Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж:” Миний ард түмэн чадна аа”

Twitter Print
2014 оны 05-р сар 01-нд 11:25 цагт
Мэдээний зураг,
Өнгөрсөн бямба гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж UBS телевизийн урилгаар “Кофе юу, Цай юу?” нэвтрүүлэгт оролцож цаг үеийн асуудлаар ярилцсан билээ. Тус телевизийн редактор И.Буянжаргал, Б.Сайнбаяр нарын хөтлөн явуулсан  ярилцлагаас түүвэрлэн хүргэж байна.

Гишүүний ажлаа өгнө, сайдаас огцорно гэдэг бол сүйрэл биш

Хөтлөгч: Нэгэнт Ерөнхийлөгчийг урьсан болохоор янз бүрийн сэдвээр ярих хүсэл байна. Нэг зүйлийг өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулаад асуухгүй байж болохгүй нь.

Та улсын Их Хурлын гишүүн байж байгаад өөрийг тань асуудалтай байна гэнгүүт, “Ерөөсөө би энэ гишүүний эрх дархаа өгч байгаад шалгуулчихъя” гээд ажлаа өгч байсан. Ерөнхий сайдын ажлыг хоёр ч удаа хийж байгаад өгсөн. Ялангуяа гишүүний ажлаа өгснийг тань сонирхох гээд байна. Гишүүний халдашгүй бүрэн эрх дархаасаа татгалзаж байгаад шалгуулсан хүн шүү дээ. Дараа нь шүүхээс цагаатгасан. Тэгээд цагаатсан хойно та яагааддахин гишүүн болоогүй юм бэ? Нэгэнт гэм буруугүй нь тогтоогдчихсон байхад. Хууль нь болоогүй юм уу. Эсвэл та хүсээгүй юм уу?

Ерөнхийлөгч: Гишүүний ажлаа өгнө, сайдаас огцорно гэдэг бол сүйрэл биш. Одоо хүмүүс санахгүй байгаа байх. Телевиз үзэж байгаа зарим хүмүүс тэр үед төрж байсан.1994 оны үйл явдлыг асууж байна шүү дээ. Цуглаан дээр “Эдийн засгийн ийм бодлого явж байна, манай орны эдийн засагт гадны нөлөө орж ирэх хандлагатай байна” гэсэн үг хэлснийг маань улсын нууц задруулсан гээд Тагнуулын газраас УИХ-д “УИХ-ын гишүүн Элбэгдорж улсын нууц задруулсан байх магадлалтай байна, шалгана” гээд бичиг ирсэн. Тэгэнгүүт нь би  гараараа Их Хурлын даргад өргөдлөө бичиж өгсөн. “Намайг гэмт хэрэгт холбогдсон байж магадгүй гээд хууль хяналтын байгууллага сэжиглэж байна. Надаас юм асууна гэж байна. Тиймээс намайг Улсын Их Хурлын гишүүнээс  чөлөөлж өгнө үү” гээд.

Тэр үед манай ардчилсан хүчнээс УИХ-д тавхан гишүүнтэй байсан. Манай гишүүд намайг болохгүй гээд хориглож л байсан. Би өргөдлөө өгөөд л чөлөөлөгдсөн. Миний бодож байсан бодол бол “Би ард иргэдтэйгээ хамт гудамжинд цуглаан хийгээд л явж байсан, надад ямар эрх дарх байх ёстой юм. Тэнд нэг мөрдөн байцаагч сууж байгаа, аягүй бол нэг Их Хурлын гишүүн очоод уулзахаар өөр өнгөтэй, зүгээр жирийн иргэн очиход бас нэг өнгөтэй байж магадгүй” гэж. Тэр үед хууль хяналтын байгууллага ч бас янз бүр л байсан. Тэгээд  чөлөөлөгдөөд л очиж шалгуулсан. Би тийм байх ёстой л гэж боддог.

Хөтлөгч: Яагаад үүнийг асуугаад байна вэ гэхээр, гайхаад байгаа юм. Одоогийн улстөрчдөд тийм зориг байхгүй юм шиг. Гишүүний ажлаа өгнө гэдэг, сайдын сэнтийгээс сална гэхээр л эцэг эх, үр хүүхдээсээ хагацах гэж байгаа юм шиг, амьдралаасаа салаад үхэх гэж байгаа юм шиг л болох юм байна шүү дээ. Гадна дотнын мэдээ үзэхээр Япон, Америк, “Европод сайд огцорлоо, сайн дураараа ажлаа өглөө” л гэх юм. Тэр нь тэндээ нэг их асуудал болохгүй шийдэгдчих юм. Манайд яагаад ингэхгүй байна вэ, ялгаа нь юундаа байна вэ?

Хөтлөгч: Тэр нь бид нарт улстөрчийн ёс зүйтэй, улс төрийн соёлтой ч юм шиг харагдаад байна л даа.

Хөтлөгч: Бид болохоор дэргэд нь төлөвшөөгүй юм шиг?

Ерөнхийлөгч: Яахав ээ, тэр бол миний л дутагдал байсан байх. Гишүүнээсээ гарсан, Ерөнхий сайдаасаа огцорно гэдэг миний л буруу, ажлаа л сайн хийж чадаагүйн илрэл байх л даа. Би бол сайдаас биш, бүр Ерөнхий сайдаас хоёр удаа огцорсон хүн шүү дээ.Тэр үед бүр ийм үг гарч байсан.“Элбэгдорж огцорч  хашрахгүй юм, эмэгтэй хүн төрж хашрахгүй юм” ч гэл үү.

Тэгээд огцорлоо, уналаа, тоосоо гөвөөд л, цаашаа ажлаа хийгээд, алдаанаасаа сургамж аваад л явах ёстой. Энэ асуудлыг хуулиндаа оруулах хэрэгтэй юм.

2016 оны долдугаар сарын нэгнээс гээд би бүр хугацаа тавьж өгсөн

Хөтлөгч: Та яг энэ хуулийн төслийг өргөн барихдаа мэдээж ийм сөрөг хандлага үзүүлнэ гэдгийг тооцож л байсан байх. Яриа үүн рүү орчихлоо. Одоо УИХ-аар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Давхар дээл”-ийг тайлуулах тухай ярьж байгаа. Энэ хуулийн төслийг олонхи нь эсэргүүцээд, цөөнх нь хөдөлгөөнд орж хүлээж авч байгаа. Та үүнийг тооцож л байсан байх. Одоо олон нийтийн зүгээс бараг Ерөнхийлөгч  хуулиа буцаад татчих нь уу гэсэн таамгийг ч дэвшүүлж байна л даа?

Ерөнхийлөгч: Тийм ээ. Энэ бол зөвхөн усанд  хөлөө л дүрж байгаа асуудал шүү дээ. Уг нь би боддог юм. Би цэргийн хүн байсан. УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг бол харуулд, эх орны манаанд, ард түмний нийтлэг эрх ашгийн манаанд л гарч байгаа байхгүй юу.

Тэр хүн бороонд ч норох чадалтай, гал руу ч л ард түмний өмнөөс орж чадах зоригтой байх ёстой. Түүнээс биш хувцсаа давхарлаад л, өрөөгөө улам томруулаад л, эрх мэдлээ нэмээд л, орж ирсэн өрмийг нь идчихээд л суугаад байх хүмүүс биш. Хэзээ “манаач цэрэг” өрөм хамаад л сууж байсан юм бэ. Тэгэхээр, дөнгөж хөлийг нь усанд дүрэхэд л ямар эмзэг хандаж байна вэ? Үүнийг буруутгадаг. Манайхны асуудал шийдэхгүй гэж байгаа л хэлбэр байхгүй юу.Одоо Засгийн газар огцруулах асуудал болоод хувирчихлаа.

