
Эрт урьд цагт эзэн хааны үед энхжин тогтсон нэгэн улсад хаан хүү Иван гэж байжээ. Хаан хүү Иван Марья, Ольга, Анна гэдэг гурван охин дүүтэй юмсанжээ. Эцэг эх хоёр нь нас барахдаа, дүү нараа эхэлж гуйсан хүнд л өгөөрэй гэж захижээ. Хаан хүү Иван эцэг эх хоёроо оршуулчихаад ихэд гашуудан гуниглаж дүү нарыгаа ногоон цэцэрлэгтээ зугаалъя гэжээ.
Тэднийг зугаалж явтал гэнэт хар үүл босож ширүүн бороо цутгав гэнэ. Ордондоо орцгооё гэж Иван хэлээд тэд даруйхнаа буцжээ. Дөнгөж ордондоо орж ирээд байж байтал аянга ниргэн тааз нь хоёр хуваагдан шонхор шувуу нисэн орж ирлээ гэнэ. Шонхор шувуу шал мөргөөд босохдоо сайхан залуу болон хувираад, Сайн байна уу, Иван! Урьд нь би уригдан залагдан ирдэг байлаа. Одоо бол охин дүүгий чинь гуйхаар ирлээ. Марья гүнжийг эхнэрээ болгохыг зөвшөөрнө үү? гэж гуйж гэнэ.
Хэрвээ чи дүүгийн минь сэтгэлд нийцвэл хэлэх үг, түдгэлзэх санаа надад байхгүй гэж хаан хүү Иван хэлж, Марья гүнж ч зөвшөөрчээ. Шонхор Марья гүнжтэй гэрлэн өөрийнхөө улс руу аваад явжээ. Өдөр цаг ээлжлэн өнгөрсөөр нэг жил харавсан сум шиг өнгөрөв. Хаан хүү Иван хоёр охин дүү гүнжтэйгээ ногоон цэцэрлэгээр зугаалахаар очтол дахиад хар үүл босож аянга цахилгаан цахиж гэнэ.
Харьцгаая, дүү нар минь, харьцгаая гэж хаан хүү Иван хэлээд ордондоо дөнгөж эргэж иртэл тэнгэр дуугарч ордных нь тааз хоёр хэсэг хуваагдан бүргэд шувуу нисэн орж ирж гэнэ. Бүргэд шал мөргөн босохдоо сайхан залуу болон хувирч, Сайн байна уу, Иван! Урьд нь би уригдан залагдан ирдэг байлаа. Одоо бол охин дүүгий чинь гуйхаар ирлээ. Охин дүү минь өөрөө шийдвэл онцолсон хүсэлд нь би саад болохгүй гэж Иван хэлж Анна гүнж ч зөвшөөрчээ. Тэгээд Хэрээ Анна гүнжийг өөрийн улс руу аваад явчихжээ.
Хаан хүү Иван ганцаар үлджээ. Бүтэн жил ганцаар амьдрахдаа дүү нараа ихэд санаж уйтгарлажээ. Холын замд гарч хонгор дүү нараа эрье нэг удаа шийдэв. Тэгээд хаан хүү Иван аяны урт замд гараад байтал нэг талаар дүүрэн их цэрэг хиар цохигдсон хэвтэж байна гэнэ. Хөөе, энд амьд хүн байна уу? Хэн энэ цэргийг ингэж хиар цохио вэ? гэж Иван асууж гэнэ. Гэтэл нэг хүн, энэ их цэргийг сайхан гүнж Марья Моревна хиар цохисон гэж гэнэ.
Хаан хүү Иван цааш явж байтал нэгэн цагаан цацар дайралджээ. Цагаан цацраас сайхан гүнж Марья Моревна гарч ирээд, Амар сайн уу, хаан хүү Иван! Аль газрьг зорино вэ? Хүслийн зоргоор явна уу, хүний эрхээр явна уу? гэхэд Иван, Хүчит сайн эр хариулжээ. Цаг хугацаа тайвуу бол цацарт минь айлчн амарна уу! гэж Моревна урьж гэнэ.
