“Реал Мадрид”-“Бавари Мюнхен” 4:0

Twitter Print
2014 оны 04-р сар 30-нд 08:53 цагт
Мэдээний зураг,
Аваргуудын лигийн энэ улирлын финалд өрсөлдөх эхний багийн нэр тодорлоо. Урд шөнө Германы нутагт “Бавари Мюнхен”-“Реал Мадрид” багуудын тоглолт болоход зочид 4:0-ээр хожсон байна. Үнэндээ түүх давтагдахад хэцүү гэдгийг энэ удаа мөн л баталсан тоглолт боллоо. 1992 оноос нэрээ сольж шинэ системээр явагдах болсон энэхүү тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн баг байхгүй юм. Харин энэ жил “Бавари” хоёр дараалан түрүүлэх үү гэдэг асуулт хөлбөмбөг сонирхогчдын өмнө байсан ч “Реал Мадрид” түүхийг өөрчлөхийг хүссэнгүй.

Хагас шигшээд учраа таарсан дээрх хоёр баг долоо хоногийн өмнө тоглоход Испанийн баг 1:0-ээр хожоод байсан. Гэхдээ энэ бол тайвшрах тоо биш гэдгийг К.Анчелотти хэлсэн аж. Тоглолтын эхнээс Баварийн шуургалсан довтолгоон ирэх байх гэсэн өрсөлдөгч багийн таамаг зөрж Реалд довтлох боломжийг ээлж дараалан өгч байлаа. Үүний үр дүнд нэгдүгээр үеийн 16, 20 дах минутанд Португал хөлбөмбөгчин К.Роналду хоёр гоол оруулж талбайн эздийг хүнд байдалд оруулжээ. Тоглолтын санаачлагыг гартаа аваад Реалын залуус санаа амарсангүй Испани хамгаалагч С.Рамос 34, 90 дэх минутанд хоёр гоол оруулж Германы аваргуудыг тэмцээнээс хассан аж. Энэ тоглолт бол агуу түүхтэй “Реал Мадрид”-ын хувьд олон талаараа онцлог тулаан болсон. Мадридын баг “Бавари Мюнхен”-ыг талбай дээр нь хожиж үзээгүй байв. Тэд есөн удаа Мюнхенд ирээд найм хожигдож, нэг л удаа тэнцсэн. Харин анхны ялалт нь энэ болсон юм.

Мөн “Европын цом”, “Аваргуудын лиг”-т есөн удаа түрүүлсэн эзэн хааны баг 2002 оноос хойш анх удаа шигшээд шалгараад байна. 2008, 2013 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналду 16 гоол оруулж “Алтан шаахай” шагналыг хүртэх нь тодорхой болж, дээд амжилтыг шинэчиллээ. Өмнө нь Л.Месси “Аваргуудын лиг-“т нэг улиралд 14 гоол оруулж байсан бол К.Роналду 16 болгон ахиулсан аж. "Реал Мадрид" мөн энэ улиралд Германы гурван багтай хасагдах шатанд таараад бүгдийг хожин гарч ирлээ. Тэд шөвгийн 16-д "Шальке 04"-ийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 9:2, "Боруссия Дортмунд"-ыг 3:2, "Бавари Мюнхен"-ыг 5:0-ээр бут ниргэсэн аж.

Хагас шигшээгийн нөгөө учраа Английн “Челси”, Испанийн “Атлетико Мадрид” багууд өнөө шөнө “Стэнфорд Бридж” цэнгэлдэх хүрлээнд тоглоно.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.