
Монгол бөхийн торгон ногоон дэвжээн дээр хүч бяраар ааглан барилдаж, улсын арслан цол хүртэж явсан Эрдэнэ-Очир гуайтай ярилцлаа. Өдгөө 78 насны сүүдэрт хүрч буй хүчит арлсанг удам дамжсан бөх гэдгийг бөх сонирхогчид андахгүй билээ. Өвөг эцэг Хас нь даншгийн арслан байсан бол төрсөн эцэг Өлзийсайхан нь улсын арслан цол хүртэж, гурван үеээрээ Монгол үндэсний бөхийн дээрээсээ хоёрт орох эрхэм цолыг хүртсэн цорын ганц гэр бүлийнхэн юм.
-Таны эцэг, эх Дорнод аймгийн Халхгол сумын уугуулууд ч та өөрөө Төв аймгийн Эрдэнэ суманд харьяалагддаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ асуултыг хүмүүс ер нь их асуудаг. Миний аав, ээж хоёр Дорнод аймгийн хүмүүс. Гэхдээ би Төв аймагт төрж өссөн болохоор энэ нутгаараа цоллуулдаг. Хэдийгээр Дорнод аймгийн хүн ч гэсэн би тэнд төрж өсөөгүй. Төв аймгийн хүн л гэж явдаг.
-Хүүхэд байхдаа барилддаг байсан уу. Улсын арслангийн хүү гээд хүмүүс урам хайрладаг л байсан байх даа?
-Бага байхдаа бөх сонирхдоггүй байсан. Сүүлд 15, 16 хүрсэн хойноо л барилдаж эхэлсэн юм.
-Улсын наадамд анх хэдэн онд барилдаж үзсэн бэ?
-Хамгийн анх 1957 онд 21 насандаа барилдаж байлаа. Тэр жил шууд начин цол хүртсэн. Тэгээд дараа жил нь цэрэгт яваад гурван жил наадамд барилдаагүй юм байна.
-Начны даваанд хэнтэй барилдаж байв?
-Дөрвийн даваанд аав минь амлан авч байсан. Намайг даваа ахиулж цолонд хүргэх санаатай. Тавын даваанд Өвөрхангай аймгийн харьяат тухайн үед цэрэгт байсан Дашням бид хоёр тунаж үлдээд би давж начин болсон. Хэдэн хөгшчүүл тойрч суучихаад "Энэ хоёр хүүгийн хэн азтай нь начин болог дээ" гэж байсан. Тэр жил чинь Ч.Бээжин аварга, Ж.Нагнайдорж, "хулгар" Ц.Дамдиндорж, "ноёны бөх" хэмээх Ж.Жигмэддорж гуай, цагдаагийн байгууллагын Жамьян гуай, Даваасамбуу бид хэд начин болж байлаа. Би зургаагийн даваанд Хөвсгөлийн Ц.Бадамсэрээжид арсланд унасан юм.

-Аавынхаа тухай хуучлахгүй юу. Бас таны өвөө даншгийн арслан хүн байсан гэдэг?
-Өвөөгийнхөө тухай сайн мэддэггүй. Би харж ч байгаагүй. Харин аав маань Дорнод аймгийн Халх гол сумын хүн байсан. Манай аав 1929 онд Төв аймагт орж ирсэн юм билээ. Төв аймгийн Төр хурахын амралт гэж байдаг даа. Тэр амралтын хойхно Хавтгай гэж өвөлжөө байсан юм. Тэр өвөлжөөнд 1936 онд би төрсөн. Унасан газар угаасан ус маань тэр. Түүнийгээ түшиж Төв аймгаараа овоглож явдаг.
-Та удмынхаа хэддэх улсын цолтой бөх вэ?
-Би улсын архив үзээгүй л явж байна. Сайн нягталж үзвэл тэнд байгаа л байх. Аавынхаа ярианаас үзэхэд манайх чинь 300 шахам жилийн бөхийн удамтай хүмүүс юм билээ. Манай өвөө даншгийн арслан Хас-Очир гэж их бяртай хүн байсан гэдэг. Түүний аав Саманд бас л даншгийн арслан байж. Түүний аав Бат-Очир, Бат-Очирын аав Дашдоной нар долоон хошуу даншиг наадмын аварга цолтой сайхан бөхчүүд байсан гэдэг.
-Үндэсний бөхийн түүхэнд танайх шиг ийм удамтай хүмүүс тун ховор. Одоо таны үр хүүхдүүдээс барилдаж байгаа хүн байна уу?
-Хүүхдүүдээс барилдаж улсын цолонд хүрсэн хүн байхгүй. Энхтөр гэдэг хүү маань барилдаж байгаад сургууль соёл гээд больчихсон. Хүүхэд байхдаа улсын наадмын хүүхдийн барилдаанд барилдаж түрүүлж шонхор цол авч байсан. Бага хүү Балдорж улсын наадамд барилдаад хоёр давж гурвын даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байлаа. Гадагшаа сургуульд яваад бас л барилдахаа больсон.
