Кино үзэл суртлын зэвсэг биш

Twitter Print
2020 оны 05-р сар 08-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд үест "Бүх урлагийн дотроос бидэнд хамгийн чухал нь кино" хэмээсэн Лениний үг санаанаас гардаггүйсэн.

Угтаа киног үзэл суртал, ухуулгын хэрэгсэл болгон ашиглах гэсэн большевикуудын санаа байжээ хэмээн өнөөдөр үнэмшсэн. Оросын зарим судлаачид Ленин "Ард түмэн бичиг үсэггүй, харанхуй байгаа нөхцөлд одоохондоо хамгийн чухал нь кино болон цирк" гэж Луначарскийтэй хийсэн нэгэн уулзалтын үеэр хэлсэн гэх. 

Өөр хэсэг судлаачид Ленин ийм үг огт хэлээгүй, харин үүнтэй төстэй санааг тэр үеийн гэгээрлийн комиссар Луначарскийн өөрийнх нь амнаас гардаг байсан гэх. Хэн хэлсэн нь одоо сонин биш, 20-р зууны эхнээс дэлхий даяар түгэн дэлгэрэн байсан кино урлагийг ямар зорилгоор ашиглах вэ гэдэгт учир оршиж байж гэмээр. Манайд 1930-аад оны үест орчин үеийн урлагаас кино зураг, цирк хоёр түрүүлж хөгжиж эхэлсэн нь нэг юм хэлээд байх шиг. Үндэсний урлаг, соёлоо ад үзэх гэсэн хэрэг биш шүү, түүхэн үйл явдлын холбоо, хэлхээг таних, гаргах гэсэн мөхөс миний санаа. Түүхийн нугачаанд манай олон сайхан уран сайхны болон баримтат кино үзэл суртлын сүхэнд хяргуулж, шүүлтүүрээр орсон нь уран бүтээлчдийн буруу биш юм. 

Киноны тухай 1936 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Ардын Үндэсний Эрх сонинд ингэж нийтэлжээ. "Кино болбоос боловсронгуй техникчилсэн тэргүүн зэргийн УХУУЛАГЧ мөн бөгөөд нэн ялангуяа хоцрогдсон манай ард түмнийг соёл боловсрол дор хурдан түргэнээр дэвшүүлэх явдал дор хүчтэй түлхэц инү мөн болмуй". Дараа нь уг оны 9 сарын 24-ний өдөр Улсын Бага хурал, Сайд нарын зөвлөлөөс баталсан Улсын кино зургийн хорооны Дүрмийн Нэгдүгээр зүйлд:

"Бүгд Найрамдах Монгол Ард Улсын кино зургийг эрхлэх хорооны үндсэн зорилго болбоос кино зургийн үйлдвэрийг тус улсын дотор хөгжүүлж, ард түмний аж ахуй, соёл боловсрол, улс төрийн мэдрэл хүмүүжлийг дээшлүүлэх ба улс орныг батлан хамгаалах явдал дор ихээхэн тусыг үзүүлэх ГҮЙЦЭТГЭХ ЗЭВСЭГ болмуй". хэмээсэн байх юм.

Bayasgalan Bayanbat-н зураг.

Төгсгөлийн оронд:

Киног харин олон нийт, ирээдүй хойч үеийн танин мэдэхүйд зориулсан үйл хэрэг болгохыг авто машины эцэг Форд санаачлан эхлүүлснийг тэр болгон мэддэггүй. Юун Октябрийн хувьсгал, түүнээс өмнө 1914 онд Форд өөрийн үйлдвэрийн тухай, машин хэрхэн үйлдвэрлэгддэг, ажилчид нь юу хийдэг тухай, улмаар байгаль дэлхийн сонин хачин, шинжлэх ухааны шинэ нээлт, бүтээлүүд гээд өргөн агуулгатай танин мэдэхүйн кино мэдээ бүтээж эхэлсэн бөгөөд АНУ, Европын улс орон, Япон, Африкийн зарим улсуудад ч кино шийний өмнө үзүүлдэг эхлэл кино мэдээ болон алдаршжээ.

1915-1924 он хүртэл Холливүүд бус ФОРД-ын авто машины дэргэдэх кино үйлдвэр дэлхийн хамгийн том нь байлаа. 1930-1932 онуудад Фордын тусламжтайгаар Зөвлөлт улсын машины анхны үйлдвэр Нижный Новгород, Фордсон тракторын үйлдвэр Ленинградад байгуулагдахтай холбогдон кино мэдээ манай хойд хөршид түгэн тархсан учиртай.

Кино үзэл суртлын зэвсэг хэмээх үе цагаа өнгөрөөсөн.

Б.Баясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.