М.Мөнхмандах: Тэнцвэртэй, үнэн бодит мэдээлэл олж авахын тулд сэтгүүлчид тэмцэх ёстой

Twitter Print
2014 оны 05-р сар 01-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Хоёрхон хоногийн дараа буюу энэ хагас сайнд Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. ЮНЕСКО-гын шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан билээ. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, сэтгүүлзүйн доктор М.Мөнхмандахтай уулзаж хэвлэлийн эрх чөлөөний өнөөдрийн байдал, сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн талаарх байр суурийг нь сонирхон ярилцлаа.

- Таныг Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал гэдгээр нь хэвлэл мэдээллийн салбарынхан андахгүй. Харин манай уншигчид таны талаар мэдэхгүй. Оросуудын хэлдгээр, “За танилцах уу”?

- Тэгье, тэгье. Би 1986 онд 10 жилийн 23 дугаар сургууль төгссөн. Тухайн үед манай сургууль нь Монгол хэл, Монголын түүх, Төр эрхзүй зэрэг хичээлийг л монголоор заадаг, багш нар нь голдуу Оросууд байсан болохоор тусгай сургууль нэртэй байсан. Бид нар нэгдүгээр ангиасаа л хэлийг нь заалгасан болохоор орос хүмүүжилтэй болж төлөвшсөн. Дунд сургуулиа амжилттай төгссөн тул тухайн үеийн зүүн Германы Лейпцигийн их сургуулийн сэтгүүлчийн ангийн хуваарь авсан. Тэгээд нэг жил Герман хэлний бэлтгэлд сураад 1987 онд Лейпцигт очиж газар дээр нь дахин нэг жил Герман хэл үзээд 1988 оноос л жинхэнэ сэтгүүлзүйн мэргэжлээрээ сурсан.

Тухайн үед Лейпцигийн их сургууль нь Карл Марксын их сургууль нэртэй байсан юм. Социалист Германы сэтгүүлзүйн цөм, уурхай гэж нэрлэгддэг Лейпцигийн их сургуулийн сургалт, орчин нөхцөл нь үнэхээр шилдэг тэргүүний байсан. Намайг оюутан болоод удаагүй байхад зүүн Германд өөрчлөлт шинэчлэлт хүчтэй давалгаалж, Лейпциг хот тэр их тэмцэл, хөдөлгөөний төв нь болсон түүхтэй. Ер нь Лейпциг  хэзээнээсээ Германы хувьсгалт тэмцэл, эрдэм оюуны өлгий болсон хот юм билээ. Манай сургууль Лейпцигийн төв талбай дээр байрладаг болохоор 1989 оны 10 дугаар сараас улам эрчимжсэн эсэргүүцлийн жагсаал цуглаан, тэмцэл хөдөлгөөний ялалтын баярын дунд бараг хоёр жил амьдарсан гэж хэлж болно. Ерөөсөө л бидний нүдэн дээр хоёр Германыг тусгаарласан ханыг нурааж, Герман үндэстэн дахин нэгдсэний баяр хөөр буцлаад өнгөрсөн юм.

- Таныг хоёр Германыг тусгаарласан ханын нуранга дээр дурсгалын зураг татуулж явахад Азийн цээжинд тайван хувьсгал өрнөж, Монголчууд нийгмийн байгууламжаа сольж байж. Ер нь Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын талаар мэдээлэл сонсож байсан уу?

- Сонсох байтугай ардчилсан хувьсгалын лидерүүдийг Конрад Аденаурийн  сантай холбон Германд аваачих ажлыг зохион байгуулалцсаны үр дүнд Б.Баабар, С.Зориг нарын зэрэг хүмүүс очиж, ардчилсан хувьсгалын дараах үеийн туршлага судалж байсан. Тухайн үед баруун Германд Өвөрмонголын оюутнууд олноороо сурдаг байсан бол социалист нийгэмтэй ар монголчууд зүүн Германд сурдаг байсан л даа. Ингээд Берлиний хана нурснаар ар, өвөрмонголчууд уулзах боломжтой болж Лейпцигийн оюутнууд “Монгол туургатны уулзалт”-ыг анх удаа зохион байгуулж байлаа. Ер нь Лейпцигийн оюутнууд Европын гүн рүү монголчуудын зам гарахад тун их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлэх ёстой. Бид хоёрын яриа үндсэн сэдвээсээ жаахан хазайгаад явчихав уу даа, уучлаарай.

