Мьянмарт 125 мянга гаруй багшийг ажлаас нь халжээ

Twitter Print
2021 оны 05-р сар 24-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

Мьянмарын Багш нарын холбооноос мэдэгдсэнээр Мьянмарын төрийн эрхэнд гарсан цэргийн удирдлагууд ерөнхий боловсролын сургуулиудад ажилладаг 125 мянга гаруй багшийг цэргийн эргэлтийг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр ажлаас нь халжээ.

Мьянмарын эрх баригчид уг шийдвэрээ шинэ хичээлийн жил эхлэхээс хэдхэн хоногийн өмнө танилцуулсан байна. Мьянмар даяар цэргийн эргэлтийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн багш нар болон эцэг эхчүүд хичээлийн шинэ жилийг эсэргүүцэж байгаа аж. Өнгөрсөн бямба гарагийн байдлаар эрх баригчид ерөнхий боловсролын сургуулийн нийт 125 900 багшийг, их дээд сургуулийн 19 500 орчим ажилчдыг ажлаас нь халжээ.

Нөгөө талаас эрх баригчдын гаргасан шийдвэр нь эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн багш нарыг ажилд нь эргэж оруулах оролдлого бөгөөд ажлаасаа халагдсан багш нар эргээд ажилдаа орвол тэдний бүх ял шийтгэлийг цагаатгана гэжээ. Мьянмарын Боловсролын яамнаас энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ба Мьянмарын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр багш сурагчдыг сургуульдаа эргэн орж, боловсролын тогтолцоогоо сэргээхийг хүссэн уриалга бүхий нийтлэлүүд гарчээ.

Цэргийн эргэлт болон Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чийгийн баривчилгааны дараах үймээн самуун Мьянмарын боловсролын тогтолцоо, эрүүл мэнд, төрийн болон хувийн хэвшлийн салбарыг уналтанд оруулаад байгаа билээ.

Энэ 6-р сард эхлэх хичээлийн шинэ жилийн бүртгэл ирэх долоо хоногоос эхлэх ч зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй гэж шийджээ. Үүгээрээ эцэг эхчүүд цэргийн эргэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа ба нөгөө талаараа хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд сэтгэл зовж байгаа аж.

Цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцож буй оюутан сурагчид мөн л хичээлийн шинэ жилийг үргэлжлүүлэн эсэргүүцэхээ илэрхийлжээ. Мьянмарын боловсролын тогтолцоо нь бүс нутагтаа хамгийн ядууд тооцогддог ба 93 орноос 92-т жагсдаг аж.

Аун Сан Су Чи төрийн эрхэнд гарч, ардчилсан тогтолцоотой болсоноос хойш ч боловсролын салбарт Мьянмарын ДНБ-ний 2 хүрэхгүй хувийг зарцуулж байсан нь бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн доод үзүүлэлт гэдгийг Дэлхийн Банкнаас онцолжээ.

Цэргийн эргэлтийг эсэргүүцсэн Мьянмарын улс төрчид багш нар болон оюутан сурагчдыг чадлаараа дэмжихээ илэрхийлж, гадаадын улс орнуудаас цэргийн удирдлага доор үйл ажиллагаагаа явуулж буй Мьянмарын боловсролын яаманд хөрөнгө оруулахгүй байхыг хүсчээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/asia-pacific/more-than-125000-myanmar-teachers

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.