Хаан хүү Иван ч баярлан хоёр хоног зочилж саатахдаа сайхан гүнжид дурлан гэрлэжээ. Сайхан гүнж Марья Моревна хаан хүү Иван өөрийн улсдаа аваачин тэр хоёр аз жаргалтай сайх амьдарч байжээ. Тэгээд нэгэн өдөр Марья Моревна гүнж аян дайнд мордох болж хаан хүү Иван хамаг бүхнийг харж хамгаалж байхыг захиад, Хамаг юмыг харж хамгаалж бай, харин нэг хар амбаар луу л битгий шагайгаарай гэж гэнэ. Хаан хүү Иван тэсэж ядан Марья Моревнаг дөнгөж явангуут л хар амбаарыг онгойлгож үзвэл тэнд арван хоёр гинжээр хүлээтэй Хорт Ясан хэдрэг дүүжлээстэй байна гэнээ.
Хорт Ясан хэдрэг хаан хүү Иванаас, хайрлаж намайг өрөвдөөч, харангадаж үхэх нь байна. Арван жил энд хоол ундгүй тарчилж байна, хоолой ам минь хатах нь, балга ус өгөөч гэж гуйжээ. Хаан хүү Иван хувин ус авчирч өгөхөд Хорт Ясан хэдрэг дахин гуйж, ганц хувин ус юу ч болохгүй нь дахиад өгөөч гэжээ.
Хаан хүү Иван дахиад нэг хувин ус авчирч өгчээ. Хорт Ясан хэдрэг дахин гуйж гурван хувин ус уунгуутаа урьдынхаа хүчиндээ эргэн орж арван хоёр гинжийг нэг сэгсрээд л тас татаж хаяв. Хаан хүү Иван, чамд баярлалаа! Одоо чин үзэсгэлэнт эхнэр Марья Моревнатайгаа энэ насандаа эргэж уулзахгүй! гэж хэлээд хуй салхи мэт хуйлран эргэлдээд цонхоор нь нисэн гарч Марья Моревнаг гүйцэн шүүрч аваад явчихжээ. Хаан хүү Иван эмгэнэн гашуудан уйлаад, үхлээс ч айлгүй явж үзэсгэлэнт Марья Моревнагаа олно гээд аян замд гарчээ.
Хоёр өдөр яваад гурав дахь өдрийнхөө өглөө нэг гайхамшигт сайхан ордныг харжээ. Ордны дэргэд царс мод, тэр модон дээр шонхор шувуу сууж байна гэнэ. Шонхор шувуу нисэн бууж газар мөргөөд сайхан залуу болон хувирч,
Хайрт ах минь, бурхны ивээлээр амар мэнд явна уу? гэж хэлэхэд Марья дүү нь гүйн гарч ирж амар мэндииг нь асуун угтаж аж амьдралаа ярин ордондоо урьжээ. Хаан хүү Иван тэднийд гурван өдөр зочлоод хэлсэн нь,
Удаан зочилж чадахгүй нь уучлаарай, дүү нар минь. Би өөрийн эхнэр сайхан гүнж Марье Моревнаг эрж яваа билээ гэхэд Шонхор, Үзэсгэлэнт Марья Моревнаг олно гэдэг үнэхээр хэцүү! Юу ч гэсэн мөнгөн халбагаа орхиод яв. Халбагыг чинь харан хайрт ах таныгаа дурсаж байя гэжээ.
Хаан хүү Иван Шонхорынд мөнгөн халбаг орхиод цааш эрлийнхээ замд гарчээ. Хаан хүү Иван хоёр өдөр яваад гурав дахь өдрийнхөө өглөө түрүүчийнхээс илүү гоё ордон байхыг харжээ. Ордны хажууд царс мод, царс мод дээр бүргэд шувуу сууж байснаа нисэн газар мөргөөд сайхан залуу болон хувираад, Ольга гүнж минь, босоорой, угтаарай! Хайрт ах минь ирж явна гэж гэнэ.
