Мал шиг тэнэг монгол хүн маш олон болжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 30-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

Мал шиг тэнэг монгол хүн маш олон болжээ... гээд зориглоод хэлчихье. Ингэж хэллээ гээд намайг олон хүн барьж идэх нь мэдээж. Гэвч үнэн юм чинь... Мал шиг тэнэг монгол хүн маш олон байна.

Саяхан би фейсбүүк хуудсандаа “Монголчууд бид энэ өвөлжингөө л галаа яаж түлэхийг төр засгаар заалгав. Дараа нь гараа яаж угаахыг заалгав. Энэ дашрамд маск яаж зүүхийг бас давхар заалгаад авлаа. Бид их юм сурч, мэдэж авч байна. Монголчуудад одоо үсрэнгүй хөгжих үүд хаалга нээгдлээ. Төр засагтаа маш их баярлалаа. Эрдэм ном гэдэг оройгүй гэдэг нь үнэн юм байна...” гэж бичээд тавьчихав. Амьхандаа егөөдөж байгаа ухаантай юм л даа. Гараа угаах, маскаа зүүхийг хүртэл төрөөрөө заалгаж байгаа монголчуудыг ямар арчаагаа алдсан болохыг далдуур чимхэж, мөн төр засаг нь ард иргэддээ ямар “Ховор нандин” юм зааж сургаж байгааг егөөдсөн хэрэг. 

Тэгтэл зарим нь энэ үгний далд утгыг ер ойлгосонгүй. Тэдний дунд боловсролтой сэхээтэн, бас зохиолч, яруу найрагч гэх нөхөд ч цохиж явах шиг. Тэд юу гэж хэлсэн гээч? “Төр засаг ер нь ингэх л ёстой. Бидэнд зааж сургах нь тэдний үүрэг. Тэгэхдээ та маш буруу ухаарч байна. Гараа яаж угаахыг заалгасан нь үсрэнгүй хөгжлийн үүд хаалга биш. Харин байшин барилга барих л үсрэнгүй хөгжлийн үүд хаалга. Галаа яаж түлэх нь эрдэм номын оргил биш. Харин эрдэм номын оргилд хүрэх нь хүүхэд залуучууд хичээл сургуульдаа сайн сурах явдал юм. Амандаа маск зүүхийг төрөөр заалгах нь туйлын зөв. Ингэж заалгасны хүчинд л бид өнөөдөр короно вирусын халдвар авахгүй байгаа юм. Хэрвээ маскаа буруу зүүсэн бол монголчууд бид аль хэдийн вирусын халдвар авчихаад бүгдээрээ хиарч байгаа...” гэх мэтээр урсгаж өгдөг байгаа.

Ухаангүй төрд урагшгүй албат гэдэг л энэ дээ. Харин арай дөнгүүр боловсролтой нэг нь “Нээрээ бид төр засгийнхаа хүчээр их юм сурч мэдэж авч байна. Одоо харин төр засаг маань амандаа зүүгээд хэрэгцээ нь дууссан маскыг хаана, хэрхэн, яаж хаяхыг, цонхоо хэрхэн онгойлгоод өрөө тасалгаандаа хэрхэн яаж салхи савир оруулахыг бидэнд заагаад өгчих хэрэгтэй. Тэгвэл бид цэнгэлийн манлайд хүрч, үсрэнгүй хөгжлийн үүдэн дээр зогсох болно...” гэх мэтээр зөрүүлээд егөөдөж байх жишээтэй. Гэхдээ ингэж егөөдөж байгаа хүн өдрийн од шиг цөөхөн. Харин төр засгийн зөв, төр засаг маань бидэнд ингэж зааж сургахгүй бол өөр хэн ингэж зааж сургах юм бэ? гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй нөхөд маш олон байх аж. Ийм болохоор л ардчилсан төрт Монгол улс сүүлийн гучин жилийн туршид огт хөгжихгүй, тэгээд маанагдуу голдуу иргэдээр дүүрсэн сонгуулийн тойргуудыг аргатай зальтай, луйварчин улс төрчид тархи угаалт маягаар ээлж дараалан эзэгнэж суусан байна шүү дээ.

Мөн хоёр сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчлаад гучин мянган хонь хандивлах үед монголчууд ямар их хэнээтэй, нэг нэгнээ дагаж туйлширдаг, хоосон нойтон шахуу мөртлөө ямар их хөөрүү болохыг олон үйл явдал гэрчлээд авлаа. Жишээ нь Х.Баттулгыг гучин мянган хонь Хятадад хандивласны дараахан “Одоо монголчууд бид Япон, бас хэдэн мянган монголчууд маань ажиллаж, амьдарч буй Солонгосдоо юм бодно байгаа даа...” гэсэн пост зөндөөн явж байв. Тэгээд үүнийг нь “Өглөгч хүн өөртөө хоосон” гэдгийн үлгэрийг санагдуулсан хөөрүү зарим нь дэмжээд “Японд бол гучин мянган хонь дэмий. Тэд адууны маханд их дуртай. Зуун мянган адуу хандивлачих хэрэгтэй” гэж цээжээ дэлдэж байхыг яана. Харин егөөдөх дуртай зарим нь “Солонгост бол таван хошуу малнаасаа өгөөд дэмий. Харин гучин мянган нохой хандивлах хэрэгтэй. Яагаад гэвэл тэд нохойны маханд нугасгүй дуртай” гэсэн байх аж.

