Монголдоо хямдхан Монгол

Twitter Print
2019 оны 12-р сар 04-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

(Төрсөн өдрийн гунигт бодол)

Барилдахаар ирсэн тува ах дүү нараа боорлон, 5 давуулахгүй дарж авч санаа нь амардаг, иргэншил хүсэж, амь хоргодсон Халимаг, Өвөр Монголын ах дүү нартаа хүйтэн цэвдэг хандан хөөж тууж, хар Хятадын лууны саварт тушаадаг мөртлөө хаа байсан Ираны нэг зайгуул бөхөд ингэж дээр дооргүй долигонохоор дургүйцэх нь арга байж уу дээ.

Яагаад бид нэгэндээ ийм хямдхан болчихов?! Зарим улсын хувьд тухайлбал энд, Америкт хууль ёсоор амьдрах эрх-ногоон карттай болох, цаашлаад иргэн болно гэдэг өдрийн бодол, шөнийн зүүд, бүтэхэд хол мөрөөдөл байсаар байна. Тэр холын мөрөөдлөө биелүүлэх гэж энд хэдэн сая цагаачид элдэв шалтгаанаар орогнол хүсэж, хэдэн мянгаар нь ноён долларыг хуульч өмгөөлөгчдөд тушааж, түүний наахна зөвхөн ажиллах зөвшөөрөл авахын тулд хэдэн сарын өмнөөс хэдэн зуун доллар төлж, хэдэн сараар ч хамаагүй хүлээж, бүтээсэй гэсэн горьдлоготой, битгий аччихаасай гэсэн айдастай амьдарцгааж байна.

Гэтэл манай улсад яагаад дурын нэг улс төрийн орогнол хүсэгч ямар ч шалгалт өгөлгүйгээр, мөнгө төлөлгүйгээр, ганц хуудас хүсэлт явуулсан болоод л Монгол Улсын иргэн хэмээх эрхэм статусыг хүртэж орхидог байна аа?! Тэр бөхийн байгуулсан болоод байгуулах гавьяа нь манай хүнд жингийн жүдо бөхийн хөгжилд хэрэгтэйг нь мэдэж л байна л даа. Тэглээ гээд гуйсан төдийд нь ийм хурдан шийдчихэж болж байгаа юм уу?! Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр, өөрийн нэр дээр барилдуулж, түүний алдар хүндийг өөрийн улсад наах гэсэн өчүүхэн атгаг, ашигч бодлоор ийм нарийн асуудалд хандаж яавч боломгүй! Цаана нь Иран, Ирак, Персийн булангийн орнууд, лалын хэт даврагчид, террористууд гээд дайны гал дүрэлзсэн нутаг орон, шашин, үндэстний том асуудлууд байдгийг мартчихаа юу.

Наад зах нь шонхор барих нэрээр Монголд дураараа дургиж, хориотой ан хийж, даварч байгаа арабуудыг журамлаж чадахгүй хий дэмий халаглаж байгаа биз дээ?! Адаглаад эн хүнийг монгол хэлний сургалтад суулгаж, шалгалт авч, иргэн болоход тавигдах шаардлагуудаа тавьж чадсан уу?! Дурын доншуучид дураараа холхидог, харийн дайснууд хэдэн зуугаараа орогнож, тагнуул, хууль бус үйлдэл хийдэг, харин эсрэгээрээ Монгол Улсын иргэд амь нас нь үнэгүйдэж, дүрвэхийн түүс болсон, ямар ч үнэ цэнгүй ийм л улс болж дээ. Яагаад бид бие биендээ ийм хайргүй, өвөр зуураа тэмцэлтэй, өрөөл бусдад долгонцог болчихов?! Монгол минь дурын доншуучдын өмнө өндөр босготой, элэг нэгт ахан дүүстээ элгэн халуун нөмөртэй, амь зулбаад ирэхэд нь аавын алгаар тосож, ээжийн өвөртөө эрхлүүлээд авдаг, бүх талаар тусалж дэмждэг, хайж нэхэж ирсэн харийн саврыг тас цохидог зоригтой, улс шиг улс хэзээ болох вэ?! Хэн тийм болгох вэ. 

"Байрнаасаа хөдөлсөн чулуу" Л.Мөнхтөр

2019 оны 12 сарын 2

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.