Ольга гүнж угтан гарч ирээд ахыгаа тэврэн авч амар мэндийг нь мэдэн аж амьдралаа ярин баярлав гэнэ. Хаан хүү Иван тэднийд гурван өдөр зочлоод, удаан зочилж чадахгүй нь ээ, уучлаарай, дүү нар минь. Би өөрийн эхнэр сайхан гүнж Марья Моревнаг эрж явна гэхэд Бүргэд, сайхан гүнж Марья Моревнаг олно гэдэг тун хэцүү, мөнгөн сэрээгээ орхиод яв, мөдхөн уулзахын бэлэгдэл болгон таныгаа бид дурсаж байя гэв. Хаан хүү Иван мөнгөн сэрээгээ орхиод эрлийнхээ замыг цааш үргэлжлүүлжээ. Ингээд Иван хоёр өдөр яваад гурав дахь өдрөө түрүү түрүүчийнхээс илүү гоё ордныг үзэж гэнэ.
Ордны хажууд царс мод, царс модон дээр хэрээ шувуу сууж байснаа Иваныг хармагцаа газар мөргөн сайхан эр болон хувираад, Анна гүнж минь, ах минь ирж явна, угтаарай гэж гэнэ. Анна гүнж гүйн гарч ирж ахыгаа тэврэн авч амар мэндийг нь асуун аж төрлөө ч ярин баярлав. Хаан хүү Иван тэднийд гурван өдөр зочлоод, За дүү нар минь, баяртай. Сайхан гүнж Марья Моревнагаа эрж яваа билээ, саатан сууж удаан зочилж чадахгүй нь гэхэд хэрээ, Сайхан гүнж Марья Моревнаг олно гэдэг хэцүү, мөнгөн хөөргөө орхиод яв даа мөдхөн уулзахын бэлэгдэл болгон таныгаа бид дурсаж байя гэв. Хаан хүү Иван мөнгөн хөөргөө орхиод эрлийнхээ замыг цааш үргэлжлүүлжээ. Иван явсаар гурав дахь өдрөө Марья Моревнагийн байгаа газар очжээ. Сайхан Марья Моревна Иваныг хармагцаа ухасхийн тэврэн авч уйлан хайлан, Хайрт Иван минь, хориглож хэлснийг минь тоолгүй, Хорт Ясан хэдрэгийг яах гэж суллав дээ, чи минь! гэж гэнэ.
Сайхан Марья Моревна минь, санаандгүй байж муу хэрэг хийлээ, намайгаа өршөө, хоёулаа одоо зугтъя, Хорт Ясан хэдрэг гүйцэхгүй ч байж магадгүй гэж Иван хэлээд хоёул зугтжээ. Энэ үед Хорт Ясан хэдрэг анд явсан байжээ. Гэтэл гэр лүүгээ буцах замд морь нь бүдрээд байсанд Хорт Ясан хэдрэг хараан, Аа, муу адсага чи яагаад бүдрээд байгаа юм бэ? Азгүй явдал зөгнөө юу? гэж хашгирав морь нь, Хаан хүү Иван ирээд Марья Моревнаг аваад явчихлаа гэж гэнэ. Ясан хэдрэг одоо хөөвөл гүйцэх үү гэж асуухад морь нь, Улаан буудай тариад ургахаар нь хураагаад тариагаа цайруулаад хорин таван талх жигнэж идээд явахад гүйцнэ гэжээ.