- Монголчууд социализм байгуулж байх үед Лейпцигийн их сургуульд гэрэл зургийн сурвалжлагч зэрэг нарийн мэргэжлийн сэтгүүлчдийг цөөн тоогоор бэлтгэж байсан юм билээ. Таны мэдэхээр Лейпцигийн их сургуулийг ямар сэтгүүлчид төгссөн бэ?

- Лейпцигийн их сургуульд  эхний хоёр жил сэтгүүлзүйн  суурь хичээл үздэг. Түүний дараа нарийн мэргэжлийн чиглэлээ дагнаад суралцдаг л даа.  Намайг сурч байх  үед Р.Гоцбаяр гэж залуу гэрэл зурагчнаар төгсөөд “Ардын эрх” сонинд ажиллаж байсан. Одоо чөлөөт уран бүтээлч болж бие даасан нэлээн хэдэн үзэсгэлэн гаргасан,  жинхэнэ мэргэжлийн сайн гэрэл зурагчин бий. “Эдмон”-ы гэгддэг гэрэл зурагчин Р.Энхбат Лейпциг хотод өөр сургуульд сурч төгсөөд надтай зөрөөд явж байсан. Лейпцигийн их сургуулийн сэтгүүлзүйн салбарыг төгсөөд одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн байхгүй шахуу. 

Яагаад гэвэл Европт боловсрол эзэмшиж Герман хэл, соёлтой болсон хүнд хэвлэл мэдээллийн салбар дэндүү хүнд хүчрээс гадна өөр олон боломж, бололцоог нь хаах гээд байдаг муу талтай л даа. Миний мэдэж байгаагаар яг надтай ганц хоёр жилийн өмнө, хойно ороод Лейпцигийн их сургуулийн сэтгүүлзүйн салбарыг зургаа, долоон хүн төгссөн юм. Тэднээс нэг нь ч мэргэжлээрээ ажиллаагүй шалтгаан нь нэгдүгээрт сэтгүүлчийн хөдөлмөрийн үнэлэмж тун хангалтгүй, нийгмийн ямар ч баталгаагүй байгаатай шууд холбоотой. Хоёрдугаарт Европт боловсрол эзэмшсэн хүмүүс аль нэг улстөрч, биенесменүүдээс хараат амьдарч, тэдний хүсэл, сонирхлын дагуу  бичиж нийтлүүлээд явахыг  яагаад ч хүсэхгүй л дээ.
- Таныг сургуулиа төгсөөд ирэхэд Монгол Улс  цоо шинэ нийгмийн байгууламжид шилжээд орчихсон, амьдрал хүндхэн байсан уу?

- Би сургуулиа нэлээн удаан сурч төгссөн юм. Намайг хоёрдугаар курст байхад ардчилал ялж, хоёр Герман нэгдсэнээр сургалтын хөтөлбөр үндсээрээ өөрчлөгдсөн. Тэгээд барууны хөтөлбөрөөр дахин сурч 1992 онд сургуулиа төгссөн. 1993 оноос Германы “Дойче Вилли” телевизэд хэсэг хугацаанд дадлагажигчаар ажиллачихаад үргэлжлүүлээд “Монголын хэвлэл мэдээллийн соёл” сэдвээр докторын ажлаа эхэлсэн юм. Миний докторын ажлын үндсэн агуулга нь 1921-1995 он хүртэл  Монголын хэвлэл мэдээллийн салбар хэрхэн хөгжиж,  өөрчлөгдөж, төлөвшиж ирсэн бэ гэдгийг л дэлгэрүүлэн судлахад чиглэгдэж байсан. Яг доктор хамгаалахын өмнөхөн Германы Бундестаг олон зуун гадаад оюутнаас намайг сонгон Олон улсын хөтөлбөрт урьсан нь миний амьдралд мартагдашгүй дурсгалтай үйл явдал болсон юм.

- Тэр нь ямар учиртай урилга байсан хэрэг вэ?