-Өвөө, аав хоёрынхоо цолонд хүрэхэд сайхан байсан нь мэдээж. Хэдэн онд улсын арслан цол хүртсэн бэ?
-Би начин болоод гурван жил наадамд ирж барилдаагүй. Харин улсын заан цолыг тэр үед болдог байсан МБАТС-ын үндэсний бөхийн барилдааны хоёрдугаар байранд орж хүртсэн. 1976 онд 40 настайдаа улсын арслан цол хүртэж байлаа. Тухайн үед би улсын наадамд гурван удаа дөрөвт үлдэж, найман удаа дунд шөвөгт шалгарч нийтдээ улсад 16 удаа шөвгөрсөн. Тэр амжилтуудыг минь үнэлж арслан цол хүртээсэн болов уу гэж боддог.
-Таныг ид барилдаж байхад хамгийн хүчтэй өрсөлдөгчид ямар бөхчүүд байв?
-Хоёр Мөнхөөс эхлээд даян аварга С.Цэрэн, арслан Л.Сосорбарам, Ж.Чойжилсүрэн, Г.Дэмүүл, тэмээ өргөдөг Б.Жамъяндорж, Д.Жамц гээд хэцүү өрсөлдөгч олон байлаа. Миний үед хүч чадал, нас биеэр ойролцоо айхтар уран барилдаантай 30 гаруй шижгэнэсэн залуу сайн бөхчүүд ид хавтай, иртэй сайхан барилдаж байсан. Тэднийг давж улсын том цолонд хүрнэ гэдэг айхтар хатуу даваа, барж идэхгүй боорцог байсан.
Би шөвгөрөх даваануудад дан тунаж барилддаг үйлийн лайтай амьтан байлаа. Улсын наадамд Х.Баянмөнх аваргатай зургаан удаа тунаж ганц давж, тав унасан юмдаг. Х.Баянмөнх ясны сайн бөх тулдаа Сосорбарам, Дэмүүл мань мэтээс хол тасарч, дархан аварга болсон юм. Ж.Мөнхбат аваргатай хоёр тунаж унасан. Заалны барилдаанд тэр хоёрыг бишгүй хаядаг байсан ч улсын наадамд бардаггүй байлаа. Дархан аварга Х.Баянмөнхийг начин болсон жил нь давж байсан.
-Таны дархан мэх ямар мэх байсан бэ?
-Надад дархан мэх гэж айхтар юм байхгүй ээ. Давуулж гуядах, тонгорох, харцагадаж дайрах мэх голцуу хийдэгсэн. Тэмээ өргөдөг Жамъяндорж бид хоёр дэгээ ороосон хүнд огт унадаггүй, хаяж салдаг байлаа. Дэгээ ороосон хүнийг хавираад хаячихдагсан. Хавираад унахгүй бол хөлөө хүчтэй жийчихнэ. Тэгэхээр хөл нь аяндаа сугарна. Хөл нь сугармагц хавсраад тавьчихлаар үсрээд явчихдаг юм. Энэ мэхийг аав минь зааж өгсөн. Бас аав маань гүйсэн хүнийг хайчилж алгадах сонин мэх зааж өгсөн боловч би сураагүй. Тэр мэхийг нь нэг заалны барилдаанд хийх гэж байж тохойгоо мултлах шахаад халшраад больчихсон юм. Л.Сосорбарам арслангийн дайраанд тэсч тогтох бэрхтэйсэн. Нэг л ухарч алхвал хамаад явчихна. Сөрж дайрахаас өөр зам байхгүй. С.Цэрэн аварга асар хүчтэй дайрдагсан. Тэр үеийн хүчит бөхчүүдээс дархан аварга Д.Дамдин аваргаас бусдыг нь хаяж, бас унаж явлаа.
-Та үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн анхдагчдын нэг шүү дээ?
-Чөлөөт бөхийн анхны тамирчдын нэг болсон. Тэгээд Дэлхийн аваргад найман удаа орж, таван удаа шагналт байр эзэлсэн. Бас “Токио-1964”, “Мехико-1968” зуны Олимпийн наадамд шагналт тавдугаар байранд шалгарч байлаа. Би хамгийн хүнд жинд барилддаг байсан. Амжилтыг минь үнэлж 1968 онд гавьяат тамирчин цол, тэмдэг өгсөн.
Өвгөн арслантай цөөн хором ийн ярилцсанаа танд хүргэлээ. Үнэхээр ч Монгол бөхийн түүхэнд удам дамжсан арслан, заануудын үргэлжлэл, цагтаа хүчит арслан хэмээн хүндлэгдэж явсан Эрдэнэ-Очир гуай өөрийнхөө эрт дээр үеийн удам судрыг мэдэж авч, үр хүүхэд, хойч үедээ таниулах хүсэлтэй явдгаа хэлж байлаа. Одоогоос 300 гаруй жилийн тэртээгээс өдгөөгийн харилтгүй жавхлант арслангийн бөхийн удам эхэлсэн гэж бодохоор ямар агуу хүч тэнхээтэй хүмүүс байсан бэ гэдэг нь нэгийг бодогдуулна.
Э.Гүнтөмөр