Хорт Ясан хэдрэг хэд харайлгаад Иваныг гүйцжээ. Надад ус өгч тэнхрүүлсний чинь хариуд хоёр удаа уучилж, амийг чинь өршөөнө, хэрвээ гурав дахь удаагаа бол хэдэн хэсэг хэрчиж хаяна шүү гэж хэлээд Марья Моревнаг булааж аваад явчихав гэнэ. Хаан хүү Иван чулуу сандайлан суугаад уйлж уйлж эргээд л Марья Моревнагаа аврахаар явж гэнэ дээ. Хорт Ясан хэдрэг гэртээ байхгүй байж гэнэ. За Марья Моревна, явъя гэхэд Марья Моревна, Биднийг гүйцээд бариад авна даа гэхэд Иван гүйцвэл гүйцэж л байг, хэдэн цаг ч болохноо цуг байя! гээд хоёулаа явжээ. Хорт Ясан хэдрэг гэр лүүгээ буцаж явтал морь нь бүдрээд байж гэнэ. Аа, чи муу адсага яагаад бүдчээд байгаа юм бэ? Азгүй явдал зөгнөө юу? гэж хашгиран загнахад морь нь, Иван ирээд Марья Моревнаг аваад явчихлаа гэхэд Хорт Ясан хэдрэг, Тэр хоёрыг гүйцэх үү? гэж асуув. Арвай будаа тариад ургахаар нь цайруулаад пиво исгэж уугаад, сайн гэгч унтаж аваад явсан ч гүйцнэ гэж морь нь хэлж гэнэ. Хорт Ясан хэдрэг хэд харайлгаад Иваныг гүйцэн ирж, Үзэсгэлэнт эхнэр Марья Моревнатайгаа энэ насандаа эргэж уулзахгүй гэж би чамд аль эрт хэлсэн байхаа гээд Марья Моревнаг булааж аваад яваад өгчээ.
Хаан хүү Иван ганцаар баахан уйлж уйлж дахиад л Марья Моревнагийнхаа зүг явжээ. Хорт Ясан хэдрэг дахиад л гэртээ байсангүй. За Марья Моревна, явъя! Иван минь, Хорт Ясан хэдрэг гүйцэж ирээд чамайг минь хэдэн хэсэг тастаж хаяна, яадаг билээ! Амь биеийг минь хэдэн хэсэг тастаж хаявал ч хаяг, амраг чамтайгаа хэдэн хором ч болсон цуг байя! Ингээд тэд явжээ. Хорт Ясан хэдрэг гэр лүүгээ буцаж явтал морь нь бүдчээд байж гэнэ.
Ахиад чи бүдчээд унав уу? Азгүй явдал тохиолдох нь уу? гэж мориноосоо асууж, морь нь Иван ирээд Марья Моревнаг аваад явчихлаа гэдгийг хэлж гэнэ. Хорт Ясан хэдрэг хэд харайлгаад Иваныг гүйцэн очиж хэдэн хэсэг тас татаж давирхайтай торхонд хийгээд торхоо төмөр бүслүүрээр бэхлээд тэнгисийн ус руу шидчихээд Марья Моревнаг аваад харьжээ.
Тэр мөчид хаан хүү Иваны хүргэнүүддээ бэлэглэсэн мөнгөн эдлэлүүд харлаад ирж гэнэ. Хүргэн дүү нар нь ч гай зовлон учирч гэдгийг мэдэв. Бүргэд тэнгисийн дээгүүр нисэн торхыг шүүрэн авч эрэг дээр гаргаад иржээ. Шонхор мөнхийн ус, Хэрээ билгийн ус авчрахаар нисжээ. Ингээд гурвуул нэгэн газар нэгэн зэрэг нисэн ирж торхыг хагалан хаан хүү Иваны биеийг гаргаж эвлүүлж нийлүүлэн тавиад Хэрээ билгийн усаараа шүрштэл биеийн хэсгүүд нийлэн ургаж гэнэ. Дараа нь Шонхор мөнхийн усаар шүршвээс Иван чичирсхийн хөдөлснөө амь орон босоод,
Би яасан удаан унтав аа! гэж гэнэ. Хүргэнүүд нь энэнээс удаан унтсан бол яана, эвлэж бид ирээгүй бол яана гээд гэр гэртээ урьжээ. Хайрт дүү нар минь, саатан амрах зав алга, сайхан Марья Моревнагаа олж авъя гээд яаран явжээ. Марья Моревна Иваныг хармагцаа гүйн ирж тэврэн авч бурхан чамайг минь амь оруулах нь энэ үү? гэж уйлжээ. Иван юу болсныг бүгдийг ярив. Тэгээд, Хорт Ясан хэдрэг тийм хурдан сайн морь хаанаас олж авсныг мэдээдэх гэж гуйжээ.
