тэдний гэр бүлийн найз Улсын заан Ч.Батзориг нар ажээ. 

 “Би Си консалтинг” ХХК-ийн эзэмшил болсон энэ газарт өдгөө Кёкүшюзан Д.Батбаяр, Ч.Батзориг нарын “Хөрш заанууд” ХХК барилга барихаар хэзээ мөдгүй дайрахад бэлэн болжээ. Нэгэн цагт Япон, Монголд алдраа дуурсгаж явсан хоёр бөх орон сууцны нэг хороололд хөрш зэргэлдээ амьдардаг ажил, амьдралын хамтран зүтгэгчид бөгөөд үй зайгүй найзууд гэдгийг захын хүн мэднэ. Тиймээс тэд ийнхүү хамтарсан барилгын компани байгуулж тал талаасаа орон сууц, офиссын барилгуудад шахуулсаар хумсын чинээхэн газар дээрээ арайхийн оршин тогтнож байгаа Оргил рашаан, сувиллын газрыг бүрмөсөн үгүй хийж, рашааны ундарга дээр нь орд, харшаа сүндэрлүүлэхээр нэг л шөнө дайран ороход бэлэн болжээ. Кёкүшюзан Д.Батбаяр, Улсын заан Ч.Батзориг нарын орд, харшаа сүндэрлүүлэх гэж байгаа энэ газар хэрхэн хувьд шилжсэн түүхийг сөхвөл “Газрын наймааны загалмайлсан эцэг” гэгддэг МАН-ын дарга М.Энхболдын нэртэй салшгүй холбоотой аж. Тэрээр Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2004 оны тавдугаар сарын 20-нд 226 тоот  газар эзэмшүүлэх захирамж гаргаж “Эмчилгээ сувилгааны зориулалтаар “Оргил” рашаан сувилалын 2200 м.кв газрыг “Би Си консалтинг”  ХХК-д эзэмшүүлсүгэй” хэмээн лүндэн буулгасан байдаг.

Харин “Оргил” рашаан сувилал ТӨХК-ны 2200 м.кв газрыг МАН-ын дарга М.Энхболдын тусламжтайгаар өөрийн болгосон “Би Си консалтинг”  ХХК нь Улсын заан Ч.Батзоригийн  “Хөрш заанууд” ХХК-д зарснаар өнөөдөр ийнхүү Кёкүшюзан Д.Батбаяр түүний эхнэр Т.Баясгалан, заан Ч.Батзориг нар “Амралтын өдөр салхинд гарангаа ажил, амьдрал, заяа буянаа даатган ном уншуулах” боломж, бололцоо нээгдсэн нь ийм учиртай ажээ. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

-

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зОЧИН

      (103.26.194.26) 2014-05-07 22:20
      • 0
      • 0

      Энэ зургийг харвал арай Оргил биш юм шиг. Энэ шуналтангууд нэг газар товлоод л байгаа. Үхсэний нь салхинд гарах, хэлэх шалтаг мөн олов оо!

      Хариулах