Найзан дундын зөвлөгөө

Twitter Print
2016 оны 05-р сар 12-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас

Хүний хүү эрдмийг өвөртлөөд ирнэ ээ гэж.

  Аавын охин, ээжийн хүү та, урт настай удаан жаргалтай оюутан нэрнээс хагацаж ажил амьдралын гараагаа эхлэх гэж байна уу? Тэгвэл дараахь хэдэн зөвлөгөөг өөрийн туршлага дээр үндэслэн бичиж буйг минь болгоон соёрхно уу! Юмыг яаж мэдхэв, үүнийг уншиж буй хэн нэгэнд энэ хэдэн бичлэг хэрэг болж гэмээнэ ингээд тастатур балбаад сууж буй миний хэрэг бүтэх нь тэр.

  Их дээд сургуулийн ширээнд тохойгоо цоортол суун, шалгалт шүүлэг ингэсээр хагас хугас ойлгомор аядсан лекцнүүдийн парт мөргөн дэн дун хийсээр нэг л мэдхэд төгсөлтийн шалгалт өнгөрчихнө.

Харин гэв гэнэт л дипломоо өвөртлөнгүүтээ одоо юу хийх вэ, би чинь ингэхэд хангалттай боловсон хүчин мөн үү, анх энд ирэхдээ зорьж ирсэн мөрөөдөлдөө хүрч чадах болвуу хэмээн зарим нэгэн хүн хэсэг эргэлзэн паникт ордог (жишээлбэл би).
Алсыг харсан овсгоотой зарим нэгэн залуучууд оюутан явах үедээ энд тэндгүй дадлага хийж, ажил олгогчийн итгэлийн олсон бол төгсөнгүүтээ шууд ажилд орох явдал ч цөөнгүй байдаг. 
Тэгж чадаагүй нөгөө хэсэг нь гэв гэнэт ухаан орсон мэт ажлид орох өргөдөл баруун солгойгүй бөглөж, ийш тийш илгээж эхэлнэ.

Барууны болон өндөр хөгжилтэй орнуудад боловсон хүчин хангалттай байдаг нь ойлгомжтой. Хэрэв аль нэг улсад суралцаж төгсөөд хэд гурван жил ажиллая гэж бодож байвал хамгийн түрүүнд мэдээж ажлын талбарт өрсөлдөөн маш их шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэгэнт л сурах ёстой зүйлээ сураад төгсөөд авсан хойно өөрийгөө хэт голж бүү бодоорой.
Тиймээс сурч мэдсэн зүйлээ батлан, муусайн германчуудаас дутахгүй шүү гэдгээ батлан, өөрийгөө хэн болох юу хийж чаддаг талаар ирээдүйн ажил олгочдоо зөвөөр худалдах нь хамгийн шийдвэрлэх алхам болж өгнө.

Ингээд таны илгээсэн хэд гурван ажилд орох өргөдлийн хариуд өч төчнөөн татгалзсан хариу ирнэ. Гол нь огт шантрахгүй байж, өргөдлөө улам бүр сайжруулан, цааш бичих нь чухал. Өө энэ байгууллага намайг авсангүй, намайг ч авах газар байхгүй юм шиг байна гэж битгий бодоорой. Татгалзсан нэг газар байхад өөрийн тань профайлыг сонирхон анхны ярилцганад урих газрууд ч байгаа гэж итгэлтэй хэлж болно.

За ингээд ажил олгогчоос тань анхны ярилцлаганд ирхийг хүссэн хариу ирвэл хамгийн анхны даваагаа давжээ гэж бодож болно.

Монголд чухам ажил олгогч нар ажилчдаа сонгож авахдаа яг яадгийг сайн мэдэхгүй ч би өөрийн биеэрээ овоо хэдэн ажилд орох ярилцлаганд орон ганц нэг туршлага цуглуулсанаа эрхэм андуудад хэрэг болж мэдэх үүднээс мутарламой.

1. Та манай байгууллагын талаар хэр мэддэг вэ?