Засгаа огцруулна гэдэг бол  бүр шал ондоо асуудал. 2016 оны долдугаар сарын 1-ээс гээд би бүр хугацаа тавьж өгсөн. 24 жилийн бидний л туршлага. Яг хугацаа тулгаад тавихаар хуулиа баталдаггүй, бэлтгэл байдаггүй, түүнээсээ болоод улс төрийн тогтолцоо нь нийцэж чаддаггүй, тэгээд ёстой маргааш нөгөөдөр нь огцордог, улс төрийн тогтворгүй байдал, янз бүрийн юм үүсдэг шүү дээ. Ингээд 2016 оны долдугаар сарын 1-ээс мөрдье өө. Та нар хэрвээ хугацааг нь татах юм бол би хориг тавина гээд маш тодорхой хэлсэн. Яагаад 2016 оны долдугаар сарын 1-ээс гэж байгаа юм бэ? Улстөрч хүн, улс төрд оръё гэж байгаа хүн биеэ бэлд л гэсэн үг.

Сав саванд нь, дээл дээлэнд нь оруулъя

Би сайд болъё, би УИХ-д байя гэсэн хүмүүс байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёрыг салгая. Өмнө нь салж ч явсан, нийлж ч явсан. Янз бүр л байсан. Тэнд алдаа байгаа. “Элбэгдорж тэгж байсан” гээд амны салиа нь арилаагүй шахуу улсууд ярьдаг. Шүүмжлэх, ингэж хэлэх ард түмэнтэй байна гэдэг сайхан. Үнэхээр ийм яриа байгаа, эд ингэж алдаж байсан гэдгийг нь мэдэж байгаа бол засах л хэрэгтэй. Тэгээд сав саванд нь, дээл дээлэнд нь оруулъя. Ер нь Засгийн газар гэдэг бол Ерөнхий сайдын сав л байхгүй юу.

УИХ гэдэг бол тэр танхимдаа хуулиа баталж байх ёстой тийм л танхим. Тэгэхээр үүнийг байр байранд нь тавьж өгье. Тэгвэл хариуцлага бий болно. Тэгэхгүй Засгийн газрын 17 нь юм уу, арван хэд нь Их Хурлаас суучихсан, тэд нь азаргалчихсан, тэгээд суухдаа фракцын дүрэмд орчихдог, нэг юмыг нь хөдөлгөх гэхээр нөгөө засаг нь уначих гээд байдаг, бие биеэ барьцаалсан, шийдвэр гаргаж чаддаггүй байдалд орчихоод байна.

Манай энэ төрийн нэг эмгэнэлтэй юм нь шийдвэр гаргаж чадахаа болилоо. Шийдвэр гаргаж чадахгүй байгаа шигээ хариуцлага хүлээж чадахаа болилоо. Биентэйгээ хариуцлага тооцож чадахаа болилоо.

Хуулийн төслийг татна гэдэг асуудлын шийдэл биш

Хөтлөгч: Та хуулиа оруулахдаа 2016 оны долдугаар сарын 1 гэсэн байгаа. Тэгтэл сая анхны хэлэлцүүлгээр олонхи нь 2014 оны долдугаар сарын 1 болгочихлоо. Тэгэнгүүтээ “болохоо байлаа, Ерөнхийлөгч та энэ хуулиа татаач ээ” гэлээ. Та үүн дээр ямар байр байдлаар хандах вэ. Одоо ирц хүрэхгүй байна гээд, байнгын хороогоо ч хуралдуулахгүй,“Ерөнхийлөгч хуулиа татчих байлгүй” гээд л цаагуураа шивэр авир хийгээд л явж байна.

Ерөнхийлөгч: Одоо наадуул чинь ажил хийхгүй байх аргаа л харж байгаа. Ер нь бол дургүй байгаагаа маш их илэрхийлж байна. Үүгээр дамжуулаад улс орны өмнө тулгамдаж байгаа, хамгийн яаралтай шийдэх шаардлагатай асуудлаа шийдэхгүй. “Улс орны өмнө тулгамдсан асуудалд анхаарах гэтэл нэг ийм хууль ороод ирлээ гээд л”. Хэрэв хүсэх юм бол долоо хоногийн дотор яриад л, хэлэлцээд л дор нь батлаад л цаашаа явуулна. Хоёрдугаарт, хориг тавих болов уу үгүй болов уу, аягүй бол ингээд явуулчих юм бол огцруулчих юм биш биз гээд л. Би бол хууль татах тухай асуудал дээр байр сууриа илэрхийлсэн.Татна гэдэг асуудлын шийдэл биш. Өөрийгөө л хуурч байгаа хэлбэр.Татаад яах юм гэхээр “Та намар дахиад оруулж ирэхгүй юу” гэж. Татаад намрынхаа ажлыг яах гэж байгаа юм. Намар дахиад л үүнийг ярина, дахиад л ийм юм болно. Шийдэх юм бол одоо л шийдчих. Одоо шийдээд хоёр жилийн дотор сонгууль, улс төрийн намынхаа хуулийг оруулъя.Тэгээд араас нь улс төрийн хариуцлагатай холбоотой маш олон хууль орж ирнэ.Энэ юу ч биш.Сая та нар харсан биз дээ. Шилэн дансны тухай хууль гээд оруулахаар...

Шилэн дансны хууль бол  үнэхээр хувьсгал юм

Хөтлөгч: Шилэн дансны хуулийн нэрийг нь л шүүмжлээд байсан. Бүгдээрээ монгол хэлний багш нар шиг л “Энэ шилэн гэдэг чинь зохихгүй үг байна, модон, чулуун данс гэж байдаг юм уу” гээд л. Яг цаад агуулгыг олж харахгүй байгаа юм уу, харахыг хүсэхгүй байгаа юм уу?

Ерөнхийлөгч: Дургүй л байхгүй юу. Шилэн дансны хууль бол үнэхээр өөрөө хувьсгал юм. Төсвийн байгууллагад орж ирж байгаа мөнгө хэдэн төгрөг орж ирэв, өдөр бүхэн гардаг зарцуулалтаа компьютер дээрээ өдөр бүр тайлагнаж бай. 72 цагийн дотор тайлагнаж бай. Тайлагнаагүй бол шууд албан тушаалаас нь огцруулдаг үндэслэл болно. Шийдвэр гаргагчдын эхнэр нь ямар мөнгө аваад явж байгаа юм, нөхөр нь юу авч байна. Ямар машин авч байгаа юм. Өнөөдөр юу орж ирсэн юм гээд энэ хуулийн дагуу бүх юм ил тод болох ёстой.

Ер нь хүмүүст бол энэ улстөрчид юу хийж байна, хоорондоо яаж маргаж байна гэдэг үнэхээр залхуутай ажил шүү дээ. Манай нийгэмд, улс төргүй амьдралаа аваад явчих айл өрхийн тоо маш их нэмэгдэж байгаа. Дахин дахин нэмэгдээсэй гэж би үнэхээр хүсдэг юм. Иргэд ганцхан юмыг шаардаж байгаа. Мөнгөний зарцуулалтыг сонирхож байгаа. Бидний төлөөд явуулсан мөнгө хаана байна аа. Наад зах нь татвар төлөгчдийн төлсөн мөнгө юу болов оо гэдгийг асуудаг.

