“Ардын жүжигчин” “хөдөлмөрийн баатар” цол байхгүй болж, ”Сүхбаатарын одон”-г дахиж олгохгүй гэв

Twitter Print
2014 оны 05-р сар 05-нд 08:51 цагт
Мэдээний зураг,
 

Төрийн дээд одон медаль гавьяа шагнал тойрсон олны хэл ам, элдэв таамаглал сүүлийн жилүүдэд тасрахаа байсан. “Монгол Улс хүнээсээ их гавьяаттай боллоо, төрийн шагнал нүдээ олсонгүй, хавтгайруулж шагнал олгодог болсноор төрийн шагналын үнэ цэнэ, нэр хүнд үгүй боллоо” зэргээр хүмүүс маш ихээр шүүмжилдэг.

Нэг хэсэг нь Төрийн шагнал олгодог ёс нь “Чин улсын үеэс манай түшмэд ноёдыг ван, бээс цол хэргэмээр өргөжилж хахуульддаг байсан тэр үеэс эхтэй, үүнийг социализмийн үед улам дэвэргэж, ардчиллын үед ч засч чадахгүй байна гэхэд нөгөө хэсэг нь шударга иргэдээ үнэлж шагнах ёстой, гагцхүү төрийн шагнал нүдээ олж, олонд хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг. Аль ч талын байр суурийг харсан шүүмжлэлт өнгө аяс цухалздаг. Энэ нь манай улсад шагналын харилцааг зохицуулсан тусгай хууль байдаггүйтэй ч холбоотой гэж үзэж хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэдэгтээ олон хүн санал нийлэх болсон билээ.

Тэгвэл шагнал урамшууллыг зарлигаар олгох эрхтэй Төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “шагналын харилцааг зохицуулах тухай” хуулийг санаачилж УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Энэ хууль гарснаар хуучин хуулиар гавьяа шагнал авагсдад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бөгөөд цаашид шинээр олгох гавьяа шагналтай л холбоотой гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Тэрээр “манайд одоо БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн гаргасан шагналын тогтолцоо үйлчилж байна. Өөрөө хэлбэл хүмүүсийг он удаа жил ажилласан байдлаар нь шагнаж урамшуулна гэсэн логик явж байна... сайн үйл гавьяа байгуулаагүй, олон жил ажилласан гэдэг үзүүлэлтээр төрийн шагнал хүртдэг жишигтэй болчихлоо. Тиймээс үүнийг өөрчлөх ёстой” гэв. Ийнхүү гавьяа шагналыг ажилласан жилээр бус үйл хэргээр нь өгөх зарчимд нийцүүлж шинээр хууль санаачилж байгаа гэдгийг олон нийтэд тайлбарлав. Цаашлаад “Одоогийн байдлаар ардын зүтгэлтэн цолыг зургаа, гавьяат зүтгэлтэн цолыг 30 гаруй төрлөөр олгож байна шүү дээ. Гэтэл энэ цол шагнал нь нийгмийн бүх салбарын ажил, мэргэжлийн хүмүүсийг хамарч чадахгүй байна. Энэ нь үндсэн хуульд заасан хүний тэгш эрхийг зөрчиж байна. Монгол Улсад зургаа, долоон мянган мэргэжил бий. Энэ бүх хүмүүст гавьяат юмуу, ардын цолтон болох боломж алга... Тиймээс төрийн шагналаар хүн бүрийг эрх тэгш урамшуулах үүднээс гавьяат зүтгэлтэн гэдэг нэг л цолоор шагнаж байх тухай яригдаж байна. Мөн ганцхан Монгол Улсын баатар гэдэг цол бий болгоно гэсэн байгаа, хөдөлмөрийн баатар, улсын баатар гэж ангилахгүй болно” гэж шинэ хуулийн үзэл баримтлалын талаар тайлбар өглөө. 

Түүнчлэн Чингэс хаан, Эрдэнийн Очир, Алтангадас, Цэргийн гавьяаны одон, эхийн алдар зэрэг таван одон, Цэргийн хүндэт медаль, хөдөлмөрийн хүндэт медаль, шударга журам медаль, найрамдал медаль гэсэн дөрвөн медаль олгож байхаар хууль санаачлагчид үзжээ. Ингэвэл Сүхбаатарын одон гэж байхгүй болох ажээ. Шагналын харилцааг зохицуулсан хууль батлагдснаар одон медальд нэг жилдээ зарцуулж байгаа төсөв хоёр дахин хэмнэгдэж УИХ-аас төсвийг баталдаг болох давуу талтай гэнэ.

Гэвч зарим эх сурвалжийн хэлж буйгаар энэ хууль УИХ-аас дэмжлэг авахгүй байх магадлалтай байгаа аж. Учир нь олон жилийн турш олгож ирсэн төрийн шагналд өнгөцхөн хандаж, Сүхбаатарын одон зэрэг олон хүнд олгож ирсэн одонг байхгүй болгосноор өнгөрсөн үеийнхнийхээ гавьяаг үгүйсгэсэн алхам болно гэж үзэх гишүүд цөөнгүй байгаа аж. Хэрвээ энэ хуулийг УИХ дэмжихгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан гуравдахь хууль буцна гэсэн үг. Өмнө санаачилсан “шилэн дансны тухай” болон “давхар дээлийг тайлах” хуулиудыг УИХ буцаагаад байгаа. Иймд шагналын харилцааг зохицуулах тухай хуулийг оруулж ирэхдээ УИХ-тай нэлээд зөвшилцөж тэдний санаа бодлыг тусгах ёстой гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа аж.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • My name

      (112.72.13.67) 2014-05-05 10:48
      • 0
      • 0

      Peesdii ymar saihan udur ymar saihan medee bi unshchihvaa

      Хариулах