В. Путин Украины 4 мужид дайны бэлэн байдал зарлажээ

Twitter Print
2022 оны 10-р сар 20-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт Украины Донецк, Луганск, Запорожье болон Херсон мужуудад дайны байдал зарлажээ.

Түүний хэлснээр дээрх 4 мужид ОХУ-ын нутаг дэвсгэрт нэгдэхээс ч өмнө дайны байдал хэрэгжиж байсан ч одоо үүнийг ОХУ-ын хуулийн хүрээнд бататгах шаардлагатай болжээ.

Дайны байдал зарласнаар Украины дээрх 4 мужид Оросын эрх баригчид иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоох, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглох, иргэдийн өмч хөрөнгийг хураах, иргэдийг "батлан хамгаалах" ажлын хүрээнд албадан ажиллуулах, аж ахуйн нэгжүүдийн ажлын хуваарийг өөрчлөх, иргэдийн автомашин, гэр орныг нэгжих, иргэдийн шуудан, нийгмийн сүлжээ, утасны яриаг хянах эрхтэй болох аж.

Түүнчлэн Ерөнхийлөгч В. Путин Оросын орон нутгийн удирдлагуудын эрх мэдлийг нэмэгдүүлжээ.

Украинтай хиллэдэг болон ойролцоо байрлах Крым, Севастополь, Краснодар, Белгород, Брянск, Воронеж, Курск, Ростов мужуудад мөн тусгай дэглэм тогтоожээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зөвлөх Михаило Подоляк өөрийн твиттер хуудаснаа В. Путин дайны байдал зарласан нь юу ч өөрчлөхгүй, украинчууд Донецк, Луганск, Херсон болон Запорожье мужуудаа буцаан авахын тулд тэмцсээр байх болно хэмээн бичжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.