Түүнээс биш тэр улстөрчдийн ярьдаг, хэрүүл тэмцэл шийдвэр бол үнэхээр сонин биш. Тэгэхээр тэр мөнгийг нь ил болгочихъё. Хэрвээ үүнийг бүх шатанд ил болговол олон зүйл ил болно. Аягүй бол дарга нар хойшоо ухарна гээд  л айдаг байх.

Би нэг юм хэлээд байгаа. Хууль баталсан өдрөөсөө л хэрэгжүүлье. Энэ чинь л эхлэх цэг. Энэ цэгээс эхлээд ийм зарчим руугаа оръё. Гэтэл нэрийг нь хараад л айж байгаа юм. Одоо бид улс төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барихад бэлэн байна. Олон нийтийн сонсголын хууль гэж байдаг. Бас үүнийг хамт оруулах ёстой. Ер нь олон нийтийн сонсгол гэж заавал болж байх ёстой. Сумын Засаг дарга нь асуудал гаргахад л Иргэдийн Хурал нь шууд хуралдаад, нийт сум, аймагтаа харуулж байгаад хоёр өдөр хуралдаад шийдэж чадахгүй бол ажлаас нь халах хэрэгтэй. Оронд нь хүнийг нь томилоод л,  ажил явж байх ёстой. Долоон дор амьтан, байгууллагадаа, гэртээ ч гаргадаггүй авираа  төрд гаргаад л. Улс үндэстнийг тэр чигт нь баллаад байдаг, өөрчлөлт хийж чадахгүй, иргэд нь эрх байхгүй, ийм буруу жишгийг иргэнд эрхийг нь өгч зөв болгоё гэж байгаа.

Чингис бондын мөнгийг Монголоор, монголын ардчиллаар дэнчин тавьж авсан шүү

Хөтлөгч: Өнөөдрийн нэг том сэдэв бол улс орныхоо нэр төрөөр дэнчин тавьж Монгол Улсаа барьцаалж байгаад Чингис бонд гээд 1.5 тэрбум доллар босгосон. Тэгтэл тэр мөнгө янз бүрийн зүйлд зарцуулагдаад шавхагдаад дуусч байгаа гэх юм.

Та тэр үед нь хэлж байсан. “Энэ мөнгө орж ирсэн өдрөөс Монгол Улс хариуцлагатай улс боллоо шүү гэж”. Монгол Улсын нэг иргэнээс авахуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хариуцлагатай улс байна шүү  гэж. Дээр нь бүтээн байгуулалтын ажилд бондын мөнгөнөөс гуравны нэг хувийг л гаргана шүү. Хурдан үр ашгаа өгдөг мөнгө олох төсөлд зарцуулна шүү гэж хэлж байсан. Тэр өдрийг өнөөдөр эргээд харахад ямар нөхцөл байдалтай байна, та юу гэж харж байна?

Ерөнхийлөгч: Ер нь бид ард түмэндээ баярлаж байх ёстой. Ийм асуулт асууж байгаа, хэвлэлээр ч бичиж байна. Янз бүрийн байгууллагууд ч ярьж хэлж, шаардаж байгаа. Энэ бол маш зөв алхам гэж би хувьдаа бодож байна. Би сайн санаж байна. 2013 оны 12 дугаар сарын 3-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан шүү дээ. Хэвлэлийнхэн цуглаад би тэнд хэлж байсан. “Бид олон улсын түвшинд хариуцлагатай улс боллоо. Өмнө нь төсвийнхөө хэдэн төгрөгт эргэлдээд, түүнийгээ энд тэнд хуваагаад суудаг байсан. Одоо бол хүний мөнгөөр баялаг бүтээх гэж байна.

Монголд итгэж мөнгөө өгсөн хүмүүс өдөр бүр манай орны улс төрийн нөхцөл байдлыг ажиглаж суугаа. Нөгөө тэтгэвэрийнхээ хэдэн төгрөгийг олон улсын сангуудад хөрөнгө оруулчихсан хүмүүс бидний зөв бурууг дэнслээд сууж байгаа шүү дээ.

Тэр хүмүүст Монголын тухай муу мэдээ сонсогдох тусам бидний нэр хүнд улам унана. Монголын нэр хүнд хөрөнгө оруулагчдын дунд унадаг. Энэ мөнгийг Монголын 22 жилийн нэр хүндээр дэнчин тавьж авсан шүү. Монголоор, монголын ардчиллаар дэнчин тавьсан шүү” гэж хэлж байсан.

Тэр сайд дарга нарын мөнгө цуглуулаад явж байхдаа ярьж байсан үгийг сонсоорой. Монголын баялгийн тухай яриад, Монголын ардчиллын тухай яриад, Монголын хоёр том хөрш, зах зээлийн тухай яриад энэ мөнгө ингэж ороод, ингэж буцааж төлөгдөнө гээд л. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэдэг шиг болгоомжлох л хэрэгтэй. Мэдээж Ерөнхийлөгч ч болгоомжлох ёстой. Бондын мөнгө дансанд орж ирээгүй байсан тэр үед ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан юм.

Тэр зөвлөмжинд юу гэж байсан гэхээр:

Нэгдүгээр заалтад: “Чингис бондтой холбоотой хуулиа хурдан гарга, тэр ондоо багтааж гарга” гэсэн. “Зарцуулалт нь ямар байх юм? Тайлагнах хэлбэр нь ямар байх юм? Зээлийн эргэн төлөгдөх график нь ямар байх юм?” гарга гэсэн.

Гэтэл Засгийн газар одоо болтол тэр хуулийг оруулж ирээгүй. Одоо болтол бондын мөнгийг хувийн мөнгөө зарж байгаа юм шиг этгээдүүд хараад, бас бариад л сууж байгаа.

Хоёрдугаар заалтад: Бондын нэг төгрөг зарвал нөгөө талд нь арван төгрөг босгох хэрэгтэй гэж хармаар байгаа юм гэж. Тэр үед Засгийн газар мөнгө муу байна. Засгаас гаргах мөнгө их хэрэгтэй байна гэж ярьсаар байгаад гуравны нэг болгож, түүн дээр гарын үсэг зурсан байгаа юм. Уг нь тэр бондын зарцуулалтыг би ингэж харж байсан юм. Жишээ нь, “чи одоо нэг зуун сая төгрөгний зээл авах гэж байна гэж бодъё. Банкин дээр очлоо, банк чамд зээл өгье гэлээ, Тэгвэл 100 саяын 10 хувийг төр даая, чи зээлээ аваад чиний байгууллага ажиллаад босоод ирнэ” гэж. Уг нь энэ мөнгийг тарааж цацая гэсэн зорилго байгаагүй. Хэрэв тэгж хийсэн бол нэг төсөл  биш 15 төсөл зээл аваад босох боломжтой. Гуравны нэгээр авч үзэх юм бол таван тэрбумын үйлдвэрлэл Монголд бий болох боломжтой гэсэн үг тэр заалтад байдаг шүү дээ. Улсын аюлгүй байдал, бие даасан байдлыг хангахад чиглэсэн  дэд бүтэц, цахилгаан станц, шатахуунаа өөрсдөө хийдэг болъё гэсэн санаа юм.

