“МАНАН” байгуулж, М.Энхболд сайд болох гэнэ үү

Twitter Print
2014 оны 05-р сар 01-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Хошин шогийн хамт­лагийнхан УИХ-ын чуул­ганд суугаад бид ч жүжиглэнэ гэж гурилддаг юм бай­на даа хэмээн санаа алдаад гар­сан” гэсэн явган шог яриа ца­хим ертөнцөд тархаж билээ. Нээ­рээ ч сүүлийн үед хошин урлагийнхныг 76 гишүүн ажил­гүй болгож, өнөөдүүл нь амьтан хү­ний анхаарал татах гэж ар­гаа барж яваа сураг дуулдана би­лээ шүү. УИХ-ын гишүүдийн эргэн тойрон дахь хуц ухны хэрүүл, О.Баасанхүү том алхдаг уу, Г.Уянга ги­шүүний хөл жижигхэн үү гэд­гийг хэмжсээр 76 гишүүн маань энэ хаврыг ёстой уйдах завгүй өнгөрүүлж байгаа.

Өдөр болгон л нэг нь “тэнэг” мэдэгдэл хийж, нөгөөхөө той­рон хэрэл­дэж суудаг болохоор хо­­шин урлагийнхан хийх ажил­гүй бол­лоо гэж санаа ал­дахаас ч яах вэ. Ер нь гишүүд улс орны амьдралд хэрэг­тэй гэхээс илүүтэй ард түмний анхаарлыг намдаа, өөртөө татах асуудлаар улстөрждөг бол­сон. Үүнд нэг их холын жишээ татаад байх шаардлага ч алга. Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” алхах алхмын хүрээнд УИХ-ын гишүүн Зас­гийн газрын сайдаар давхар ажил­лахгүй байх заалтыг Зас­гийн газрын тухай хуульд оруу­лахаар болж, энэ заалтыг 2016 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. Гэтэл улс төрийн намууд энэ асуудлыг тойрч хэчнээн удаан маргасныг уншигч та надаар хэ­лүүлэх юун. Давхар дээл гэж хэрэлдэж суух хугацаанд ч хэдэн арван чухал хууль бат­лагдаад гарчих хугацаа өнгөрсөн байна. Яг зургаан сар энэ асуудлаар улстөржлөө.

Ямартай ч энэ асуудал мар­гаашийн чуулганаар эцэслэгдэх магадлалтай боллоо. Арайхийн улс төрийн хэрүүл намжих нь дээ гэтэл тэгж мөрөөдөх хэ­­рэггүй бололтой. Өөрөөр хэл­­бэл, Ардын намынхан өчигд­рөөс дахиад л нэг хэрэлдэж, уралцах асуудал гаргаж ирдэг юм байна. Одоо энэ асуудлыг тойрч бас хэчнээн үнэт цагаа хумсалж хэрэлдэх юм бол. Даваа гарагт хуралдсан МАН-ын бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдээр санал бодлоо нэгтгэхээр хуралджээ. Гэтэл бүлгийн гишүүд хуралдаж байгаад нэг мэргэн санаа олсон нь яамдын тоог цөөлөх. Тоог нь цөөлөөд 10 яамтай болгож, хэдэн яамдыг нэгтгэж нийлүүлээд орхивол эдийн засагт гэрэл тусаад, ард түмний нуруун дээр байгаа үнийн дарамт алга болоод, өргөн хэрэглээний барааны үнэ навс унаад, улс орон маань өр ширнээсээ салаад сайхан болно гэж сэтгэсэн гэнэ ээ.

МАН-д бас нэг бөө, удган бай­даг болчихсон юм уу, хаа­шаа юм. Сандал суудалтай л зуу­ралдаж байдаг энэ заваан зан­гаасаа хэзээ сална аа, МАН-ын­хаан. Яамдын тоог цөөлөөд тэнд ажиллаж амьдралаа залгуулж яваа хэдэн зуун төрийн ал­бан хаагчдыг ажилгүй, амьд­рал­гүй болгочихвол эдийн зас­­гаа аварчихна гэж ямар “чөт­­гөр” нь сэтгэдэг байна аа. Ёс­той сэрчихгүй бол сайхан л зүүд, мөрөөдөл байна, М.Энх­болд дарга аа. Эдийн зас­гийг эрчимжүүлэхийн тулд сөрөг хүчин, эрх баригч хоёр ойлголцож ажиллах нь л чу­хал.

