Сөүл болон Кёнгид орсон борооны улмаас 7 хүн нас баржээ

Twitter Print
2022 оны 08-р сар 09-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын нийслэл Сөүлд болон Сөүл хотын орчимд даваа гарагаас мягмар гараг шилжих шөнө үргэлжлэн орсон усархаг борооны улмаас багадаа 7 хүн амиа алджээ.

Өнгөрсөн даваа гарагийн орой Сөүл хотын өмнөд хэсэгт цагт 100 мм, бусад хэсэгт 141.5 мм хур тунадас орсон ба БНСУ-ын Цаг уурын алба энэ нь сүүлийн хэдэн арван жилд болж байгаагүй үзэгдэл хэмээн онцолжээ.

Мягмар гарагийн үүрмйн 5 цагийн байдлаар Сөүлд нийтдээ 420 мм хур тунадас орсон ба цаг уурын урьдчилсан мэдээгээр хур тунадас ирэх лхагва гарагийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Сөүлийн Ганнам дүүрэгт зарим орон сууц худалдааны төвүүд усанд автаж, тоггүй болсон бол гудамж талбай, метроны буудлууд усанд автаад байна.

Уг байгалийн гамшгийн улмаас 9 хүн шархдаж, 6 хүн сураггүй алга болоод байгаа ба үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “Ноцтой” түвшинд хүргэж нэмэгдүүлж, албан байгууллагуудаас ажлын цагийн хуваариа зохицуулж өөрчлөхийг хүссэн байна.

Өнөөдрийн байдлаар Солонгосын Цаг уурын албанаас 26 сая хүн амтай Сөүл болон Гангвон, Чүнчён мужуудад усархаг бороо үргэлжлэн орохыг анхааруулаад байна.

Ерөнхийлөгч Юүн Сук Ёл шуурхай хурлын үеэр орон нутгийн удирдлагуудад иргэдийн аюулгүй байдалд анхаарах, үерт автсан бүсүүдийг хяналтанд авахыг үүрэг болгожээ.

Өмнөд Солонгост усархаг бороо үргэлжлэн орох үзэгдэл зуны улиралд элбэг тохиолддог ч хур тунадасны хэмжээ мөн уг үзэгдлийн давтамж огцом нэмэгдсэнийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбохгүй байх аргагүй хэмээн Солонгосын Цаг уурын албаны мэргэжилтнүүд онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.