Тэр төмөр замаа хурдан барья. Дээр нь ашиг олдог үйлдвэрт хөрөнгө оруулна гээд маш тодорхой зааж өгсөн шүү дээ. Тэгтэл тэр бондын мөнгө одоо хаана явна юу, болж байна. Тэр үед хариуцсан сайдуудын амлаж байсан үгийг саяхан  нэг сонин дээр бичсэн байсан. “Бондын мөнгөний төгрөг болгоны зарцуулалтыг та бүхний гар утсан дээр мөн цахим шуудан, цахим хуудсаар мэдээллэж байх болно, эрхэм гишүүд ээ, иргэдээ” гээд л байсан. Тэгтэл одоо та нарын гар утсанд ирж байна уу, тэр мэдээлэл хаана байна?

Хөтлөгч: Миний утас лав эвдэрхий биш, холбоо бариад болоод л байдаг. Тийм мэдээлэл ирдэггүй.

Ерөнхийлөгч: Миний утсанд ч ирэхгүй байгаа.

Засгийн газрыг огцруулах, бүтнээр нь  солих тухай ямар ч асуудал байхгүй

Хөтлөгч: Буурныхаа занг андахгүй” гэснээс одоо яг нэг зорилготой, нэг угшлын хүмүүс төрийн гурван өндөрлөгт ажиллаж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бие биеэ үгүйсгэх шаардлага байхгүй. Гэтэл нөгөө талаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн эргээд намдаа их хатуурхдаг гэсэн яриа байдаг. Танд ажил хийхэд хэр хялбар байна?

Хөтлөгч: Сонгуулийн үед тулгын гурван чулуу шиг ажиллана гэж байсан, тэгж чадаж байна уу?

Ерөнхийлөгч: Өмнө нь би өөр намын УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ажиллаж байсан. Гурван тийшээ харчихсан. Нэг байшинд байтугай, нэг улсад багтахгүй, тийм л болчихсон байсан.

Бид одоо бол нэг механизмтай. Долоо хоног бүр уулздаг. Хоёр дахь өдөр болгон ҮАБЗ-ийн уулзалт хийдэг. Тэгж цуглаад энэ долоо хоногт ямар ажил байна. Өнгөрсөн долоо хоногт ямар асуудал байв гээд ярилцдаг болсон. Ганцхан гэдийж байгаа юм бол хариуцлагын асуудал. Энэ Засгийн газар өөрөө их хэврэг Засгийн газар л даа. Энэ Засгийн газрыг огцруулах, бүтнээр нь солих тухай ямар ч асуудал байхгүй. Хариуцлага тооцох асуудал дээрээ тооцоод л явах хэрэгтэй.

Би ойрхны жишээ хэлье. Сая Япон яваад ирлээ шүү дээ. Японд жилдээ Засгийн газрынхаа 70-80 хувь, зарим үед 90 хувийг сольдог. Ш.Абэ Ерөнхий сайд гарч ирээд ямар мундаг ажиллаж байгаа билээ. Японы эдийн засгийг нэлээд босгоод ажиллаж байгаа Ш.Абэ Ерөнхий сайдын рейтинг өнөөдөр 70 хувьтай байгаа шүү дээ.

Одоо манай сайд, дарга нарын рейтинг хэд байна аа, мэдэхгүй. 50-иас дээш байна уу, аль эсвэл 10-20 болсон уу. Ш.Абэ Ерөнхий сайд кабинетийнхаа нэлээд олон сайдын жагсаалтыг гаргачихсан, “Ингэж өөрчилнө. Сайд хийх дахиад 20 хүн байна” гээд байж байна лээ. Ингэж байж хүн итгэдэг. Дахиад нэг шинэ хүн гараад ирэхэд бас нэг дэвшилтэт зүйл гарч ирж л байдаг. Тэнд хийж болж байгаа юмыг заавал хүнээр хэлүүлээд байлтгүй эндээ хийж болно шүү дээ. Бид парламентын засаглалтай улс. Улс төрийн хувьд гурван дарга аль болохоор ойлголцож ажлаа хийх гэж үзэж байгаа. Гадаад, дотоод янз бүрийн хүндрэл бол байна. Түүнийг давахын төлөө л ажилладаг.

Х.Тэмүүжин өөрөө үнэлэмжтэй, үнэт зүйлтэй хүн

Хөтлөгч: Өчигдөр таны твиттер хуудсандаа бичсэн нэг өгүүлбэр олон нийтийн анхаарлыг татсан л даа. Тэр нь нэг тийм салаа утгатай шиг санагдсан.

Таны санаачилсан шүүхийн салбарын шинэчлэлийг гардан хэрэгжүүлж байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой жиргээ байсан. “Х.Тэмүүжин сайд ноцтой алдаа гаргасан. Гэхдээ энэ засгаас хамгийн түрүүнд огцрох сайд лав биш” гэсэн байсан. Энэ ямар утгатай юм бэ?

Ерөнхийлөгч: Гурав дахь өгүүлбэрийг нь бас бүтэн унших хэрэгтэй. “Х.Тэмүүжин сайд бол алдаагаа засах чадвартай гэдэгт итгэж байна” гэсэн өгүүлбэр байгаа. Хуулийн шинэчлэл хийнэ гэдэг амаргүй. Х.Тэмүүжин 2008 онд УИХ-ын гишүүн болсон. Би 2009 онд Ерөнхийлөгч болсон. УИХ-ын гишүүн байхдаа л бид хамтарсан. Бүр 2003 онд намайг Харвардаас ирээд “Нүүх үү, үлдэх үү?” гэдэг лекцээ уншаад явж байхад бид хамтарч ажиллаж байсан юм.

Тэр үед “Азийн санаачилга” гэсэн ТББ байгуулчихаад, Монгол Улсын Үндсэн хуульд ямар асуудал байна. Бусад хуульд, шүүхэд ямар асуудал байна гэдэгт бид судалгаа хийж байсан. Энэ чинь арваад жилийн өмнө шүү дээ. Тэр л ажлаа өнөөдөр үргэжлүүлээд  явж байна. Гишүүн болоод бид гурван жил хамтарч ажилласан. Одоо сайд болоод хоёр жил хамтраад ажиллаж байна.

Шинэчлэл хийхэд алдаа гарна. Ажил хийж байгаа хүн алдана. Хэрэв алдаагаа засчихвал улам илүү шинэчлэл хийх боломж гарна. Миний нэг үнэлдэг зүйл бол Х.Тэмүүжин өөрөө үнэлэмжтэй, үнэт зүйлтэй хүн. Тийм улстөрч их цөөхөн байдаг. Сайн улстөрч болох гэвэл есөн шид нь бүрдэх ёстой гээд би хэлдэг. Түүний хамгийн түрүүчийн нэг шид бол явж явж үнэлэмж. Дараагийнх нь хүнтэй харилцах харилцаа. Нийгэм чинь хүнээс бүрддэг шүү дээ.