- Тэр бол дэлхийн ирээдүйн удирдагчдыг бэлтгэх зорилготой Германы парламент буюу Бундестагаас зохион байгуулсан Олон улсын тусгай хөтөлбөр байсан юм. Ингээд нэг жилийн хугацаатай Бундестагт ажилласан нь миний өнөөдрийн ажлын арга  барил бүрэлдэн тогтоход маш том сургууль болсон. Би энэ нэг жилийн хугацаанд Христосын Ардчилсан намаас  сонгогдсон гишүүний туслах, болон Бундестагын Олон улсын харилцааны хэлтэст рефрентээр ажилласан юм. Энэ хөтөлбөрөө дуусангуутаа доктороо хамгаалчихаад шууд Монголдоо ирсэн.

- Өнөөдрийг бодвол тухайн үед  Монголын амьдрал хүнд байсан. Харин та үүнийг тоолгүй “Зөвхөн Монголдоо” гээд л иржээ дээ?

- Тэгсэн, тэгсэн. Ёстой л “Зөвхөн Монголдоо” гээд л дуулаад ирж байлаа. Тэр үед Германд сургууль төгссөн 10 хүний нэг нь л эх орон руугаа буцаж байсны нэг нь би байсан байх. Намайг доктороо хамгаалчихаад шулуухан буцаад ирэхэд таньдаг  хүмүүс, хамаатан саднаас эхлээд олон хүн “Чи яасан мангар юм. Тэр сайхан орондоо л байж байхгүй” гэж зэмлэж  байсан юм. Харин миний зорилго тодорхой байсан тул огтхон ч санаа зовоогүй. Юу гэвэл би Германд байхдаа л Монголд Хэвлэлийн Хүрээлэн гэж цоо шинэ байгууллага байгуулагдсан тухай дуулж “Миний ажиллах газар” гээд эргэлт буцалтгүй шийдчихсэн байсан.

Тэгээд ирэнгүүтээ л тухайн үед Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал  байсан өнөөдрийн ЕТV-ийн захирал Ц.Энхбаттай уулзаж төлөвлөж байгаа ажлаа танилцуулж байлаа. Ингээд удалгүй Данидагийн санхүүжилттэй хэвлэл мэдээллийн мониторингийн төсөл хэрэгжих болоод би энд ажилд орж байсан. Үндсэндээ ажил хөдөлмөрийн гараагаа Хэвлэлийн Хүрээлэнгээс эхэлж, өнөөдөр 17 дахь жилдээ ажиллаж явна.

- Түрүүн таны нэрийг нь цухас дурдсан Данидагийн төсөл Монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд чухам ямар үүрэг гүйцэтгэсэн бэ. Хүмүүс олон янзаар  тайлбарладаг л даа. Таны хувьд анхнаас нь шахуу явсан жинхэнэ мэргэжлийн хүний хувьд юу гэж дүгнэх нь сонин байна?

- Данидагийн “Чөлөөт хэвлэл” төсөл бол Монголд чөлөөт хэвлэл хөгжих үүд хаалгыг цэлийтэл нээж, түүхэнд хэзээ ч балрахгүйгээр тэмдэглэгдэн үлдсэн ажил мөн. Яагаад гэвэл 1990-ээд оны эхэнд хувийн сонин хэд хэдээрээ гарч байсан боловч тухайн үед төр, засгийн мэдэлд  байсан ганц хэвлэх үйлдвэр нь цаасны хомсдолд орж, сонин гаргах гэсэн хүмүүс цаасны зөвшөөрлийг Засгийн газраас авч байсан үе бий юм шүү. Тухайн үед төр, засгийн мэдэлд байсан ганц хоёр сонинг хамгийн эхэнд хэвлээд цаас үлдвэл бусад сонинг чадан ядан хэвлэдэг байсан.

Энэ байдал 1996 он хүртэл үргэлжилсэн юм шүү. Яг тэр үеэс Данидагийн төсөл  хоёр үндсэн чиглэлээр маш эрч хүчтэй урагшилсан юм. Эхнийх нь чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх зорилготой хэвлэх үйлдвэрийг байгуулах, нөгөөх нь чөлөөт хэвлэлийн оюуны уурхай болсон Хэвлэлийн Хүрээлэнг байгуулах гэсэн хоёр үндсэн зорилготой байсан. Данидагийн хэвлэх үйлдвэр ашиглалтад орсноор “шар” сонины тоо 1000 хол гарсан нь энэ үйлдвэр хичнээн их эрэлт хэрэгцээтэй, хүлээгдэж байсны нотолгоо юм. Хэн дуртай мөнгөтэй хүн хүссэн бүхнээ хэвлүүлэх боломжтой болсноор Монголд чөлөөт хэвлэл сонгодог утгаараа хөгжсөн гэж дүгнэж болно. Нөгөө талаар  хүмүүс  эхнээсээ л чөлөөт хэвлэлийг хязгааргүй эрх чөлөө гэж жаахан буруугаар ойлгосон тал бий.

