Испани Финал

Twitter Print
2014 оны 05-р сар 01-нд 09:26 цагт
Мэдээний зураг,
Урд шөнө “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээгийн сүүлийн хариу тоглолт боллоо. Энэ удаа Испанийн “Атлетико Мадрид” клуб Английн “Челси”-г талбай дээр нь 3:1-ээр хожиж финалд шалгарлаа. Долоо хоногийн өмнө гэртээ 0:0-ээр тэнцээд байсан “Атлетико”-д боломж илүү байсан ч “Челси” нэг гоолын зөрүүтэй хожиход л Лиссабоныг зорих байлаа. Лондон хотын “Стэнфорд Бридж” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтонд Ф.Торрес 36 дахь минутанд эхний гоолыг оруулж бага зэргийн тэргүүллийг авч ирсэн. Гэхдээ энэ нь Английн багийн сүүлчийн гоол байв.

Үүнээс хойш зочин багийн тоглолт илт сэргэж 44 дэх минутанд Адриан Лопез тэмцээний гоолыг оруулсан байна. Мөн хоёрдугаар үеийн 60 дахь минутанд Д.Коста торгуулийн цохилтоор гоол оруулжээ. Тоглолт энэ хэвээр өндөрлөвөл “Атлетико” шигшээд тоглох байлаа. Гэхдээ тоглолтын эцсийн цэгийг “Челси” биш зочин баг тавьж Турк легонер А.Туран 72 дахь минутанд багийнхаа гурав дахь гоолыг хаалганд хийснээр Мадридын клуб түүхэндээ хоёр дахь удаагаа шигшээд шалгарлаа.

Энэ улиралд Европын шилдэг 32 баг “Аваргуудын лиг”-т өрсөлдөж 12 тоглолт хийхдээ “Атлетико” хожигдоогүй ганцхан баг нь хэвээр байна. Мөн 2013-2014 оны финал Португалын нийслэл Лиссабон хотод болох бөгөөд нэг улсын, нэг хотын хоёр баг тавдугаар сарын 24-нд “Дэлдэн чихт” цомын төлөө өрсөлдөхөөр болсон нь энэ юм.

Д.Сименоегийн шавь нар өнөө жил гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Тэд “Ла лиг”-тээ 88 оноотой тэргүүлж байгаа бол “Аваргуудын лиг”-ийн цом хүртэх боломжоо нээлээ. “Ат.Мадрид” энэ улиралд “G” хэсэгт багтаж ОХУ-ын “Зенит”-ийг 3:1, 1:1, Португалын “Порту”-г 2:0, 2:1, Австрийн “Австри Вена”-г 4:0, 3:0-ээр хожсон бол шөвгийн 16-д Италийн “Милан” клубыг 4:1, 1:0, дунд шөвөгт нутгийнхаа шилдэг клуб “Барселона”-г 1:1, 1:0, хагас шигшээд Английн “Челси”-г 0:0, 3:1-ээр буулган авч мөрөөдлийн цомын төлөөх сүүлчийн тулаанд шалгаран үлдлээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.