Алдаагаа засна гэдэг зориг, алдаагаа ойлгоно гэдэг ухаан,алдаагаа давтвал ноцтой

Тэгэхээр тэр цагдаагийн байгууллагатайгаа яаж харилцах вэ. Явж явж цагдаагийн байгууллага бол Х.Тэмүүжин сайдын өөрийнх нь удирдсан агентлаг. Хэрэв Х.Тэмүүжин сайдыг жанжин гэж үзэх юм   бол тэнд байгаа хүмүүс цэрэг нь. Тэр хүмүүстэйгээ хэл амаа ололцоод, зарим нэг зүйл дээр ухрахаар бол ухарч болно. Ухрах зүйл гэж байна. Дандаа юмыг 100 хувь хийнэ гэж байхгүй. Хууль оруулж ирэхэд хүртэл “За энэ гурав дээр зөвшилцье. Энэ нь хүмүүсийн хэлээд байгаагаар цаг хугацаа нь болоогүй юм шиг байна. Гэхдээ энэ 60 хувийг нь ёстой аваад гарна шүү” гэдэг хэлбэр хэрэгтэй байдаг. Тэр “ноцтой” гэдэг дээр хүмүүс айхтар анхаарал хандуулсан байх. Миний “ноцтой” гэж хэлж байгаа нь бол алдааг нэг удаа хэллээ, хоёр удаа хэллээ. Түүнийгээ засахгүй л байгаа бол, улмаар алдаагаа давтаж байгаа бол тэр нь ноцтой алдаа гэсэн үг.

Хэрэв алдаагаа засч байгаа бол том сургамж. Алдаагаа засна гэдэг бол зориг. Алдаагаа ойлгоно гэдэг бол ухаан. Алдаагаа давтахгүй байна гэдэг бол сургамж. Тэр сургамжийг авсан хүн ямар ч алдаа гаргасан байсан, алдаагаа ухаарсан хүнийг миний бодлоор өршөөх ёстой. Уучлах ёстой гэж боддог. Х.Тэмүүжин өнөөдөр Монголын хөгжилд гай болж байгаа юм байхгүй. Х.Тэмүүжин өнөөдөр Монголын хууль зүйн шинэчлэлийн үйл ажиллагаанд гамшиг тарьж байгаа юм байхгүй. Залуу хүн, анх удаа сайд хийх гээд ажиллаж байна. Бид нар ч алдаж байсан. Гэхдээ алдаагаа засаад, олон түмэнтэйгээ зөв харьцаад явахад ажил хийх бүрэн боломжтой. 

Хууль, шүүхийн шинэчлэлийг хийхэд маш олон хүний хүчин зүтгэл орж байгаа

Х.Тэмүүжинг огцруулах тухай асуудлыг өргөн барилаа гэдгийг сонсоод л би хэлж байсан. Х.Тэмүүжинг огцруулахгүй ээ. Хамгаална аа. Энэ хамгаална гэдэг нь бид хууль, шүүхийнхээ шинэчлэлийг хийе гэж байгаа юм. Зарим нь хэлдэг юм. “Х.Тэмүүжин ганцаараа хийдэг юм уу” гэж. Х.Тэмүүжин ганцаараа хийхгүй л дээ. Хууль, шүүхийн шинэчлэлийг хийе гэхэд маш олон хүний хүчин зүтгэл орж байгаа.

Яахав, наад зах нь хүнтэй зөв харилцах ёстой. “Аа, энэ тушаал биелүүлдэг цагдаа. Энэ муу цагдааг сайн цагдаа болгоно” ч гэдэг юм уу. Чи нэг хамт олон дээр ирчихээд л, “Та нар муу. Одоо би сайн болгоно” гэвэл биш л дээ. “Та нар Монголын төрийн тавьсан даалгавар, өгсөн үүргийг биелүүлж өдий хүртэл зүтгэлээ, хөөрхий.

Одоо бидний өмнө ийм асуудал гарч ирж байна. “Та нартайгаа хамтраад энэ асуудлыг ингэж шийднэ. Нийгмийн ийм шаардлага байна" гэх хэрэгтэй. Наад зах нь яриа, хэллэгийн асуудал. Багш байж шүүмжилдэг байдал улстөрч болоход өөрчлөгдөх ёстой. Энэ хүн бол сурч байгаа. Уулзаад ярьж байхад алдсан алдаагаа ойлгож, ухамсарлаж байгаа байдалтай байсан. Одоо улам л цааш ажиллана. Нэг ийм асуудал хүнд маш их сургамж өгдөг. Би өөрт нь хэлээд л загнаж байсан. “Тэмүүжин чи огцорно гэдэг асуудлыг нэг ч удаа өмнөө тавиулж үзээгүй хүн шүү. Огцорч үзээгүй хүн. Чи миний амьдралыг хар даа. Би Ерөнхий сайдаас хоёр удаа өшиглүүлээд, хөөгдөөд бууж л байсан. Авлигатай тэмцлээ, нөгөө талтай нийллээ гээд л хашгираад л. Гадаа цуглаан болоод л. Байшин сав дотор туг хүртэл шатааж байсан даа, зарим үед. Ард түмэн огцруулахгүй гэж хашгиралдаад л. Би тийм юм үзсэн. Би цагдаа дээр, тагнуулын байгууллага дээр дуудагдаад, чамд долоон жилийн ял өгнө. Дөрвөн жилийн ял өгнө гээд яллах дүгнэлт гаргаад шүүхийн танхимд, хаалттай хуралдаанаар би яллуулаад сууж байсан. Чи бол ийм юм хараагүй. Тэр бол надад маш их сургамж өгсөн. Надад дахиад арай өөрөөр энэ харилцааг хараад, шинэчлэлийг хийгээд, амьдраад, юм хийх боломж өгсөн. Тэгэхээр энэ бол чамд зүгээр сургамж болно” гэж хэлсэн.

Би сонсохоос айгаагүй байхад тэр хүмүүс шүүмжлэхээс юунд айдаг юм бэ

Саяын давхар дээлний тухай хэлэлцүүлэг болон Х.Тэмүүжингийн эргэн тойронд хийж байгаа хэлэлцүүлэг ч гэсэн нэгэн гайхамшигтай тал нь монголчууд бид хэлэлцэж л байна шүү дээ.

“Дан дээлний тухайд би өөрийнхөө байр суурин дээр байна. Одоо би үүнийгээ зөв л гэж үзэж байгаа. Өмнө нь давхар дээлний талаар алдаа гаргаж байсан гэж харж байгаа. Үүнийг өөрчлөхийн төлөө явна.

Араас нь батлуулах хуулиудаа батлуулах л гэж зүтгэнэ. Тэр хүмүүс зөв бурууг нь шүүг л дээ. Би сонсохоос айгаагүй байхад тэр хүмүүс шүүмжлэхээс юунд айдаг юм бэ. Тэд шүүмжилж л байг”. Монголын нэг онцлог нь энэ юм. Манай хоёр хөрш гээд харьцуулаад яривал манай хөгжлийн онцлог, хоёр хөршийн онцлог, бидний явж байгаа, сонгож авсан зам гэдэг өөр зүйл.

Зарим албан тушаалтны зүгээс гардаг маш бүдүүлэг алдаанууд байгаа

Хөтлөгч: Яг энэ асуудлын өмнөхөн олон нийтийн сүлжээгээр Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга хоёр хоорондоо таарамжгүй байна. Зөрчилдөөд байна гэсэн үг явж байсан. Нэг нь тантай мөр зэрэгцэж ардчиллын төлөө явж байсан партизан.