Тийм ч учраас 1996 оноос хойш хэвлэгдэж байсан олон сонинг сонгодог утгаар нь аваад үзэхээр сонин уу, сэтгүүл үү гэж эргэлзэхэд хүрэх тохиолдол  олон байдаг. Сонин бол ерөөсөө л цаг үеийн мэдээллийг шуурхай дамжуулдаг тогтмол хэвлэл шүү дээ. Харин тухайн үеийн сонинууд дэндүү сенсаци хөөцөлдөж, хамгийн гол нь зүгээр л мөнгө үйлдвэрлэдэг эрээн, мяраан цаасан шувуу болж хувирсан.

- Хэвлэлийн хүрээлэн анх байгуулагдахдаа  ашгийн бус, ТББ гэсэн статустай байгуулагдаж байсан санагдана. Өнөөдөр энэ зарчмаа баримтлан ажиллаж чадаж байгаа юу?

- Чөлөөт хэвлэлийг жинхэнэ сонгодог утгаар нь хөгжүүлэхэд хамгийн түрүүнд манай сэтгүүлчдэд   мэдлэг хэрэгтэй байсан. Ардчилсан сэтгүүлзүй гэж чухам юу юм. Яагаад энэ чинь зүгээр л эрх чөлөө биш юм. Яагаад ардчилсан сэтгүүлзүй тодорхой хэмжээний хэм хэмжээнд захирагдах ёстой юм, мэргэжлийн ёс зүйтэй хэм хэмжээ гэж яг юу юм. Мэдээг яаж бичдэг юм, “шар” хэвлэлд бичээд байгаа юмыг яагаад мэдээ гэж үнэлэхгүй байгаа юм гээд ардчилсан сэтгүүлзүйн хамгийн наад захын зарчмуудыг Монголд нэвтрүүлэхийн тулд сэтгүүлчдээ зайлшгүй сургах, давтан боловсруулах шаардлагатай болсон юм.

Тэр ч утгаар Хэвлэлийн хүрээлэн байгуулагдсан.1996  оноос тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа Хэвлэлийн хүрээлэн нь Монголд  ардчилсан сэтгүүлзүйн зарчмуудыг бий болгох, төлөвшүүлэх, хөгжүүлэх, мэдүүлэх, мэдрүүлэх оюуны хувьсгалыг хийсэн гэж би дүгнэж явдаг. Өнөөдөр “шар” хэвлэлүүд үндсэндээ хумигдаад дуусч байх шиг байна. Өдөр тутмын 15-16 сонины борлуулалт нь нийт сонины зах зээлийн 70 гаруй хувийг эзэлж байгаа нь тэдний ноёрхлыг батлан харуулж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд маш олон сонин дээд тал нь гурван жил хэвлэгдэн гараад л алга боллоо шүү дээ. Тэгэхээр Монголын хэвлэлийн зах зээлд жинхэнэ шалгарал явагдаад эхний шат нь дууссан гэж дүгнэж болох юм. Хэвлэлийн хүрээлэнгийн хувьд  анх байгуулагдахдаа мөрдсөн статус, хэм хэмжээнээсээ огтхон ч хазайлгүй ажиллаж байгаа.

- Таны гол ажил ер нь юу вэ. Яг юу хийдэг хүн бэ л гээд байгаа юм л даа?

- Намайг  1998 онд энд ажилд ороход мониторингийн төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Бид анх Монголд хэдэн сонин, сэтгүүл ямар давтамжтай гарч байна, хэдэн телевиз хэчнээн цагийн нэвтрүүлэг цацаж байна, нийтдээ ямар боловсролтой  хэдэн сэтгүүлч байна  гэх мэтчилэн судалж эхэлсэн. Энэ талын мэдээлэл тэр үед ерөөсөө байгаагүй. Гэтэл хүмүүс биднийг “Шал дэмий мөнгө, цаг зав үрсэн ажил хийж байна” хэмээн маш их шүүмжилдэг байсан. Тухайн үед Хууль зүйн яамнаас 1200 сонины зөвшөөрөл авсан мэдүүлэг байсан боловч нарийвчилсан судалгаа огт байгаагүй. Бид 1999 онд анхны тайлангаа гаргахад яг үнэндээ тогтмол үйл ажиллагаатай хэвлэл мэдээллийн хэрэгсэл 210 байсан. Энэ нь харахад яльгүй юм шиг хэрнээ Монголын хэвлэл мэдээлэл, чөлөөт хэвлэлийн түүхийн он дарааллын баримт судалгаанд хамгийн чухал хэрэглэгдэхүүн болох нь маргаангүй юм.