Марья Моревна ч ая эвийг нь харж байгаад Хорт Ясан хэдрэгээс хурдан морь хаанаас олсныг асуужээ. Тэгтэл Хорт Ясан хэдрэг, Зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээгээс би энэ морио авсан. Тэнд гал голын цаад талд Шулмас эмгэн амьдардаг юм. Тэр Шулмас эмгэний унадаг нэг гүү байдаг юм. Өөр олон ч сайн хурдан гүү бий. Би гурван өдөр гүүгий нь хариулаад нэгийг ч алдаагүй юм, тэгээд шанд нь нэг хурдан унага авсан билээ гэж ярьжээ. Гал голыг чи яаж гатлаа вэ? гэхэд, надад нэг алчуур бий. Тэр алчуураа гурван удаа баруун тийш сэгсрэхэд маш өндөр гүүр бий болдог юм. Гал түүнд хүрч чаддаггүй юм. Марья Моревна сонссон бүгдээ хаан хүү Иванд хэлж өгөөд Хорт Ясан хэдрэгийн алчуурыг олж өгчээ.
Хаан хүү Иван гал гол дээгүүр гараад Шулмас эмгэнийх рүү явжээ. Явж явж гэдэс нь өлсөөд яая даа гэж байтал олон дэгдээхэйгээ дагуулсан нэг шувуу дайралдаж гэнэ. Хаан хүү Иван, нэг дэгдээхэйгий чинь идье гэжээ. Хаан хүү Иван минь, хэлтрүүлж хайрла, хэт нь би чамд хэрэг болж магад шүү гэж гуйхаар нь болиод цааш явжээ. Гэтэл өмнө нь нэг зөгийн үүр байна гэнэ. Жаахан бал идээдхье гэтэл хатан зөгий, Балнаас минь бүү хороогооч, бага биетэй ч гэсэн би чамд хэрэг болж юу магад гэж гуйжээ.
Иван баланд нь хүрсэнгүй цааш явж байтал өмнөөс нь зулзгаа дагуулсан эм арслан гараад ирж гэнэ. Энэ зулзгыг идье байз, өлсөж үхэх нь гэтэл, Хаан хүү Иван минь, битгий идээч, хэт нь би чамд хэрэг болж магад гэж гуйжээ. Иван ч за гуйснаар чинь болог гээд цааш явсаар байгаад Шулмас эмгэнийд очжээ. Эмгэний байшин тойроод арван хоёр шон мод байх агаад арван нэгэн шонд нь хүний гавлын яс өлгөөтэй харагдана. Харин нэг шон хоосон ажээ.
За эмээ, сайн байна уу? гээд л Иван ороод явчихаж, эмгэн ч, Хаан хүү Иван, сайн явж байна уу? Хэрэг зориг юунд вэ? Хүслийн зоргоор явна уу, хүний эрхээр явна уу? гэж асуув гэнэ. Баатар эрд таарах хурдан морьтой болохоор ирлээ гэж Иваныг очиход, Иван, жил ч биш сар ч биш ердөө гурван өдөр хэдэн гүүг минь хариулаадах, хариулж чадвал чамд хурдан морь өгнө, эс чадвал энэ муу толгойгий чинь тэр сүүлчийн шон дээр өлгөх болно шүү гэж эмгэн хэлэв.