Нөгөө нь шинэчлэл хийж байгаа эрч хүчтэй залуу, сайн хуульч. Энэ хоёрын аль алинтай нь ойр явдгийн хувьд “Та хоёр нэг зорилгын төлөө эв зүйгээ олоод явчих аа. Ойлголц оо” гэж та хэлсэн үү?

Ерөнхийлөгч: Хэлэлгүй яах вэ. Бид зөндөө уулзаж байгаа шүү дээ. Ерөнхий сайд ч хамт уулзаад л ярьдаг. Ер нь ойлголцлууд байгаа. Үнэхээр хийж болохгүй, сайдын нүдээр харахад өөрчлөх шаардлагатай хүний тухай асуудал байж магадгүй. Гэхдээ хүний өөрчлөлт, хуулийн өөрчлөлт дээр бодмоор юм байгаа юм. Нэг газар их муу соёл байна. Нэг бол нэг муу хүн хүрээд иржээ гээд, тэр хүнийг өөрийн хүнээр тавина гэдэг бол дахиад нэг хүнийг нэг муу хүнээр ч юм уу, сольж л байгаа юм.

Тэнд хүний л өөрчлөлт явж байгаа болохоос биш яг үнэндээ чанарын өөчлөлт гарахгүй байгаа юм. Тэр бол буруу. Дээрээс хууль хяналтын байгууллагыг ч юм уу, “Энэ дээр чи ийм дүгнэлт гаргаад ир. Үүнийг хууль зөрчсөн гээд гаргаад ир. Гаргахгүй бол чамайг халлаа” гээд тэр хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд оролцох ч юм уу, тиймэрхүү зарим албан тушаалтны зүгээс гардаг маш бүдүүлэг алдаанууд байгаа.

Энэ бол хуулиар хориотой зүйл шүү дээ. Тиймэрхүү алдааг ерөөсөө гаргаж болохгүй. Би түрүүн хэлсэн. Ухамсарласан, ойлгосон алдааг бол өршөөж болно. Өршөөж байх ёстой. Багш хүн хүртэл алдаанаас сурдаг биз дээ. Алдаа бол хамгийн сайн багш. Алдаа, шүүмжлэл гэдэг надад хамгийн сайн багш байсан. Багш хүн хүртэл алдаад, цаашид ойлгодог гэж боддог. Эд нар ойлголцоод, хамтраад явчих боломжтой. Би Билэгтийг орж ирэхэд толгой түрүүгүй ч загнаж байсан. “Чи өргөдлөө өг. Чи яв. Чи үнэхээр энэ Цагдаагийн албаны хуулийг хэрэгжүүлж чадахгүй гэж байгаа бол яв. Боллоо. Тэмүүжингийн асуудал орж ирээд юм уу, чиний асуудал ороод ирэхэд би чамайг явуулна шүү. Чи наад цагдаагийнхаа удирдлагыг хийгээд ажилласан шиг ажилла” гэж. Бидний хооронд тийм юм байдаг юм. Тийм үгийг даадаг, тийм итгэлийг хүлээдэг.

Хамгийн итгэж байгаа хүндээ хатуу, үнэн үгээ хэлж л байх ёстой

Ер нь би улс төрийн амьдралаас нэг л юм харсан. Үнэхээр боломжтой, итгэдэг хүндээ бол хүн чанга, хатуу үгийг нүүрэн дээр нь хэлдэг. Итгэдэггүй, тэрийг авдаг ч үгүй, эргээд доромжилсон, харьцсан тийм хүнд үг хэлээд хэрэггүй шүү дээ. Бараг магтаад гаргасан нь дээр. Бараг энгэрт нь Хөдөлмөрийн хүндэт медалийг нь зүүж өгөөд гаргасан нь дээр. Тэгж яваад л энэ нийгэм дотор тэр хүн өөрийнхөө байдлыг таниулна шүү дээ. Хамгийн итгэж байгаа тэр хүндээ хатуу, үнэн үгээ хэлж л байх ёстой.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид нар сууж байгаад, яг нүүр нүүрэн дээрээ яриад л гардаг. Бүх юман дээр бидний байр суурь нийлнэ гэж байхгүй. Бид өнөөдөр Тавантолгой ярихгүй, Татварын хууль ярина гэж. Татварын шинэчлэл маш их чухал зүйл болж байна. Манайд нэг үг байдаг. “Төр байгаа учраас татвар байгаа” гэж. Үүнийг буруу ойлголт гэж би боддог. “Төр байгаа учраас ард түмэн байгаа” гэж хэлж болохгүй. Ард түмэн байгаа учраас төр оршин байгаа. Нөгөө талдаа ард түмэн дотор татвар төлөгч орно. Тиймээс татвар төлөгч байгаа учраас төр байгаа. Татвар төлөгч байгаа учраас надад цалин өгч байгаа. Татвар төлөгч байгаа учраас өнөөдөр би машин унаад явж байгаа. Тийм учраас татвар төлөгчид рүүгээ хандъя.

Дарга нараас илүү ажлаа хийгээд зүтгэж яваа иргэдээ сонсох хэрэгтэй

Өнөөдөр манай баялгийн 80 хувь нь төрөөс хамаарахгүй байна. Тэгвэл 80 хувийн хайр халамжаа тэр татвар төлөгчид рүүгээ явуулъя. 20 хувь нь төрдөө байг. Манай төрийн зардал 20 хувь байх ёстой, одоо 50 хувь болчихоод байна. Хэтэрчихээд байна гэдэг үүнийг л хэлж байгаа. НӨАТ-ыг харж байхад, олон нийтээс сонсоход зарим нь 50 сая төгрөгөөс чөлөөлж өгнө. 100 сая төгрөг болгоно гэж. Олон түмний амыг хараад байхад асуудлыг шийдэхгүй юм шиг байна. Харин жигд тавьчих. 10 хувиа магадгүй таван хувь болгочих. Томоос нь ч тэр таван хувиа ав. Жижгээс нь ч тэр таван хувиа ав гэдэг маягаар явбал НӨАТ-ын шийдэл зөв болох юм байна лээ. Сайд, дарга нар гэхээс илүү яг ажлаа хийгээд зүтгэж яваа тэр хүмүүсээ сонсох хэрэгтэй.

Хууль, шүүхийн шинэчлэлээсээ алхам ч ухрахгүй

Шүүхийн салбарын өөрчлөлт, шүүхийн өөрчлөлт хийхэд хамгийн түрүүнд 20 жил загнуулж адлуулсан хүмүүс чинь хөөрхий шүүгчид байдаг юм шүү дээ. Тэр сайд дарга нар гэхээс илүү яг ажлаа хийгээд явж байгаа хүмүүсээс сонсох хэрэгтэй. Шүүгчид хоёр талын аль нэгийг хохироож шийдэх тохиолдол бий.

Зовлон үзсэн чавганц гэдэг шиг шүүхийн шинэчлэлийг хамгийн сайн хүлээж авч байгаа бүлэг бол шүүгчид юм. Харин одоо манай цагдаа нар ингэж эерэгээр хүлээж авах ёстой. Болохгүй байгаа зүйлээ засаад явна. Харин хууль, шүүхийн шинэчлэлээсээ алхам ч ухрахгүй ээ. Чадахгүй байгаа зарим хүмүүстэй хариуцлага тооцоод л цааш явна.

Монголд хийх ажил, шийдэх асуудал мундахгүй бий

Охид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, байгаль орчны асуудал, ард иргэдийн боловсролын асуудал гээд Монголд хийх ажил, шийдэх асуудал мундахгүй бий.

Төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүмүүст онцгой үүрэг хүлээлгээд ажиллуулах ёстой гэж боддог. Жишээ нь би хувьдаа М.Энхсайханд баярлаж явдаг. Тавдугаар цахилгаан станцыг хариуцаад зүтгэж байна шүү дээ. Өөр ямар нэг хүн, эсвэл М.Энхсайхан очоод ажил бүтээх хоёр тэс ондоо.

Намын сонгуулийн ажил гэлгүй тэр станцаа бариад хүлээлгэж өгөөд явбал том гавьяа шүү дээ. УИХ-ын гишүүн байсан Д.Одхүү усан цахилгаан станц яриад явж байгаа. Энэ бас л нэг ажил шүү дээ. Ингэж эргэж тэр сайн холбоо хэлхээ, өөрийн хуримтлуулсан сайн туршлагаа ард түмэндээ зориулж, ажил хийж чадаж байгаа хугацаандаа зөв л юм хийх хэрэгтэй.

Үүгээр бүр ҮАБЗ-ийн зөвлөмж баталгаажуулах юмсан. Тэгвэл тэр залгамж чанар үлдэх юм. Ярилцаж байгаад томоохон хэмжээний таваас зургаан бүтээн байгуулалтын нэрсийг жагсааж, засаг, төрийн ээлж халаа солигдсон ч тухайн бүтээн байгуулалтыг болон түүний удирдлагыг өөрчлөхгүй байхаар тогтох ёстой. Хэрэв өөрчлөхөөр бол ҮАБЗ-өөс зөвшөөрөл авч байхаар тогтох хэрэгтэй. Ингэвэл улстөржихгүй, тухайн бүтээн байгуулалтын удирдлага юм үзсэн, амьдрал мэддэг, ёс зүйтэй хэдэн зоос гэж хөөцөлдөхгүй байх учиртай. Ингэж чадвал монголчуудын амьдрал ахуй дээшлэх учиртай.

Монгол Улс сэрүүн байна гэсэн үг

Хөтлөгч: Гадаадын банк оруулж ирэх гэж байна гэсэн сүрхий дуулиан, хардлага дагуулаад байгаа. Манай эдийн засгийг 10-11 тэрбум ам.долларын багтаамжтай гэж мэргэжилтнүүд үздэг.

Төрийн өмчит томоохон банк ороод ирвэл мөнгө төгрөгийг нь шингээх, үндэсний аюулгүй байдал гэх мэт асуудал үүснэ гэх айдас бий. Хүн нь ч тэр, төр нь ч тэр, бүгд өр зээлэнд баригдчих вий гэсэн болгоомжлол байна.

Нөгөө талаас зарим ултөрчид Умард Солонгос, Куба манай гурваас өөр улсад гадны банк байна. Манайд болохгүй нь юу байна гэж ярилцаж байна. Үүний тэнцвэр, зааг ялгаа юу байна вэ?

Ерөнхийлөгч: Аливаа зүйлийг шууд хар цагаан, сайн муу гэж хэлэх ямар ч боломжгүй. Энэ асуудал хуультай. Засгийн газар, Монголбанк, ҮАБЗ-ийн зөвшөөрлийн дагуу гадаадын банк орж ирэх боломжтой. Иймээс энэ асуудал гурван давхар цоожтой гэсэн үг. “Манайд цөөхөн банк байна, өндөр хүүгээр ард иргэдээ шулж байна, бага хүүтэй зээл өгөх гадаадын банк оруулж ирмээр байна” гэж ярьж байна. Тэгэхээр бид чухам ямар банкийг оруулах боломжтой вэ? Төрийн өмчит гадны банкийг Монгол хориглох юм байна. Гадаадад нэр хүндтэй “3А” зэрэглэлтэй банк оруулж ирэх боломжтой юм байна.

Монголд орж ирээд хувь хүнээс хадгаламж авах эсэх, эсвэл хадгаламж авахгүй, дотоодын аж ахуйн нэгжид зээл өгдөг, үндэсний аж ахуйн нэгжүүдийг босгоход дэмжлэг үзүүлэх гэх мэт сонголтууд байна. Ингэснээр энэ бүхэн тэнцвэржих болно. Аливаа зүйлийг огт хориглох, эсвэл бүрэн зөвшөөрөх нь учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр ард иргэд энэ талаар ярилцаж, санаа зовж, шүүмжилж байна гэдэг л гайхамшигтай шүү дээ. Монгол Улс сэрүүн байна гэсэн үг.

Ард түмэн бол миний аав ээж

Хөтлөгч: Таны хувьд 2013 он олон зүйлийн талаар эргэцүүлэн бодох үе байсан байх. Бүх ард түмнийхээ дэмжлэгийг авч, төрийн тэргүүнээр улиран сонгогдсон. Хайрт ижийгээ алдсан. Эр хүний хувьд, нөгөө талаар төрийн тэргүүний хувьд, бүх зүйл дээр ноён нуруутай байх олны нүдэнд нулимсаа харуулахгүй байх гэх мэт хүнд зүйлүүдийг хэрхэн даван туулж байв. Уйлмаар байсан ч нулимсаа дотогш залгих зовлон төр тэргүүлж буй хүнд байдаг юм болов уу?

Ерөнхийлөгч: Манайд “Баян хүнийг балаг тойрохгүй” гэж кино гардаг байсныг санаж байна. Үүнийг хараад баян хүнд хүртэл зовлон бэрхшээл байдаг юм байна гэж би хувьдаа бодож байлаа. Монголчууд бид эзэн хаантай байсан. Тэр хүнд хүртэл зовлон байсан шүү дээ. Ээжийнхээ үгийг сонсч, ээжээ шүтэх монголчуудын сайхан уламжлал Хүннүгийн үеэс эхлээд Чингис хаанаас ч эхтэй. Түшиж тулах хүмүүс хорвоогийн жамаар явахад ард түмэн байдаг. “Ард түмэн бол миний аав ээж. Би та бүхний хүү шиг та бүгдийн төлөө зүтгэнэ” гэж би хоёр дахь удаагаа сонгогдох гэж байхдаа хэлж байсан.

Миний хийх зүйлүүд болон хэрхэн хийх нь маш тодорхой. Ерөнхийлөгчийн ажиллах цаг хугацаа өдөр хоногоор багассаар байна. Тэгэхээр цаг хугацаагаа тооцоолж алинд нь ач холбогдол өгөх вэ гэдгийг тооцоолж ажиллах хэрэгтэй.

Гадаадын иргэд Монголыг ойлгож бидний хууль журмыг мөрдөх ёстой

Тэгэхээр бид тийм хүмүүсийн үр сад юм. Тийм хүмүүсийн газар нутагт ирээд тэр хүмүүсийн үр садтай харилцах гэж байгаа бол үүнийг ойлгох ёстой. Оюутолгой ХХК-ийн хуучин захирал нутаг буцаагүй шиг байгаа юм. Нэг сонинд ярилцлага өгсөн байна. Тэгсэн тэр “Би Монголд амьдрахаар шийдлээ, Монголыг бүрэн ойлголоо” гэж ярьсан байна лээ. Гадаадын иргэд Монголыг ойлгож бидний хууль журмыг мөрдөх ёстой. Бид өөрийн гэсэн хууль, уламжлал, бахархалтай улс орон. Үүнийг битгий доромжил. Энэ бүхэнтэй хамтраад энэ баялгаас хамтдаа ашиг олоод явъя. Эндээс олох хөрөнгө мөнгөө боловсрол, хөдөө аж ахуйн салбартаа зарцуулъя. Мал аж ахуй гэж ямар сайхан салбар байна. Бид жилдээ 15-16 сая арьс шир, 6000 тонн ноолуур гадаадад гаргаж байна. Нийт ноолуурын дөнгөж 300 тонныг нь дотооддоо ашиглаж байна гэж байна. Энэ бүхнийг аваад үлдэхэд Оюутолгойгоос илүү нөөц боломж бидэнд байна.

