Туйлшрал буюу ёс заншлаас авахыг нь авч, хаяхыг нь хаяя...

Twitter Print
2023 оны 05-р сар 14-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

БАС НЭГЭН ТУЙЛШРАЛ

Дээр явуутаар нэг айлд очиж хонотол нөхөр нь "Би бол гарын таван хуруу шиг хүүхэдтэй хүн" гэж шөнөжин агсан тавьж, гэдэс гүзээхэн авчирч цэвэрлэн чанаж, хэдэн хүүхдээ хооллосон эхнэр нь аргаа баран уйлж хонохыг үзсэн сэн. Эхнэрийн шивнэн гуйхаас үзвэл өрхийн тэргүүн нь мах гурил авах мөнгөөрөө архи уучихсан болж таарсан. Хоёр том хүүхэд нь айл руу явж хонохоор ээжээсээ гуйгаад, зөвшөөрөөгүй байтал гарч одохыг гайхаж байтал аавыгаа жигшиж, нэг шөнө ч гэсэн чих амар хонох гэсэн арга л байсан юм билээ, хөөрхий.

Өглөө нь томчуул нь яаран гарч, гурван бага хүүхэд нь өдөр ирж хичээлд нь хүргэх том эгчийгээ хүлээхээр үлдэж байсан.

Өглөө нь босоод тэдэнтэй зэрэгцэн гарахдаа тэр айлын гэр лүү эргэн харсан сан. Тооно нь хойш хэлтийсэн тэр гэрт өрнөх асуудал бэрхшээл, эхнэрийнх нь булингартсан нүд, нөхрийнх нь далдичангуй харц.

Саяхан нэг газарт болсон жендэрийн хуралд суутал том маргаан өрнөлөө. Хурал зохион байгуулагчаас Дархан бэр, Уран бэр тодруулах нь жендэрийн хуулийг зөрчсөн эсэх талаар асууснаас тэр маргаан үүдсэн хэрэг. Би "Ялгаварлан гадуурхалт мөн" гэдэг талд зогсов. Нөгөө талаас

1. Дархан бэр бол удмын муу муухайг хаадаг

2. Дархан бэрээ эс хүндлэвэл дээдэс хилэгнэдэг

3. Хадмууд нь дархан бэрдээ очиж золгодог

4. Хоймор голлон сууж хэрэг хэлэлцдэг

5. Морины уяанд очиж болдог, гутаг суусан азаргыг дархан бэр унаж гутгийг нь гаргадаг гэлээ.

Манай талаас олон гаргалгаа гаргав. Дараалж гурван хүү гаргаагүй ч 10 хүүхэд төрүүлсэн эх хүн доогуур зиндаатай байж болох юмуу гэлцэв.

Тэгээд эцэст нь ерөөс ёс заншлаас авахыг нь авч хаяхыг нь хаях ёстой, төрсөн хүүхдийг хүйсээр нь ялгаварлах нь буруу, эмэгтэйчүүд нь гэрийн эзний эсээр жирэмслэж, хүйсээ сонгох боломжгүй байдаг тул түүнийг ямар хүйстэй, хэдэн хүүхэд төрүүлснээр нь буруутгах нь маш буруу хэмээх шийдэлд хүрэв.

Гэтэл 5 сарын 1-нээс хойш Дархан бэр, Уран бэр шалгаруулах зар түгээгдэж эхэллээ. Хүүхэд төрүүлсэн төрсний гэрчилгээ, 70-80 мянган төгрөг тушаагаад хорооны засаг даргадаа өргөдөл өгөх юм байх аа. Тэгээд баахан төрийн бус байгууллагууд монголчуудын одон медальд дуртай занг ашиглан баяжиж хөлжих бололтой. Яг тэр болзолыг нь хангачихвал Эрээнд үйлдвэрлэсэн тэр медалийг авахын тулд 300 мянгаас дээш төгрөг төлж таарна. Гайхамшигтай луйвар шүү. Төр засгаас бас алдарт эхийн одонгоо тарааж бужигнуулна. Хүйсээр ялгаварлах үзэл бүр гаарна гэсэн үг. 7 охин төрүүлсэн бэрийг хялайх шахам юм болох биз.

