УИХ-ын даргыг ч хөөчихдөг юм болов уу

Twitter Print
2014 оны 05-р сар 02-нд 16:07 цагт
Мэдээний зураг,
Оюутан залуус, төрийн албан хаагчдын хувьд тав дахь өдөр  “Баасан ахын төрсөн өдөр” тохиодог бол улстөрчдийн хувьд “Хар баасан гараг” болсоор удаж байна. Учир нь төрийн албаны халаа солио, тендер шалгаруулалтын маапаантай шийдвэр ихэвчлэн баасан гарагийн ажил тарах цагтай уралдан гардаг болсон нь нууц биш. Эрх баригч АН-ын тухайд өнгөрсөн баасан гарагт Хяналтын ерөнхий хорооныхоо хурлыг яаравчлан зарлаж, “Давхар дээл” тайлах эсэргүү санал өгсөн өнөө муу Р.Бурмаа гишүүнээ намаасаа хөөчихсөн билээ.

Тэгвэл өнөө орой АН-ын Хяналтын ерөнхий хороо түргэн авч, өчигдрийн УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр З.Энхболд даргын гаргасан “байж болшгүй” асуудлыг авч хэлэлцэх юм байх. УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр “давхар дээл”-ийг тайлах ёстой гэж намынхаа эсрэг санал өгсөн. Өөрөөр хэлбэл МАН-ынхантай санал нэгдсэн хэрэг. Тэр ч бүү хэл “Энэ хууль унавал Монголын парламентын түүхэн дэх анхны тохиолдол болно. Тиймээс гишүүд анхааралтай хандаарай. Сайд нар санал өгөх нь ашиг сонирхолын хууль зөрчсөн болно шүү” гэх мэтээр эрх баригч АН-ын эсрэг агуулгатай үг хэлж УИХ дахь АН-ын Бүлгийн гишүүдийн нүдийг бүлтэлчих шахсан. Түүний энэ үг, үйлдлийн дараа АН-ын Бүлгийн гишүүдийн зүгээс бөөн эсэргүүцэл, тэмцэл өрнөсөн билээ. Тэд УИХ-ын дарга З.Энхболдыг “АН-ынхаа эсрэг, ардчилалын эсрэг санал өглөө”, “МАН-ынхантай хамтарлаа” хэмээн тун ч ширүүхэн шүүмжилцгээжээ. Асуудал үүгээр хязгаарлагдсангүй. Хэсэг гишүүд Хяналтын ерөнхий хороондоо хандаж “З.Энхболдын асуудлыг авч хэлэлц”, “намаас хөө” гэж шахсанаар АН-ын Хяналтын ерөнхий хороо өнөө орой хуралдах нь тодорхой болж.

УИХ-ын дарга З.Энхболдыг буруутгаж байгаа АН-ын гишүүд  “З.Энхболд АН-ын жагсаалтын хоёроор бичигдсэн. Харин Р.Бурмаа долоод бичигдсэн. Долоод бичигдсэн улс төрчийг хөөх шийдвэр гаргачихаад хоёрдугаарт бичигдсэнийг нь хөөхгүй байвал ёстой жинхэнэ онигоо болно” гэцгээсэн юм байх.

Асуудалд арай ул суурьтай ханддаг гишүүдийн зүгээс “Р.Бурмаа сул гишүүн, З.Энхболд бол УИХ-ын дарга, манай намын нэгэн лидер гэж хандах нь шударга ёсонд нийцэхгүй. Түүнчлэн Р.Бурмааг эмэгтэй болохоор нь хөөгөөд, З.Энхболд даргыг  эрэгтэй учир аваад үлдэх нь яагаад ч байж болохгүй зарчимгүй асуудал” хэмээн тас гэдийгээд байгаа сурагтай. Асуудал ингэж эвгүйтсэн тул ажиглагчид АН-ын Хяналтын ерөнхий хороо З.Энхболдыг намаасаа хөөх шийдвэр гаргах нь гарцаагүй гэсэн дүгнэлт хийгээд эхэлжээ.

Гэхдээ эрх баригч АН-ыг ацан шалаанд оруулаад байгаа энэхүү хүндрэл нь зөвхөн З.Энхболд гэдэг хувь улстөрчтэй холбоотой асуудал биш юм. Хэрэв З.Энхболдыг намаасаа хөөвөл АН-ын ирээдүй бүрхэг болно гэж үзэх хүмүүс олон байгаа. Учир нь олон нийт З.Энхболдыг ирээдүйн Ерөнхийлөгч болох хамгийн магадлалтай хүн гэсэн үнэлэмжийг өгөөд байгаа нь нууц биш. Тэгээд ч З.Энхболд өнөөдрийн ярвигтай УИХ-ыг тун боломжийн шударгаар удирдаж байгаа. Ийм хүнээ хөөнө гэдэг АН-ын хувьд амиа хорлохтой л адил үйлдэл болно. Бас түүнийг хөөхгүй гэхээр хамгийн шударга бус, ардчилалгүй нам болчих гээд байдаг. 

Уг нь нарийн ярьвал УИХ-ын дарга З.Энхболд төрийн тогтолцоог байр байранд нь аваачих гэж, АН-ын дүрмийг УИХ, Үндсэн хуулиас дээгүүр тавьж болохгүйг ойлгуулах гэж  нөхдийнхөө эсрэг санал өгсөн билээ. Харин АН асуудлыг дүрмээрээ яс шийдвэрлэх үү, үзэмжээр хандах уу, эмэгтэйг нь хөөж явуулчихаад эрэгтэй даргаа  аваад үлдэх үү гэдгийг өнөө орой болох Хяналтын ерөнхий хорооныхоо хурлаар шийдвэрлэх эгзэгтэй байдалтай тулгараад байна. УИХ-д намын жагсаалтаар орж ирсэн сул гишүүнээ хөөчихсөн. Харин даргаа аргалаад аваад үлдэх үү гэсэн тун эвгүй байдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь маргааш тодорхой болчих болов уу. Товчхондоо УИХ-ын дарга З.Энхболд шударга ёсны төлөө саналаа өгч. Одоо цагт ийм үнэлэмжтэй улстөрч ховор. Харин АН-ын тухайд “дүрэм бол дүрэм” гэсэн хатуухан хуультай. Асуудал ийм л эсрэг, тэсрэг байр суурин дээр мөргөлдчихлөө. Яадаг шүү юм бол доо. УИХ-ын даргыг бас л хөөгөөд явуулчихдаг юм болов уу.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.