
Энэ зун болох Токиогийн Олимпийн наадам Токио хотод онц байдал зарласан хэвээр байх эсэхээс үл шалтгаалан төлөвлөгөө ёсоороо зохион байгуулагдана гэдгийг Олон Улсын Олимпийн Хорооны Дэд ерөнхийлөгч Жон Коутс онцолжээ. Коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор Японы нийслэл Токио хотод Японы засаг захиргааны 9 нэгжийн хамтаар энэ сарын 31 хүртэл онц байдлын дэглэм зарласан юм.
Онц байдлын дэглэм тогтоосноос хойш Японд коронавирусын халдварын тохиолдлуудын тоо буураад байна. Олон Улсын Олимпийн Хорооны Дэд ерөнхийлөгч Жон Коутс, "Токиод онц байдал зарласнаас хойш бид тус хотод туршилтын журмаар спортын 5 тэмцээн амжилттай зохион байгуулагдахыг харлаа. Олимпийн наадмын үеэр тамирчид болон япончуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахаар боловсруулсан төлөвлөөгөөгөө бид үүсч болох бүхий л эрсдлийг тооцон боловсруулсан учраас Олимпийн наадмыг онц байдлын дэглэмийн үед ч зохион байгуулах боломжтой гэж итгэлтэй хэлж чадна" хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн Олимпийн наадмыг зохион байгуулагчид ДЭМБ болон эрдэмтдээс авсан зөвлөгөөг дагаж мөрдөж байгаа гэдгийг онцолжээ. Японы хүн амын дунд хийсэн судалгаагаар Японы хүн амын 70 орчим хувь нь Токиогийн Олимпийн наадмыг цуцлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Нөгөөтэйгүүр Японы засгийн газар Олимпийн наадмыг цуцлах тухай асуудлыг огт авч хэлэлцээгүй бөгөөд ирэх 7-р сарын 23-нд эхлэх Олимпийн наадмыг төлөвлөгөө ёсоор зохион байгуулна гэдгээ удаа дараа онцолсон билээ.
Япончууд Олимпийн наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэж буй талаар Жон Коутс, "Японд коронавирусын эсрэг дархлаажуулах ажил эрчимжсэнээр олон нийтийн үзэл бодол дээрдэнэ гэж бодож байна.
Олон нийтийн хандлага өөрчлөгдөхгүй хэвээр байвал бид тэр тусам нь Олимпийн наадмын үеэр Олимпийн наадамд оролцож буй хүмүүс болон Японы ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах болно" хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/sport/olympics
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.