  Танд ажилд орох ярилцлаганд орох урилга хүрээд ирлээ гэж бодъё. Юуны өмнө баяр хүргье! Таны өргөдөлийг тэр хүн цаг зав гарган уншиж, бичиг баримттай чинь танилцсаны үүдэнд тэр байгууллага хамгийн түрүүнд өөрийн чинь талаар анхан шатны мэдлэгтэй болж эхэлнэ. Тэд дээд зэргийн мэргэжлийн улсууд байдаг тул таны өргөдөл гаргасан захидал, сурлагын дүн, дадлага чадварыг шууд эхний удаад гүйлгээд л нэг дүгнэлтэнд хүрчихнэ. Хэрэв таныг ярилцлаганд урьсан бол та эхний даваагаа давжээ. Ингээд шууд юу юуны духанд хүрэлгүй гуяа ганзагалаад очих хамгийн бүдүүлэг асуудал байдаг.

Та нэгэнт л тэр байгууллагад ажиллахыг сонирхож байгаа бол тухайн байгууллагын веб хуудасаар нь ядаж шагайгаад (веб хуудас байхгүй бол шууд утасдаад, тухайн байгууллагын талаар товч мэдээлэл өгөөч гэхэд хэн ч хэлнэ) урд нь юу хийж байсан, юугаар дагнаж ажилладаг, хэдэн хүн ажилладаг бүр цаашлаад даргыг нь хэн гэдэг гэх зэрэг наад захын жижиг сажиг зүйлүүдийг мэдсэн байх шаардлагатай. Тантай гар барин танилцаад хамгийн түрүүнд асуудаг асуултын нэг "Tа манай байгууллагыг хэр мэддэг вэ?" Энэ асуултанд та хариулж чадахгүй, эсвэл үл тоомжирлон хариулт өгвөл цааш горьдоод ч нэмэргүй. 5 минутын дараа баярлалаа баяртай хэмээн нөхөрсөгөөр таныг үднэ.

2. ...Бэлтгэл гэснээс

Бэлтгэл гэснээс та шууд нөгөө л нэг үүргэвч үүрсэн оюутан төрхтэй очихгүй байхыг зөвлөе. Тухайн байгууллагаас хамаараад зарим нь костюм пиджак өмсөж очих шаардлага гарах боловч зарим нэгэн газарт энэ бол тун илүүц асуудал болдог. Тиймээс та юу өмсөж очихоо сайн бодоорой. Уранхай жинстэй, эрээн подволктой давхиад орвол хэзээ ч танд хүрд эргүүлэх боломж гарахгүй. Хувцас бурхан бие чөтгөр! Энэ үгэнд би дургүй ч харамсалтай нь хувцас бурхан болох үе олон тохиолддог. Мөн түүнчлэн ажил олгогчийн гаргасан зарлалыг сайтар уншаарай. 

Таны профильд тохирч байгаа эсэхийг магадлаад бүр ойлгомжгүй санагдаж байвал утсаар лавлаж асууж болдог. Тэглээ гээд таныг өөдөөс чинь загнахгүй, харин ч илүү сонирхолтой байгааг чинь илтгэнэ.

3. Дуугай хүний доодох нь. . .

Танд нэгэнт л хүрд эргүүлэх боломж олдож байгаа дээр энэ боломжоо бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Ярилцлаганд очингуутаа ээрч муураад, эсвэл хэтэрхий даруухан зан гаргаад нугдайгаад суугаад байвал эсрэг байгууллагад хэзээ ч олигтой сэтгэгдэл үлдээхгүй. Та үнэхээр хүнтэй ярихдаа асуудалтай байдаг бол ярилцлаганд орхоосоо өмнө найзуудтайгаа, ар гэрийнхэнтэйгээ, бүр болохгүй бол толинд өөрийгөө харж байгаад юу ярих яах эсэхээ бэлдэх хэрэгтэй.