Эдийн засгийн эргэл­тэд оруулах том, том төсөл хөтөлбөрөө түргэвчилж, УИХ дээр хүлээгдэж байгаа, бод­логын төвшинд шийдэх хуу­лийн төслүүдээ гацаанаас нь гар­гаад, жижиг дунд үйлд­вэ­рийг дэмжих, уул уурхайн ком­па­ниудын хөрөнгө оруулалтыг нааш нь татах талаар ги­шүүд маань олигтойхон ажил­ла­чих­даг бол 10 яамтай ч, 19 яамтай ч адилхан л Монгол Улсын хөг­жил урагшаа явчихна. Улс төрийн “хар хэрүүл”-ээсээ болж хөрөнгө оруулагчдаа хулжааж, сан­дал суудлын төлөөх улс­төр­жилтөөсөө болж эдийн зас­гаа ганхуулаад байна гэдгээ мэд­дэг ухаантан энэ хоёр намд байна уу, ер нь. Засгийн газрын сайдуудын асуудал арайхийн намжиж байхад М.Энхболд нарын найруулсан “хор”-ноос болж одоо 10 яамтай байх уу, 19 яамтай байх уу гэж хэрэлдэх л дутаж гэнэ. МАН-ын далд санааг мэдэж ядах юм ерөөсөө байхгүй. Учир нь аль эртнээс төлөвлөсөн “МАНАН”-г бай­гуулах төлөвлөгөөг хэрэг­жүү­­лэхийн тулд нэг асуудал нам­жихаар дахиад л сандал суудлын асуудлыг хөндөж тавиад байгаа хэрэг. Сөрөг хүчин болсноос хойш МАН дандаа тухтай суух сандлын хэрүүл хийжээ. Засгийн газ­рын сайдуудыг огцруулах, Ерөн­хий сайд Н.Алтанхуягийг огцруулах, Уул уурхайн сайд Д.Ганхуягийг огцруулах гэх мэт. Бүр Эдийн засгийн хөгж­лийн сайд Н.Батбаяраар ч удаа да­раа оролдож байсан.

Эцэст нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр дав­хар ажиллахгүй гэх хуу­лийн нэмэлт өөрчлөлтийг өл­гөн авч Засгийн газрыг уна­гах гэж зүтгэж эхэлсэн. Үүндээ нэлээд бат итгэлтэй байсан гэхэд болно. Гэсэн ч Ерөнхийлөгч “МАН зүтгэсээр энэ оны долдугаар сарын 1-ээс гээд батлууллаа ч хориг та­вина” гэдгээ илэрхийлэнгүүт дараагийн хувилбараа гаргаж ирсэн нь дээрх 10 яамтай байх хувилбар. Бямба гарагт Ерөнхийлөгч ярилцлага өгөнгүүт даваа гарагт л тэр асуудлыг босгоод ирж байгаа юм чинь. Мөн ч хурдан ажиллаж байгаа юм шүү. Одоо МАН-ынхан энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулж орж ирнэ. Тэгээд дахиад л хэрэлдэнэ. Хуц ухнаасаа халиад одоо юу гэж хэрэлдэх юм бол бүү мэд. Яамны тоог цөөлчихвөл эдийн засгаа аварна гэсэн гаргалгаанд итгэсэн хэсэг бүлэг нь дахиад л улстөржиж гүйсээр эдийн засгийг эрчимжлүүлэх тог­тоолын төсөл бас л үлгэр болж дуусах нь дээ. Тэд МАНАН-гаа байгуулаад Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яамыг МАН авах тохироо хийх гэж улс төрийн хүрээнд шантааж хийж байгаа “бор шувуу” ч Төрийн ордонд нисч эхлээд багагүй хугацааг үдлээ. Хамгийн чухал гурван салбар. Бас гол мөнгө урсдаг гардаг, МАН-ын гишүүдийн идэж ууж гаршсан салбарууд. Уул уурхайн тендер, их мөнгөний төсөл хөтөлбөр, онгон дагшин хадгалж үлдэх ёстой ч дороо их мөнгө нуусан тэр уул ус, газар нутгууд нүдэнд нь харагдаад унтуулахгүй байгаа бололтой.

Их мөнгөний авдрууд дээр суухын тулд тэд юу ч хийхээс буцахгүй байгаа нь хоёр жилийн хугацаанд хийсэн улс төрийн тоглолтуудаас нь харагдлаа. Намын дарга гэх М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт хоёрын хөгийн улс төр Монгол Улсын хөгжилд тус болохоос илүү ус болж байна. Үеийн үед сайд байж, дарга хийж сурчихсан М.Энхболдын муу зан хэзээ ч арилахгүй бололтой.  Албан тушаал авахын тулд юуг ч золиосолж сурсан түүний энэ зан Монгол Улсын хөгжлөөр дэнчин тавихад хүргэлээ. Хатуухан хэлэхэд МАНАН байгуулах мөрөөдлөө биелүүлэх гэж Монголын улс төрийг “хогийн тантан” болгож байна, МАН гэдэг улс төрийн хүчний хэдэн лидерүүд.


Б.Тогтох

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.