- Тооллого, судалгааны ажил гэдэг бас ч амаргүй байсан нь ойлгомжтой. Хамгийн их бэрхшээл, хүндрэл нь юу байсан бэ?

Харахад амархан юм шиг хэрнээ маш хэцүү, нерв шаардсан ажил шүү дээ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад судалгаа, тооцоо хийх гээд яваад очихоор “Яах гэж биднийг тоолоод байгаа юм. Юу шалгаад байгаа юм” гээд л дургүйцдэг. Тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж гуай сонин хэвлэлээр садар самууныг сурталчилж байна гээд “Халуун хөнжил” тэргүүтэй хэдэн сонин хаасан юм. Тэр үед манай төсөл хэрэгжиж эхлээд нэг жил болж байсан л даа. Олон сонины эзэн, эрхлэгч нар манай төслийг Хууль зүйн яамны ажилтай холбож “Ц.Нямдоржийн тагнуул, туршуул” гэж манай байгууллага болон намайг элдвээр хэлж дайрч л байлаа.

Одоо ингээд 2001 онд гарсан болон хамгийн сүүлийн мониторингийн судалгааг харьцуулаад харахаар хоёр дахин зузаан болсон байгаа юм. Судлах, тоолох зүйл энэ хэрээр нэмэгдсэн нь Монголын чөлөөт хэвлэлийн өнөөдрийн хөгжил, мэдээллийн хэрэгслүүдийн тоо хэмжээ, үзүүлэлтийг давхар харуулж байгаа юм. Өнөөдөр сэтгүүлзүй хөгжөөд байгаа юм уу, ухарч байна уу, олон улсын түвшинд Монголын сэтгүүлзүй хаана нь явна гэдгээ харах, дүн шинжилгээ хийх бүрэн боломжтой болж байгаа нь бидний ажлын гол үзүүлэлт юм. Би ийм л ажил хийдэг хүн.

- Өнгөрсөн жил Монголын хэвлэл мэдээллийн орчинд дорвитой өөрчлөлт оруулах  хоёр хуулийн төсөл хэлэлцсэн ч гишүүдийн зүгээс хүчтэй лоббинд орж, санаачлагч нь буцаан татсан. Одоо яах ёстой вэ?

- Бид ардчилсан нийгэм байгуулж, хууль цаазын дор тэгш эрхтэй амьдрахыг хүсэж л байгаа юм бол хамгийн эхлээд хэвлэлийн эрх чөлөөг хууль ёсоор баталгаажуулах хэрэгтэй юм. Ерөнхийдөө хэвлэлийн эрх чөлөөний хууль хэлэлцэгдэж байгаад буцаагдсан нь улс төрчдийн зүгээс хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэх эрмэлзлэл байхгүй байгааг нь харуулсан үзүүлэлт юм. Хамгийн гол нь энэ хуулийн төсөл нь муугүй хуулийн төсөл байсан.

Тухайлбал редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах, нууц эх сурвалжаа хамгаалах, ёс зүйн консулыг албан ёсоор байгуулах гэх мэтчилэн чухал заалтууд орсон байсан ч хамгийн гол нь хууль хэлэлцэж, их хурлын танхимд сууж байгаа гишүүд өөрсдөө хэвлэл мэдээлэл эзэмшигчид байсан учраас, зөрчилтэй байсан учир, өөрсдийнхөө ашиг сонирхлоор асуудлыг шийдвэрлэсэн.

Гүтгэлэг доромжлолын тухайд ер нь Эрүүгийн хуулиас энэ заалтыг хасч, иргэний хуулиар  шийддэг олон улсын практик, жишиг байдаг.