Хаан хүү Иван ч за хариулъя гэж, эмгэн ч хоол ундаар дайлаад, За ажилдаа гар, амласнаа биелүүл гэж гэнэ. Иван гүүнүүдийг талд гаргамагц цөм сүүлээ өргөөд нэг нэгээрээ зүг зүг рүү давхиад алга болчихож, хаачив гэж харж амжаагүй байтал бараагүй болчихож. Иван гашуудан уйлж байгаад чулуун дээр суугаагаараа унтаад өгчээ. Нар жаргах үед хол газрын шувуу нисэн ирж Иваныг сэрээгээд, Хаан хүү Иван минь, босоорой, гүүнүүд одоо хашаандаа байгаа гэж гэнэ.
Иван эмгэнийд хүрч ирвэл эмгэн гүүнүүдээ загнан яагаад цуглаад буцаад ирэв гэж, гүүнүүд нь яах ч арга болсонгүй, дэвэн дэлхийн зүг зүгээс олон шувуу нисэн ирж нүд ам сохолчих шахан хөөлөө гэж байна гэнэ. Та нар маргааш талаар биш ойгоор нэг тарж алга бол гэж Шулмас эмгэн гүүнүүдээ загналаа гэнэ. Шулмас эмгэн Иванд өглөө нь, нэг л гүү дутуу байх юм бол толгой чинь шонгийн мод мялаана гэж мэдээрэй гэжээ.
Иван гүүнүүдийг хашаанаас гаргамагц тэд сүүлээ өргөн хар ойн зүг харавсан сум шиг алга болцгоов. Иван чулуун дээр суугаад уйлж уйлж унтаад өгчээ. Нар жаргахын үед эм арслан гүйж ирээд, Хаан хүү Иван минь, босоорой, гүүнүүд одоо хашаандаа байгаа гэж гэнэ. Хаан хүү Иван эмгэнийд ирвэл эмгэн гүүнүүдээ урьдынхаасаа илүү хараан загнаж, яах гэж буцаад ирэв гэхэд гүүнүүд нь, яах ч арга болсонгүй, дэвэн дэлхийн зүг зүгээс араатан амьтад давхин ирж биднийг арайтай л тас тас татчихсангүй! гэж, эмгэн ч, За, маргааш та нар хөх тэнгис рүү ороод алга болчих гэж зааж байна гэнээ. Маргааш өглөө нь Шулмас эмгэн дахиад л,
За Иван, нэг л гүү дутуу байх юм бол толгойгүй гэж мэдээрэй гээд гүүгээ гаргажээ. Иван гүүнүүдийг тал руу туутал гүүнүүд сүүлээ өргөн давхисаар хөх тэнгис рүү ороод толгойгоо цухуйлган зогсоцгоов. Хаан хүү чулуун дээр суугаад уйлж байснаа унтчихжээ. Нар уулын цаагуур ороход зөгий нисэн ирж, Хаан хүү Иван, босоорой, хамаг гүү хашаандаа байгаа, харин чи одоо буцаж очоод Шулмас эмгэнд бүү үзэгд, морины хашаан дахь тэвшний ард нуугд. Тэнд нэг туранхай муу унага өтгөн дээр өнхөрч байгаа, чи тэр муу унагыг хулгайлж аваад гүн шөнөөр зугтаа гэж зааж өгчээ.
Иван эмгэнийх рүү очин малын тэвшнийх нь ард нуугдан хэвтээд чагнавал эмгэн урьд урьдынхаасаа маш ихээр уурлан гүүнүүдээ яах гэж буцаж ирэв гэж загнаж байх юм гэнэ. Гүүнүүд нь, яах ч арга болсонгүй, дэвэн дэлхийн зүг бүрээс тоо тоймшгүй олон зөгий нисэн ирж цус гартал хатгаад байлаа гэж хариулна. Шулмас эмгэн уурлаж байгаад унтлаа гэнэ, тэгэхээр нь Иван шөнө дунд нөгөө муу унагыг нь хулгайлж аваад унан давхисаар гал голын хажууд ирээд алчуураа баруун зүг гурвантаа сэгсэрвэл голын дээгүүр өндөр сайхан гүүр бий болж гэнэ.
