Морь хүнээс илүү мэдрэмжтэй

Twitter Print
2020 оны 07-р сар 01-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Морь яаж үүнийг мэдрээ вэ? Энэ асуулт миний санаанаас гардаггүй, хариултыг нь ч олдоггүй юм. Миний эцэг, эх  төрсөн хүүдээ бүү хэл, өөр хэнд ч худал зохиомол үг ярьдаггүй, нутаг усандаа нэр хүндтэй, үнэнч шудрага, төв шулуун хүмүүс билээ. Өөрсдөө худлаа ярьдагтайгаа жишиж, бусдын үгэнд үл итгэгч хүмүүс бас байдаг болохоор тэдний болзошгүй таамаглалд хариу болгож сүүлчийн энэ ганц өгүүлбэрийг нэмж бичлээ.

2. Миний зээ дүү Тоот гэдэг хүн одоо Эрдэнэт хотын ойролцоо хувийн аж ахуй эрхлэн амьдарч байна. Тэрээр нутагтаа мал маллаж байхад нь өөрт нь тохиолдсон нэг түүхийг 2000 оны үед надад ярьж байсныг тод санаж байна.

Зуны халуун нартай өдөр Тоот хонио хариулж яваад мал нь тогтож, сайхан идээшлээд ирэхээр нь мориноосоо буугаад тамхи татаж, бас нуруугаа түр амраахаар хадны сүүдэрт хэвтсэн аж. Хэвтэж байгаад өөрийн мэдэлгүй унтаж орхижээ. Гэтэл нэг мэдэхэд духан дээр нь хэн нэг “хүн” маажаад байх шиг санагдаж, цочин сэрэхэд морь нь туурайгаараа магнайнх нь хэсэгт зүлгэж, тогших мэт хөдөлгөөн хийж байжээ. Босоод харвал хонь нь талаар нэг тарж, айлын хоньтой бас захлан нийлж байгаа ажээ. Энэ үзэгдэл хэний ч сонирхол татахгүй байх аргагүй санагдана. Учир нь нэгэнт, эзэн нь хонио маллаж яваа тул сэрэхгүй бол “хариуцлага алдахад“ хүрээд байгааг морь ойлгож байна. Тэгээд бас сэрээхдээ туурайгаараа чангахан цохичихвол эзэн түүний пянг даахгүй гэдгийг сайн мэдээд духанд нь маажих, тогших төдий хүрч байгаа нь бүр ч гайхамшигтай. Унасан морь эзэндээ тусалдагийн бодит жишээ энэ. Хариулж яваа хонь тарж тасраад алга болох, эсвэл айлын хоньтой нийлэх нь тийм ч ноцтой хэрэг бишээ гэх хүн ч гарч болох юм. Тэгэх тусмаа жижиг асуудал, жижиг хариуцлагыг ч морь мэдэрч байгаа нь улам сонин биш гэж үү?

3. Дээрх хоёр түүхийг би сонсоод л орхисон боловч ер мартагдахгүй байлаа. Харин гурав дахь түүхийг доктор Н гуайгаас сонссоноос болоод хэвлэлд бичихээр шийдсэн хэрэг.

Н гуай залуу насандаа төрсөн нутагтаа морьтой явж байгаад танил охин “О”- той замд таарчээ. Бусдын л адил тэр хоёр зам нийлэн элдвийг ярилцаж явсаар голын хөндийгөөс холдон уул нуруугаар ч явцгаажээ. Хөдөө нутагт онцын гойд ажилгүй, морин уналгатай холхиж, хэлхэлдэж явдаг залуусыг алийг тэр гэх билээ. Олны хөлөөс зайдуу, амгалан тайван, уулын борог өвсөн дээр хэвтэж, сууцгаан бие биендээ эрхлэх тэр хоёр зөвхөн таалцгаах төдийгүй нарийн нандин харьцаанд ч ороход бэлэн болжээ. Зэлүүд уулын оройд хэн л саад болов гэж. “Ажлаа” эхэлдгийн даваан дээр Н-ийн нуруун дээр туурайгаараа зөөлөн цавчсан тул өндийж эргэн харвал унасан морь нь байлаа. “Хайран сайхан боломж’’-ийг алдагдуулах гэж буй морио саад хийхгүй болгохоор Н босч хөтлөн яльгүй холдуулаад цулбуураа чулуунд ороож, үзүүрийг нь даруулчихаад буцаад яаран эргэтэл морь нь араас нь гутлынх нь түрийнээс зууж хүчтэй угзран унагажээ. Бодвол дээлээ тайлчихсан тул морины аманд нэн түрүүнд өртөх нь гутлын түрий болж таараа биз.

Хоёр удаа “санамж авч", бас найз охины өмнө эвгүй байдалд орж ичсэн Н цаашдаа дахин оролдлого хийх физиологийн боломж тэр удаад үгүй болжээ. Ямартай ч унасан морь нь уг үйлдлийг тасалдуулснаар 1962 оны зуны тэр түүх дуусжээ.

Харин Н гуай өөр эмэгтэйтэй гэрлэж, өнөр өтгөн айл болсны хойно нэг зүйлийг санамсаргүй олж мэдсэн нь дээр өгүүлсэн “О” охин үнэндээ бол Н-ийн эцгийн бултуул хүүхэд өөр айлын эхнэрээс төрсөн хэрэг байжээ. Юутай хачин тохиолдол вэ? Юутай ач буянтай морь вэ? Учир мэдэхгүйн улмаас төрлийн цус холилдох аюулаас хүнийг аврах гэж чармайн зүтгэсэн буянтан нь адуу - адгуус байлаа шүү дээ. Адуу хүнээс илүү мэдрэмжтэйг энэ түүх ч нотлох бус уу! Мэдрэх мэдрэхдээ цусны шинжилгээ хийдэг нарийн төхөөрөмжөөс ч дутуугүйг зайнаас мэдэрч, бас хүнлэг - бурханлаг сэтгэл адуунаас гараад байх шиг санагдана. Уншигч та өөрийн мэргэн ухаанаар болгооно биз дээ.

Ахмад хилчин дэд хурандаа Н.Б.Цэгмэд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.