Яагаад гэхээр Эрүүгийн хуулиар асуудлыг шийдэх нь хэвлэлийн эрх чөлөөнд халдах, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн үйл ажиллагаанд дарамт шахалт болж байгаа учраас Эрүүгийн хуулиар асуудлыг шийдвэрлэх нь зохимжгүй юм. Тэгэхээр Эрүүгийн  хуулиас иргэний хуулиар зохицуулдаг болохоос гадна мэдээлэл авах болон мэдээллийн эрх чөлөөний хуулийг сайжруулах шаардлага байгаа.

Мөн хэвлэлийн эрх чөлөөний хуулийг сайжруулахаас гадна өөр олон холбогдох хууль тогтоомжийг сайжруулахаас өөр аргагүй байгаа.

- Жишээлбэл ямар хууль байна вэ?

Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Татварын тухай багц хуулиуд байна.

Татварын хуулиар татвар төлөгчдийн улсын төсөвт бүрдүүлж байгаа орлого нь нууц байх жишээтэй. Энэ мэтчилэн асуудлууд нууц хэвээрээ байгаа тохиолдолд сэтгүүлчдийг ямар аргаар мэдээллээ авч, яаж тэрийгээ баталгаажуулж, яаж олон нийтэд бодитой тэнцвэртэй мэдээлэл хүргэх вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн байдал өнөөдөр ямар байдалтай байна вэ?

Хөдөлмөрийн зохистой нөхцөлийг хангах нь өөрөө хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах нэг зайлшгүй асуудал. Хэдийгээр хуулиар хэвлэлийн эрх чөлөөг үг хэлэх эрхээр хангаад байхад сэтгүүлчид тэр эрх чөлөөг өдөр тутмынхаа ажилд хэрэгжүүлэх ямар ч нөхцөл боломжоор хангагдаагүй байх тохиолдол их. Ийм үед эрх чөлөө ярих боломжгүй.

Тэгэхээр зохистой хөдөлмөрийн нөхцөлд жишээлбэл нийгмийн хамгаалалд хамрагдсан байх, зохистой цалин хөлсний үнэлгээтэй байх, ёс зүйгээ нэр төртэйгөөр биелүүлэх бололцоог хэлнэ.

Гэтэл өнөөдөр нэг сэтгүүлч өдөрт арван мэдээ бэлтгэхэд ямар чанартай, тэнцвэртэй мэдээ гарах нь ойлгомжтой. Тэгэхээр энэ бүхэн зохистой хөдөлмөрийн асуудалтай холбоотой.

Сэтгүүлчдийн Үйлдвэрчний эвлэл байгуулна гэж яригдаад байгаа. Энэ нь  ямар ач холбогдолтой вэ?

Үндсэндээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхнийг эрх мэдэлжүүлэх маш том зэвсэг болох учиртай. Яагаад өнөөдөр сэтгүүлчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэж,  цалингаа нэмүүлж чадахгүй байгаа юм бэ, сургалтад суухын төлөө цалингаасаа хасуулж байна вэ. Яагаад гэвэл бидний хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг, өөрийн гэсэн үйлдвэрчний эвлэл, салбар хэвлэл мэдээллийн салбарт байхгүй байгаагаас л энэ бүхэн шалтгаалж байгаа.

Хөдөлмөрийн гэрээ, эрхийг шаардах эрхтэй цорын ганц газар нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллага. Ийм байгууллага хэвлэлийн салбарт байхгүй болохоор сэтгүүлчдийн дуу хоолой сул байгаа юм. Энэ талаар сэтгүүлчдийг нэгтгэсэн олон холбоод илүү үр дүнтэй, зоригтой, шударга ажиллах шаардлагатай байна. Өнөөдөр үндсэндээ Монгол Улс хэвлэл мэдээллийн хагас эрх чөлөөтэй, сэтгүүлчид нь хүссэн мэдээллээ найдвартай олж авах эрх зүйн чадамж хумигдсаар л байна.

- Удахгүй болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхандаа хандаж юу хэлэх вэ?

- Энэ өдрийг зөвхөн баярлаж цэнгээд өнгөрүүлэх бус, эрх нь зөрчигдөж, бүх талын тэнцвэртэй мэдээлэл олж авах хангалттай нөхцөл бүрдэхгүй байгаа өнөөдрийн нийгэм, улстөрийн нөхцөл байдалтай дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх тэмцлийн өдөр болгох нь илүү үр дүнтэй гэж бодогдож байна. Эцэст нь цаг наргүй их ажилтай нийт сэтгүүлчиддээ хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсье.   

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.