Одоо бид хоёр хөрштэйгээ шийдэх асуудлуудаа шийдэх хэрэгтэй

Хөтлөгч: Аавыгаа зурагтаар гарахад баярладаг шиг бид таныг энэ тэнд явахад, томчуудтай уулзахад бахархаж л суух юм. Цаана нь Монгол Улсын нэр гардаг болохоор тэр.Ерөнхийлөгч маань энэ томчуудтай эн зэрэгцэж явж байна шүү гээд л.  Та хойд, урд хоёр хөрштэйгээ хэр сайхан харилцаатай байгаа вэ. Сочид Путинтэй уулзаж байгаа харагдсан. Ер нь уулзахаараа юу ярих вэ?

Ерөнхийлөгч: Путин ерөнхийлөгчтэй  уулзсан тоогоо алдсан байна. 10 гарсан байх. Ши Жинпинтэй нэлээд хэд уулзлаа. Жилд нэг уулздаг байсан бол энэ жил бараг гурав дөрөв ч уулзах байх. Урд хөршид  2011, 2012 онд  удирдлагын солилцоо боллоо. Манайд ч бас 2012 онд парламентын сонгууль, 2013 онд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. 

Хойд хөршид Ерөнхий сайд байсан Путин Ерөнхийлөгч болсон гэх мэт удирдлагын өөрчлөлтүүд гарсан. Энэ дээр бас харзнасан зүйл байдаг юм. Одоо шинэ удирдлагууд гараад эдийн засаг, хөтөлбөр бүх юмаа боловсруулаад ажил нь яг эхэлж байна. Монголтой яаж харилцах вэ, Орос ямар үйл ажиллагаанд оролцох вэ гэдгийг бид нар хараад явж байгаа. Путин Ерөнхийлөгчтэй уулзаад гар барихад “Алив ажиллая. Ажлаа хийе” л гэдэг. “Монголд ийм ийм юм хийе, төмөр замыг ингэе, ингэж хамтран ажиллая” гэдэг. Ши Жинпин даргатай уулзахад манайхтай олон жил яригдаж байгаа ажил дээр хятадын талаас оролцоход бид бэлэн байна гэдэг.

Ингээд л сайдуудаа явуулаад л, жилдээ нэг удаа ирдэг байсан бол одоо таваас зургаан удаа ажлын шугамаар ирж байна. Айлчлалын үеэр ажил амжиж өгдөггүй юм. Хоёр том дарга уулзаад, хэвлэлийнхний өмнө 30 минут протоколын үгээ хэлээд, орой цайллаганд хоёр хуудас үг хэлээд л дуусдаг. Одоо бид маш ажил хэрэгч байдлаар ажиллах хэрэгтэй. Үнэхээр Монголын төлөө юм шийдье. Монголын ард түмний эрх ашигт нийцсэн, хоёр улсын харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх ажил байвал шууд уулздаг ийм айлчлалууд хийх хэрэгтэй.

Сочигийн олимпод очиж байгаа нь Монгол Улсын зүгээс оросууд хүн төрөлхтний гайхамшигт наадмыг амжилттай зохион байгуулж байгааг нь дэмжиж буйгаа илэрхийлж очиж байгаа явдал юм. Одоо тавдугаар сард дөрвөн жилд нэг удаа болдог Бүс нутгийн аюулгүй байдлын байгууллагын дээд хэмжээний уулзалт Хятадын Шанхай хотод болно. Тэнд очоод хоёр хөршийнхөө удирдагчтай уулзана.  Манай Ерөнхий сайд Петербургийн уулзалтад очиж мөн уулзана.

Одоо бид хоёр хөрштэйгээ шийдэх асуудлуудаа шийдэх хэрэгтэй.  Ингэхийн тулд бидэнд бусад улстай харьцах тэнцвэр гээд их юм бий л дээ.  Одоо тэр хүмүүсийн баг хийх ажилдаа орж байна. Бид ч бас орох хэрэгтэй. Бид нүүрс зөөнө. Төмөр замаа яах вэ гээд таваас зургаан жил хэрэлдэж суулаа. Бүтэхгүй байна.

Иргэд нь хүчтэй бол Монгол Улс хүчтэй байна

Манай хоёр хөршийн хөгжлийн философи бол Монголоос өөр. НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн тавхан гишүүн орон байдгийн хоёр нь биднийг тойроод байна. Манай хөршүүд “Төв нь хүчтэй бол тэр улс хөгжил цэцэглэлтэй байна, ард нь амгалан байна” гэдэг. Харин манайд бол “Иргэд нь хүчтэй бол Монгол Улс хүчтэй байна” гэсэн философи байдаг юм.  Тиймээс бидэнд аль нэг улсыг шүүмжлээд дүгнээд байх шаардлага байхгүй. Хоёр хөрштэйгээ харилцах харьцаа Монголд хамгийн чухал.  Дэлхийд хоёрхон ийм их хөрштэй орон бол Монгол орон л юм. Хоёр хөрштэйгөө эдийн засгийн асуудлаа ярина. Иргэд зорчих асуудлаа ярина. Бидний хооронд ярилцах асуудал байнга байна. Хоёр хөршийн тэргүүнд хэлдэг миний үг бол “Үе үедээ, аль аль ард түмнийхээ, аль аль орныхоо эрх ашгийг хамгаалж асуудлаа шийдээд явья” гэсэн ийм л байр суурьтай байдаг. 

Хөтлөгч: Бидний ярилцах хугацаа үүгээр өндөрлөж байна. Хоёр цаг 30 минут Төрийн тэргүүнтэй ярилцлаа. Таны санаачилсан бүх нийтийн мод тарих өдөр тавдугаар сарын 10-ны өдөр эхлэхийг танд мэдээ болгон хүргье. Танд ажлын амжилт хүсье!

Ерөнхийлөгч: Баярлалаа бид нийлж нэгдээд зүтгэх юм бол Монгол Улс хөгжих болно. Монгол хүний нэг сайхан зан чанар байдаг, ирээдүйдээ их өөдрөг ханддаг. Ямар ч судалгаанаас үзэхэд “Та ирээдүйдээ хэр итгэлтэй байна вэ?” гэхэд 80 хувь нь “Би ирээдүйдээ итгэлтэй байна” гэж ханддаг.

Тэгэхээр энэ бол Монголчууд нийгмээ улам цааш нь сайн сайхнаар авч явна ирээдүйн эзэд нь бид юм. Бид чадна гэсэн үг юм. Миний ард түмэн чадна. Ард түмэндээ дахин дахин баярлалаа. Ингэж уулзах боломж олгосон UBS телевизийнхэнд баярлалаа.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.