Монгол улс номын сангийн хуультай болно

Twitter Print
2014 оны 05-р сар 03-нд 16:48 цагт
Мэдээний зураг,

Манай улсад 1509 номын сан үйл ажиллагаагаа явуулж байна. Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон зэрэг төвлөрсөн номын сангаас гадна орон нутгийн 373 номын сан, их, дээд сургуулийн 101, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 54, ерөнхий боловсролын сургуулийн 817, албан байгууллагын дэргэд 120, эрдэм шинжилгээний 44 номын сан байна.

Харьяалалын хувьд ингэж олон салбарт хамаардаг ч яамдаас баталсан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамааран номын сангийн санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг асуудал жигд бус шийдвэрлэгддэг. Үндэсний номын сандахь хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарах цөөн тооны судар, гар бичмэл бүртгэл тооллогод хамрагдан хамгаалагддаг бол хувийн номын сан, хувь хүнд хадгалагдаж буй гар бичмэл, судрын хадгалалт хамгаалалт, бүртгэл, тооцоо, үйлчилгээ зохицуулалтгүй явсаар ирлээ. Нөгөөтэйгүүр, номын сангийн үйлчилгээг төрөөс дэмжих бодлого алдагдсанаар төсөв хөрөнгө нь хүрэлцэхгүй болж, шинэ номын баяжилт хийх, материаллаг баазаа сайжруулах, уншигчдад тав тухтай орчин бүрдүүлэх, хүний нөөцөө бэлтгэхэд хүндрэл тулгарч байна. Дээрх шалтгааны улмаас 1990 онд Монголд 400 гаруй нийтийн номын сан байсан бол 2000 онд 181 болтол буурч байв.

Иймд Засгийн газраас Номын сангийн тухай бие даасан хууль гаргаж, нэгдсэн зохицуулалт хийхээр ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар тус төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ нь манай улсын хувьд номын сангийн чиглэлээр гарах анхдагч хууль юм. Харин дэлхий дахинаа ихэнх улс орон номын сангийн тухай тусгайлсан хуультай болжээ. Учир нь ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос номын сангийн харилцааг бие даасан хуулиар зохицуулахыг шаарддаг юм.

Номын сангийн тухай хуулийн төсөл 7 бүлэг, 27 зүйлтэй. Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, номын сангийн төрөл, үйлчилгээ, эрх, үүрэг, зөөврийн номын болон цахим уншлагын үйлчилгээ, номын сангийн сан хөмрөг бүрдүүлэх, бүртгэл тооллого хийх, ганц хувь бүтээл, гар бичмэлийг ашиглуулах, сэргээн засварлах, шинээр гарсан ном хэвлэл бүрээс заавал авах хувь, худалдан авах номын жагсаалт гэх мэт бүх асуудлыг энэ хуулиар зохицуулна. Хууль батлагдвал номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэж ССАЖЯ үзэж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.