Иван голын нөгөө талд гараад алчуураа зүүн тийш нь хоёр удаа сэгсэрвэл гол дээгүүр тун ч нарийхан гүүр үлджээ. Шулмас эмгэн өглөө сэрээд туранхай муу унага нь алга байхад төмөр уурандаа суун нүдүүрээрээ гуядан даллан, шүүрээрээ мөрөө шүүрдэн шүүрдэн Иваны араас хөөв. Гал голын дэргэд ирээд «Аа, сайхан гүүр байна!» гэж бодоод дээгүүр нь гүйгээд дунд нь ороод байтал гүүр эвдрэн нурж унахад Шулмас эмгэн ч гал гол руу унаж үхлийн муугаар үхэв гэнэ.
Хаан хүү Иван унагаа ногоон нугын өвс ногоо идүүлэн тэнхрүүлж гайхамшигт сайхан морьтой болжээ. Ингээд Иван сайхан Марья Моревна дээрээ ирвэл гүнж гүйн ирж тэврэн угтав. За Марья Моревна минь, явъя! гэж Иваныг хэлэхэд Марья Моревна, Хорт Ясан хэдрэг гүйцэж ирээд чамайг минь дахиад хэдэн хэсэг тастаад хаячихна даа!
Одоо гүйцэж чадахгүй ээ, миний морь Хорт Ясан хэдрэгийнхээс дутахгүй хурдан, яг л шувуу шиг гээд хоёул мориндоо сундалдаад явжээ. Хорт Ясан хэдрэг гэр лүүгээ буцаж явтал морь нь бүдрээд байжээ. Аа, муу адсага чи яагаад бүдчээд байгаа юм бэ? Азгүй явдал зөгнөө юү? гэхэд морь нь Иван ирээд Марья Моревнаг аваад явчихсан гэж хэлэв. Хорт Ясан хэдрэг мориноосоо тэднийг гүйцэх үү гэхэд морь нь, Аа, мэдэхгүй! Тэр хоёрын морь тун хурдан. Сайн морь гэж хулмалзахад, Ай би тэсэхгүй нь, хөөгөөд үзье! гэж Хорт Ясан хэдрэг хашгирав. Тэгээд Хорт Ясан хэдрэг давхисаар Иваныг гүйцэн очмогцоо үсрэн бууж сэлмээ суга татан Иваны толгойг тас цавчихыг завдтал Иваны морь Хорт Ясан хэдрэгийн толгойг дүйртэл өшиглөв. Хаан хүү Иван ч ухасхийн Ясан хэдрэгийн толгойг шийдмээрээ хага цохин унагаажээ. Тэгээд гал асаан Хорт Ясан хэдрэгийг шатаан үнс тортгийг нь салхинд хийсгэв.
Ингээд дайснаа дарсан хоёр амраг хурдан сайн морьдоо унаад ахан дүүсийнхээрээ айлчлан зочилжээ. Хэрээ, Шонхор, Бүргэдийнд очиход тэд баярлан угтаж «Энхрий хайрт ах минь, эргэж уулзахын ерөөлтэй байжээ. Энэ дэлхийн хаанаас ч оломгүй ийм сайхан гүнжийн төлөө ингэж тэмцэлгүй яах билээ!» гэлцэв. Дараа нь хаан хүү Иван сайхан гүнж Марья Моревна хоёр улс орон ус нутагтаа эргэн ирж эвтэй найртай энх тунх сайхан амьдарч урт насалж удаан жаргажээ.
Орчуулсан Ж.Оюунцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(121.160.51.51) 2014-05-27 11:29Bagachuuddaa zoriulaj ulger oruulsan tanai saitad bayarlalaa.Eh ornoosoo hol baigaa bidend mash tom beleg bolloo.Uur olon ulgeruud nemej ouulahiig husej baina.
Хариулах
Зочин
(202.131.242.238) 2014-05-20 09:57ямар хөөрхөн юм бэ? багадаа уншиж өссөн үлгэр минь байна.
Хариулах