Япон болон Солонгост хонь малын хандив өргөх аяны эсрэг би бас дуугүй суусангүй. “Одоо болно оо. 30 тэрбум ам.долларын өрөнд баригдсан Монгол ямар тусламжийн донор орон биш дээ... Тэгээд ч Япон, Солонгос хоёр бол бидэнтэй бидэнгүй өөрсдийгөө болгочих амьжиргаа сайтай, аварга том үйлдвэрлэгч орон... Харин уул уурхайгаа гадныханд тонуулж, ганц саалийн үнээ “Эрдэнэт” үйлдвэрийнхээ 49 хувийг луйвардуулчихаад байгаа бидэнд хагалж идэх хэдэн хониноос өөр юу байгаа билээ. Ингэхэд манай төр засаг яг өөрийн гэсэн хэдэн хоньтой юм бол? Бүгдийг нь хувьчлаад хаячихаа биз дээ? Тийм л юм өгөхийн дон тусчихаад байгаа юм бол газар нутгаасаа жаахан хэлтлээд өгчихмөөр юм даа...” гэж хэлээд тавьчихав. Тэгтэл бас л нөгөө маанагууд гарч ирээд “Та яасан тэнэг хүн бэ? Таньд эх оронч сэтгэлгээ гэж байна уу. Газар нутгаасаа гадныханд яасан ч өгч болохгүй. Харин оронд нь мал өгөх хэрэгтэй” гээд л егөөдөл гээчийг ойлгохгүй өөрсдөө ёстой л мал шиг загнаж байх жишээтэй.

Саяхны нэг жишээ гэвэл “Шизо өвчтэй Осоржамаа гэгчийн лайванд хорин мянган хүн лайк дардаг хэрнээ эдийн засагч Н.Дашзэвэгийн лайванд 25 хүн лайк дардаг тэнэг монголчуудыг яана даа” гэсэн ганц нэг пост цахим ертөнцөөр тэнүүчилж явна. Монголчууд бас бүгдээрээ тэнэг болчихоогүйг энэ пост хэлээд байх шиг. Ядаж л эдийн засагч Н.Дашзэвэгийн лайвыг үзээд лайк дарсан 25 сэхээтэн байгаа бололтой. 

1998 онд би бээр “Ил товчоо” сонинд ажиллаж байхдаа “Их Засаг”-ийн Н.Ням-Осортой ярилцлага хийж байлаа. Тэр үед Монгол улс 25 сая мал тоолуулаад байсан цаг. Тэгтэл Н.Ням-Осор “Монгол улс хоёр сая хүнтэйгээ нийлээд 27 сая малтай” гэж ярьдаг юм. Үүний учир нь гэвэл малаасаа дээрдэхээргүй хүн сүрэг Монголоор дүүрчээ гэсэн санаа агуулсанд байв. Түүний энэхүү эсэргүү яриаг тухайн үеийн өдөр тутмын зарим сонин өлгөж аваад л нийтэлж байсан санагдана. Үүн шиг өнөөгийн Монгол улсад жаран сая малнаас нь гадна өчнөөн мянган “хүн сүрэг” бас бэлчээрлэж яваа юм биш үү? Тэд нар нь тэгээд зүгээр л гар утсаа маажаад хэвтэж байдаг, төр засаг, нам эвслүүдээс эсэн бусын зүйл шаардаж бэлэнчилсэн, гаднаа маанаг дүртэй, дотроо луйварчин төрхтэй төр засаг нь ч тэднийхээ үгэнд ороод элдэв төрлийн зээлийг нь хөнгөлөөд л нэр төр олж авах гээд улайрч суухыг яана. 

Үнэнийг хэлэхэд Монголд мал шиг тэнэг хүн маш олон болжээ. Тийм болохоор л одоо болох УИХ-ын сонгуульд хоёр зуу гаруй хүн бие дааж нэр дэвшихээ мэдэгдсэн байх бөгөөд мал шиг тэнэг монгол хүн маш олон болсон болохоор л эдгээр бие даагчид тэдний тархийг амархан эргүүлж дөнгөнө гэж бодсон бололтой.

Б.Ойдов 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Цус ойртолт

      (202.126.89.81) 2020-05-04 06:56
      • 0
      • 0

      Хэлээд юу хэв ! Хотыг хамгийн их хорлосныгоо хотын даргаар улсыг хамгмйн их хорлосныгоо улсын даргаар сонгоно!

      Хариулах

    • Харамсал

      (95.118.59.175) 2020-04-30 15:18
      • 0
      • 0

      Жинхэнэ үнэн .Ухаад ойлгох ухаангүй. Бие биенийхээ амыг дагаж худал мэдэмхийрсэн хүмүүс их байдаг болсон байна лээ.

      Хариулах

    • Зочин

      (192.82.75.86) 2020-04-30 13:09
      • 0
      • 1

      Үнэн үнэн

      Хариулах

    • Зочин

      (182.160.33.101) 2020-04-30 12:34
      • 0
      • 1

      Ёстой одоо байгаа бидний үнэн нүүр царай энэ байна даа. Манжийн сөнөл манийг хүлээж байгааг мэдсээр байж манай төр засаг юу ч хийхгүй байгаа нь бүр ГОЁ.

      Хариулах