Жолооны ард гар утсаа ашиглаж байгаа жолоочдыг илрүүлэх ухаалаг камеруудыг ажиллуулж эхэлжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 02-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Австралийн Нью Саут Уэльс муж жолооны ард гар утсаа ашиглаж буй жолоочдыг илрүүлэхээр бүтээгдсэн "өндөр үзүүлэлт бүхий камернуудыг" өнгөрсөн ням гарагаас эхлэн албан ёсоор ажиллуулж эхэлжээ.

Нью Саут Уэльс мужийн сайд Эндрю Констансын мэдэгдсэнээр жолооны ард хууль бусаар гар утас ашиглаж буй явдлыг "хөдөлгөөнт болон суурин камерны" тусламжтайгаар илрүүлэх гэнэ. Мужийн тээврийн газраас мэдээлсэнээр жолооны ард гар утсаа ашиглаж буй жолоочдыг илрүүлэх камернууд нь хиймэл оюун ухаан ашигладаг ба уг камераар илрүүлсэн жолоочийн зургийг албаны хүмүүс давхар хянаж, зургийг найдвартай эх үүсвэрт хадгална гэжээ.

 Ирэх 3 жилийн хугацаанд Нью Саут Уэльс муж даяар ямар нэг анхааруулга, сануулгагүйгээр 45 хөдөлгөөнт камерийг суурилуулна хэмээн Австралийн Скай Ньюс агентлаг мэдээлсэн байна. Эхний 3 сард хууль зөрчсөн жолоочид сануулга бүхий захидал хүлээн авах ба цаашид замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч 344 ам. доллар хүртэлх торгууль төлж, жолооны үнэмлэх дээрээ торгуулийн оноо давхар авах аж. Нью Саут Уэльс мужийн сайд Эндрю Констанс, "Нью Саут Уэльс мужийн засгийн газар зам тээврийн ослоор нас барагсдын тоог бууруулах ажилд маш нухацтай хандаж байгаа ба жолооны ард гар утсаа ашиглаж буй жолоочдыг илрүүлэх камеруудыг суурилуулах нь уг ажлын нэг хэсэг юм." хэмээн онцолжээ.

Холбоотой Зураг

Зам тээврийн дүрэм зөрчигсдийг илрүүлэх технологийг нэвтрүүлэх туршилтын хугацаанд жолооны ард гар утсаа хууль бусаар ашигласан 100 мянган тохиолдлыг илрүүлсэн байна. Ройтерс агентлагаас мэдээлж байгаагаар 2019 онд Нью Саут Уэльс мужид зам тээврийн ослоор 329 хүн нас барсан бол 2018 онд энэ тоо 354 байжээ. Нью Саут Уэльс мужийн эрх баригчид зам тээврийн ослоор нас барагсдын тоог 2021 он гэхэд 30 хувиар бууруулахаар зорьж байгаа аж.

Мужийн зам тээврийн дүрмийн дагуу жолооч автомашины зорчих хэсгээс гарч, зориулалтын зогсоолд зогсч байхдаа жолооны ард гар утсаараа нийгмийн сүлжээ ашиглах, видео дуудлага хийх, зураг авах, хөгжим сонсох боломжтой бол автомашин жолоодож байхдаа гарны оролцоогүйгээр дуудлага хийх, дуудлага хүлээн авч болох аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.