4. Харилцааны соёл

Хэтэрхий даруухан хүн болохгүйн тулд бас хамаа намаагүй гав ганцаархнаа өөрийгөө магтаад яриад байх бас л утгагүй. Барууны орнуудад харилцааны соёл нэг номерт байдгийг юу эс андхав. Ер нь заавал ажилд орох ярилцлага ч биш ер нь хүнтэй харилцахдаа эсрэг хүнээ яриж дуусахыг хүлээх, ярьж байгаа хүний яриаг тасалдуулахгүй байх, мөн цаашлан таны ярианы өнгө хүртэл маш чухал байдаг. Хэрэв та энэ харилцаанд суралцаагүй бол кариер хийнэ гэж мөрөөдөх хэрэггүй. (сорри!!) Ярилцлаганд орж байхдаа өөртөө итгэлтэй, зөв цэх суух, үг ярианы сонголтондoо анхаарах, бага сага нүүрэндээ инээмсэглэл тодруулах гэх мэт жижиг сажиг зүйлүүд таньд нэмэлт очков авчирна.

5. Жүжиглээд огт хэрэггүй.

Танд тухайн ажилд орох хичнээн чухал санагдаж байгаа ч гэсэн хэт жүжиглэх дэмий. 10 хуруу тэгш хүн гэж байхгүй нь ойлгомжтой. Ихэнхи ярилцлаганд орж байгаа хүмүүс өөртөө итгэлгүйн үүднээс, мөн тухайн байгууллагад сайн дүр үлдээх гэж хэт хичээн их жүжиглэдэг юм билээ. Байгаагаараа бай. Зарим байгууллага ганцаарчилж ярилцлага авдаг бол зарим газар хоёр гурваар нь зэрэг оруулж өөд өөдөөс нь харуулж суулгаж байгаад ч ярилцдаг юм билээ. Өдөр болгон шахуу хэдэн арван өргөдөл гаргагчидтай харьцдаг тэдэнд байтугай зэрэгцээд сууж байгаа надад хүртэл цуг ярилцлганад орсон хүн хэр хуурамч байна гэдэг нь харагдаад байснаа нуух юун. Нүүрэн дээр нь л баярлалаа, та одоо гар даа гэж байгаа юм чинь.

6. Хүн муулахгүй байх

Таныг аль сургуульд сурч байсан эсэхийг тэд хааяа асуудаг. Магадгүй тэр хүн чинь бас урд нь тэр сургуульд сурч байсан ч байж болно. Хэрэв та өөрийн сурч байсан сургуулийнхаа талаар, эсвэл зааж байсан багш нараа муулаад унавал ямар ч хүнд олитгой сэтгэгдэл төрүүлэхгүй. Тэр багш муу заадаг, яадаг ийдэг гэх мэт. Үүнийг сонссон ажил олгогч ирээдүйд өөрсдийг нь ч гэсэн ингэж ярих хүн байна гэж дүгнэлтэнд хүрэн мөн л хаалгаа гаднаас нь хаахыг санал болгодог.

7. Хаширсан хүн гэж хашираа нуудаг хүнийг хэлдэг

За тэгээд ярилцлага амжилттай болж өнгөрөөд хэд хоногийн дараа танд ажилд орохыг зөвшөөрсөн хариу ирлээ. Баяр хүргье! Tэгэхдээ хаширсан хүн хаширсан хүнийг хэлдэг биш хашираа нуудаг хүнийг хэлдэг гэж би боддог. Зөвхөн тэр газраа шууд итгээд бусад зүйлээ хаялгүйгээр боломж гарвал ахиад хоёр гурван газартай очиж уулзан туршлага цуглуулаад аваарай. Барууны орнуудад ажилд орход эхний 3-6 сар туршилтын журмаар ажиллуулдаг. Туршилтын хугацаанд таны ажил олгогчийн үүднээс ч таны хувьд ч гэсэн тухайн байгууллага, уур амьсгал гээд л таалагдахгүй зүйл гарч ирж болно. Туршилтын xугацаа дуусаад хоёр тал хоёулаа сэтгэл хангалттай бол сая нэг та уужим амьсгаа авч болно.

Тэрнээс өмнө хэд хэдэн газарт орох зөвшөөрөлтэй сууж байвал та үнэхээр зөв алхам хийж байна гэсэн үг!

За ингээд бага ч гэсэн мэдлэгт дусал нэмэр болж чадсан бол болох нь тэр. Анхааралтай уншисанд баярлалаа.
Манай Монгол Залуус ямар ч орны өндөр мэдлэг боловсролтой залуусаас огт дутах юм байхгүй. Гол нь өөрөө өөртөө итгэ, бардам бай, амжилт хүсье!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.