Гэтэл нийтлэлийн эхэнд дурьдсан мөнөөх "Гарын таван хуруу шиг хүүхэдтэй хүн" гэж агсарч хонодог айлд байдал өөрчлөгдөх үү? Нөхөр нь Дархан ч юмуу, Уран бэр медаль авлаа гээд эхнэрээ хүндлэдэг болох уу? Амьдрал нь сайжрах уу? Ерөөс олон хүүхэдтэй айлын амьдралд энэ хоёр медаль ямар нөлөөтэй байх вэ? Зүгээр л луйврын ажиллагаагаар, дархан бэр, уран бэр гэсэн сиймхийг ашиглаж, хэдэн төгрөг олох гэсэн хэдэн ТББ-ын гайгаар монголчууд "Би дархан бэр, чи Уран бэр" хэмээн хөлөө гэдсэндээ хийлцэн үлдэх болно. Хамгийн том хохирогчид нь хүүхдүүд өөрсдөө болж, 10-20 жилийн дараа хүйсийн ялгаварлал гаарч, хэзээ ч нэгэндээ буулт хийхгүй хэмээн томорч мэдэх юм. Тэд бас хүү гаргах уралдаанд орж, хятад шиг охидын эрэлд ч гарч болно. Өөр ямар үр нөлөө үзүүлэхийг ч төсөөлж ч барахгүй байна.

Тэгтэл бодит байдал дээр хүний амьдрал ямар эмзэгхэн билээ. Нас буян тэгширсэн ахыг "Танайх ганц хүүгүй" хэмээн уйлуулж байхыг харж л байлаа. Зургаан сайхан хүүтэй айл "Ганц охинтой байсан бол...?" гэхийг сонсож л байлаа. Хоёр сайхан хүүтэй, хоёр сайхан охинтой айл ч таардаг. Гэвч хүүхдийн хүйс гэдэг тэгж захиалаад суулгуулдаг зүйл биш шүү дээ.

Энэ бүхний эцэст базаад нэгэн зүйлийг уриалья.

1. Дархан бэр, Уран бэр гэж ялгаварлахыг зогсооё. Энэ нь хоёр хүүтэй нэг охинтой эхийг ялгаварлан гадуурхсан хэрэг болно. Нэг хүүхэдтэй хүн ч сайхан яваа нь олон бий. Энэ туйлшрал огт хүүхэдгүй хүмүүст ямар хүндээр тусахыг ойлгож үзээрэй.

2. Элдэв ТББ-аас хатан эх, ачлалт аав зэрэг өргөмжлөл, Эрээний одон гардуулах эрхийг цуцлая. Тэгэхгүй бол дараа жилээс Олон ихэрлэсэн ээж, 21 аймагт хүүхэдтэй аавыг хүртэл шалгаруулж золигтох шинжтэй. Хахаха

3. Харин Алдарт эхийн одонг бүр төгөлдөржүүлэн сайжруулья. Багад манай нутагт 15, 20 хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд сонстдог байсан. Тэдэнд 6 хүүхэд төрүүлдэг одонгоос арай өөр эрэмбэтэй одон гардуулвал зүйтэй байх. Тэгвэл монголын хүн амын тоо өсөхөд нэмэр болж болзошгүй.

4. Дархан бэр, Уран бэрийг хүндлэдэг ёс заншлаа бол хэвээр авч үлдье. Одон медаль л хэрэггүй.

5. МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ. ГЭХДЭЭ ТӨРСӨН ХҮҮХДҮҮД, ТӨРҮҮЛСЭН ЭХЧҮҮДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БОЛОХГҮЙ. ХҮҮХЭД Л БОЛ ХҮҮХЭД ШҮҮ ДЭЭ. НЭГ БАЙСАН Ч ГОЛЖ БОЛОХГҮЙ. ТЭД МИНЬ ЭРҮҮЛ ЭНХ, ЭСЭН МЭНД БАЙВАЛ БОЛЛОО.

Жич: Өнгөрсөн зууны мэт балар юм ярьж намайг харааж ерөөж хэрэггүй шүү, ТББ-ууд л бидний төрсөн хүүхдийн хүйсээр хүртэл мөнгө олох гэж биднийг ингэж талцуулж байна шүү, бүсгүйчүүл ээ.

ШУУРАЙН СОЛОНГО

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.