“Чингис”, “Самурай” бондоос 1.8 их наяд төгрөг үлджээ

Twitter Print
2014 оны 04-р сар 29-нд 17:08 цагт
Мэдээний зураг,
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдмагцаа 2 жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр 5 тэрбум ам. долларын бонд үе шаттайгаар гарган арилжих шийдвэр гаргасан. Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны энэ шийдвэрийг УИХ-ын 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар дэмжиж тогтоол гаргажээ. Гэхдээ эхний ээлжинд 1.5 тэрбум ам. долларын бонд арилжаалах зөвшөөрөл өгсөн юм.

Энэ дагуу “Чингис” хэмээн нэрлэж Сингапурын хөрөнгийн биржид бүртгүүлсэн 1.5 тэрбум ам. долларын бондын арилжааг 2012 оны сүүлээр эхэлсэн байдаг. Тухайбал 2012 оны 12 дугаар сарын 5-нд нэг тэрбум ам. долларыг 10 жилийн хугацаатай, 5.1 хувийн хүүтэй арилжжээ. Харин 2013 оны нэгдүгээр сарын 5-нд үлдсэн 500 сая ам. долларын бондоо 5 жилийн хугацаатай 4.1 хувийн хүүтэйгээр гаргасан. Ийнхүү Засгийн газрын бонд үе шаттайгаар гарсан даруйд төлбөр нь Монголбанкин дахь төрийн сангийн тусгай дансанд байршиж, хүү нь бодогдож эхэлсэн түүхтэй. “Чингис” бондын 5 жилийн хугацаатай гаргасан бондын үндсэн төлбөрийг 2018 онд, 10 жилийн хугацаатай гаргасан бондын үндсэн төлбөрийг 2023 онд хийж дуусгах ёстой. Бондын эцсийн төлбөрийг хийж дуусгах хүртэл Монгол Улс 5 жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 20 сая, 625 мянган ам. долларын хүү төлөх бол, 10 жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 51 сая, 250 мянган ам. доллар төлнө.

Өөрөөр хэлбэл “Чингис” бондын эцсийн төлбөрийг хийж дуустал 5 болон 10 жилийн хугацаатай бондын хүүд нийтдээ 615 сая, 625 мянган ам. доллар төлөх тооцоо гарч байна. Энэ бүх мөнгийг 10 жилийн хугацаанд, жилд хоёр удаа төлж барагдуулах ёстой. Ингэхдээ жил бүрийн 6 болон 12 дугаар сард бондын төлбөрийг хөрөнгө оруулагчдад төлж байгаа юм. Одоогоор хөрөнгө оруулагчдад 2 удаа бондын төлбөр, тооцоо хийж 72 сая ам. доллар зарцуулаад байгаа. “Чингис” бондын хүү ийнхүү өдрөөс өдөрт бодогдсоор байхад тэр мөнгөнөөс өнөөдрийг хүртэл 1.4 их наяд төгрөг ямар ч ашиглалтгүй арилжааны банкуудад байршсан хэвээр байгаа аж. Харин бусад мөнгийг 10 гаруй салбарын төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулаад байгаа юм байна.

Энэ асуудлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк томоохон 20 гаруй төслийг санхүүжүүлснээс “Чингис” бондын мөнгөөр 10 төсөл санхүүжүүлж байна. Зам, барилга, стратегийн ач холбогдолтой уул уурхайн бүтээн байгуулалт гээд томоохон төслүүдийг сонгон авч санхүүжилт хийсэн. Тоймтойгоос нь дурдвал Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 200 сая ам. доллараар санхүүжүүлээд явж байгаа нь нэлээн том хөрөнгө оруулалт гэж үзэх ёстой. Тэдний хамгийн сүүлд хийсэн ТЭЗҮ-г нягтлахад 800 орчим сая ам. долларын санхүүжилт шаардлагатай юм билээ. Гэхдээ бүх эрсдлийг ганцхан төр үүрэхгүй шүү дээ.

Нөгөө нэг томоохон санхүүжилт нь хуучны Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК-1,2,3-ыг дахин байгуулах, хөл дээр нь босгох хөрөнгө оруулалт юм. Одоогоор Германы техник, эдийн засгийн тусламжтайгаар сэргээн босголтын ажил нь дуусах шатандаа яваа БҮК-1 комбинат байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор жилд 150 мянган метр куб барилгын зориулалтын хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм. Тэр хавтангаар өвөл, зунгүй барилга барих нөхцөл бололцоо нээгдэж, одооны нойтон ажиллагаа буюу бетон цутгалтыг орлуулснаар Монголын барилгын салбарт маш онцгой дэвшил гарна. Зөвхөн энэ төсөлд л гэхэд 14 сая ам. долларын санхүүжилт хийгдсэн” гэсэн тайлбар өгч байна.

“Чингис” бондын хөрөнгийг 10 салбарт зарцуулаад байгаагаас аймгийн төвүүдийг холбох орон нутгийн авто замын төсөлд 570 тэрбум төгрөг шаардлагатайгаас одоогоор 369 тэрбумийг олгоод байгаа аж. Тэгвэл “Гудамж” төсөлд 200 сая ам. доллар шаардлагатайгаас одоогоор 47.6 тэрбум төгрөг болон 1.9 сая ам. доллар олгоод байгаа гэнэ.

Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн шинэ төмөр замын ажилд 200 сая ам. доллар олгохоор шийдвэрлэснээс одоогийн байдлаар 164.2 саяыг нь олгожээ. Мөн Тавантолгойн цахилгаан станцын төсөлд 14.8 сая ам доллар олгохоос 3.8 саяыг, харин Эгийн голын усан цахилгаан станцад шаардагдах 2.3 сая ам. долларын санхүүжилтийг бүрэн хийж дуусчээ.

Улаанбаатарын инженерийн шугам, дэд бүтцийн төсөлд 196.4 тэрбум төгрөг шаардлагатайгаас 101.8 тэрбумийг олгоод байгаа аж. Мөн Төрийн орон сууцны корпорацийн төсөлд 72 тэрбум төгрөг зарцуулах ёстойгоос бүгдийг хийж дуусгажээ.

Харин Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төслүүдэд шаардлагатай 170 тэрбумийн зээл олгогдоогүй, АНУ-аас худалдан авах “Боинг 767” онгоцны төлбөрийн 81.3 сая ам. доллар эргэн төлөгдсөн, барилгын арматур, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх 4 төслийн 50 сая төгрөг эзэддээ очоогүй байгаа зэргийг оролцуулан тооцвол “Чингис” бондоос 1.4 тэрбум төгрөг одоо болтол зарцуулагдаагүй байгаа аж. Үүн дээр “Самурай” бондын зарцуулагдаагүй байгаа 400 тэрбум төгрөгийг  нэмвэл 1.8 их наяд төгрөг одоогоор эдийн засгийн үр ашиггүй зөвхөн хүүг нь төлөх байдлаар арилжааны банкуудад хэвтэж байгаа аж. Харин энэ мөнгөнөөс 1 их наядыг нь “Импортыг орлох, экспортыг дэмжих” төсөл хөтөлбөрүүдэд олгох бэлтгэл ажил хийгдэж байгаа юм байна. Эхний ээлжинд 888 төсөл шалгаруулаад байгаа ч арилжааны банкны шалгуур хангасан төслүүд нэг их наяд төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй зээлэх боломжтой гэнэ. Харин үлдэж байгаа 800 тэрбум төгрөгөөр дутуу санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бодолтой байгаагаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тайлбарласан юм.    

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.