АН: Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хилс хэргээр шүүсэн

Twitter Print
2021 оны 05-р сар 22-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан  намаас Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хилс хэргээр шүүсэн, тиймээс олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаар болсон талаар мэдээлэл хийлээ.


АН-ын дарга М.Тулгат:  ШШГЕГ-ын 411 хорих ангид ял эдлэж байгаа Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эргэсэн. Ардчилсан намын зүгээс Монголд үзэл санааны хоригдлууд бий болсон гэж үзээд хүний хууль ёсны эрхийг хамгаалах, хүний шударга ёсны шүүх эрхийн төлөө ажлын хэсэг байгуулсан. Урьд өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан 7 хүнийг хилсээр цаазалсан.  Хоёрдугаар зууны Монголын тусгаар тогтнолын  хамгийн харамсалтай түүх.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр нар шоронд хоригдож байна. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан  хүмүүст хэрэг үүсгэж, айлгаж, дарамтлах боллоо.

Монгол Улс ардчиллыг шоронд хүртэл аваачих ёстой. Шударга шүүхийг бий болгох ёстой. М.Энхсайхан гуай хэлж байна лээ.  "АН-ын удирдлагууд шоронд ирж байгаа нь улс төрийн намын удирдлагууд шоронгоо эргэж байгаа анхны тохиолдол болж байна" гэсэн. Ер нь цаашдаа Ардчилсан нам шоронгоо эргэе хөдөлгөөн өрнүүлнэ.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай:  Монголын шүүх М.Энхсайхан гэж хүнийг хилсээр шүүж хэлмэгдүүлсэн. Монгол Улсад хэн ч хэлмэгддэггүй байх ёстой гэж үзэж байна. Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, улстөрчдийн гар хөл болсон хууль, шүүүхийн ажилтнуудад олон улсын хүний эрхийн байгууллагуудаас гадаадад зорчих эрхийг хязгаарладаг  санкц тавигддаг. АН-ын зүгээс нэр бүхий хуулийн байгууллагын ажилтнуудыг  гадагшаа явах эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авч өгөөч гэж олон улсын байгууллагуудад хүсэлт гаргаад явж байна. Хүний эрх, эрх чөлөөтэй хролбоотой шийдвэр нь тухайн улсын хэрэг биш, олон улсын хүний эрхийн асуудал байдаг. Цаашид ямар нэгэн улстөрийн албан тушаалтан хэн нэгнийг хэлмэгдүүлдэггүй байх ёстой юм. Бид АНУ болон Европын холбооны хүний эрхийн байгууллагуудтай уулзсан. Монгол Улс бусдыг үзэл бодлоор нь шүүх, яллах тогтолцоо руу орчихлоо.

М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо: М.Энхсайхантай холбоотой хэрэг Монголын гурван шатны шүүхээр шийдэгдсэн. Одоо олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаар ажиллаж байна. Хүнийг итгэл үнэмшлээр нь шүүж, яллаж болохгүй. М.Энхсайханы шударгаар шүүгдэх эрх нь зөрчигдсөн байна гэж үзэж байгаа. Ямар нэгэн хэрэг хийгээгүй байхад итгэл үнэмшлийнхээ төлөө ял шийтгэл авдаг байж болохгүй.

Цаашдаа итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө, үзэл бодолтой байх эрх чөлөөнийхөө төлөө монголчууд ял шийтгэл авдаг байж болохгүй гэж олон улсын хүний  эрхийн байгууллагад хандаж  байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед даалгасан Тавантолгой төслийг боловсруулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан, терроризм үйлдсэн гэж анх буруутгасан. Сүүлдээ автомашины хэрэгт ял өгсөн.

2013 оны автомашиныг 2019 оны үнэлгээгээр үнэлээд хэрэг тохчихсон байна. Ингэхдээ автомашины үнэлгээ хийсэн шинжээч нар маш том алдаа гаргасан. 2013 онд 13 гүйлт явсан машиныг 2019 оны километрын заалтаар үнэлчихсэн. Үүнд дээр алдаа гаргаснаа шинжээч нар хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр дахин шинжээч гаргаж, хэргийг дахин шалгах ёстой. Гэтэл хууль, шүүхийнхэн энэ хүсэлтийг авдаггүй. Шүүхийн шүүлт нь шударга байж чадахгүй байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.