Тийм ээ, би өлсгөлөн сэтгүүлч

Twitter Print
2020 оны 05-р сар 03-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Би 33 настай. Сэтгүүлч хэмээх сайхан мэргэжлийг эзэмшээд яг 12 жил болж байна. Сонинд ч зүтгэлээ, телевизэд ч ажиллалаа. Товчхондоо, юм юм л үзсэн. Энэ хугацаанд сэтгүүл зүйд нэмэр болохоор гавьяа байгуулаагүй ч нэрмээс болохоор гай лав тариагүй. Зүгээр л, Жалсрайн хүү Баяржаргал байсаар ирсэн. Эрх мэдэлтнүүдийн бууны нохой болж шогтоогүй, хөрөнгө чинээтнүүдийн халаасны этгээд болж тэнэгтээгүй. Даргад долигонож шарвалзаагүй, захиралд ховлож бялдуучлаагүй. Тиймээс хэний ч алдаа ба оноог хэлж, алины ч зөв болон бурууг дуулгах нүүртэй. Иймийн учир сүүлийн хэдэн жилийн турш тээж ирсэн бодол, бугшиж буцалсан бухимдлаа илэрхийлье гэж бодлоо. Ямар хувиа бодож довоо шарлуулж байгаа биш. 

Салбарынхаа эрүүл саруул ирээдүй, сэтгүүлч нөхдийнхөө сайхан амьдралын төлөө бухимдахад, үнэнийг хэлэхэд ер нь яагаад болохгүй гэж. Оны өмнө сэтгүүлчид хуралдав даа. Хэд талцсан юм бүү мэд, тал талаас босож ирээд баахан маргалдав. Маргасан ч гэж дээ, уралцах нь холгүй юм болсон. Хөгшчүүд нь гомдоллож, залуучууд нь уурлаад л нэлээн үзэж тарав шүү. Дарга нар яахав дээ, сурсан зангаараа өөрсдийгөө сэтгүүл зүйн азарга, сэтгүүлчдийн ухна нь гэж олонд итгүүлэх жүжиг тавьсан. Ингэх ёстой, тэгдэг юм гэж баахан сургав. Бас болоогүй ээ, “Дөрөв дэх засаглал минь булингартаж дууслаа” гэж ирээд л дөвчигнөв. “Энэ том намгаас яаж гарах вэ” гэж ч байх шиг. Хөөрхий, уснаас хуурай гарах гэсэн ядарсан арга юм уу даа, янз нь. Тэдэнд хандаад “Та өөрөө дө рөв дэх засаглал” гэж чангаас чанга хэлье. Барууны орнууд, далайн чанадад л дөрөв дэх нь юм байгаа биз. Манайд лав тийм биш. Дөрөв байтугай дөч дэх нь ч биш. 400 дахь нь байвал л их юм. Сэтгүүл зүйгээ аймаар бохирдуулж хүчгүйдүүлчихээд, сэтгүүлчдээ айхтар доройтуулж сульдуулчихаад засаглал энэ тэр, засаглана барина гэж дуугарч яаж чадаж байна аа. 

Тийм ээ, дарга та зөв ойлгож. Манай салбарын үгүйрэл хоосролд Та өөрөө буруутай. Дээгүүр зиндааны та олигтой байсан бол доогуур зэрэглэлийн бид өнөөдөр жаргалтай байх байлаа. Өлсгөлөнгөөрөө дуудуулж, өрөвдөлтэйгөөрөө цоллуулахгүй байсан юм. Сэтгүүл зүй маань ч цэлмэг байх байв. Гэвч унхиагүй зангаас тань болж бид тэр чигээрээ төрийнхний гарт ба зуулж, бизнесийнхний халаасанд баглуулчихлаа. Тиймээс асуудлын шалтгааныг өрөөл бусдаас хайх шаардлагагүй, ондоо улсад тохох гэж ч оролдох хэрэг гүй, үе үеийн дарга нар аа!!! “Бид буруутай гэж үү” гэж мэдэн будилж байгаа нөхдөд дараах тодруулгыг хийе. Та нарт ноён нуруу алга. Бүр хугарсан нь ч байхгүй. Ур чадварын шалгуураар бус, танил талын үзүүлэлтээр даргын суудалд заларсан улсад ер нь юу л байвал гэж. Танилaa ч алддаа. Эрх мэдэлтэй улстөрч, мөнгө төгрөгтэй хөрөнгөтнүүдтэй “садан төрөл” болсны хоо хүчинд л телевизүүдийн магнайд, сонинуудын толгойд гарч ирсэн биз дээ. Мэдээж, захиалгат материалыг нь би чиж, далд явуулгыг нь нэвтрүүлж “нохойтсоныхоо” шанд ийм сэтэр зүүсэн байж таараа. Үүнийг захын сэтгүүлч гэрчилнэ. Зах дээр зогсдог наймаачид ч хэлнэ. 

Ингээд л аяганы хариу өдөртөө нэхэгдэж эхэлнэ биз дээ. Өрсөлдөгч улсыг нь муулахгүй, таардаггүй хүмүүсийг нь харлуулахгүй бол босс хилэгнэнэ. Гар хөлөө болгох л гэж “Долдойнууд”-ыг татаж гаргаж ирсэн юм чинь. Нууц ноёд хэнийг ивээл дээ авч, алинаас хол байхаа сайн мэднэ. Өөрийн гэсэн үзэл бодолтой, өөлүүлэхээргүй өндөр боловсролтой сэтгүүлч тэдэнд огт хэрэггүй. Өөдөөс нь цор цор гээд өгсөн тушаалыг нь биелүүлэхгүй учраас. Тиймээс мөлх гэхэд нь мөлхөж, хэвт гэхэд нь хэвтэж байх этгээдийг л сонгож авдаг хэрэг. Ингэж сонгогдсон нөхөд захиалгатай мэдээлэл түгээлгүй яадаг юм, ийм замыг өөгшүүлэлгүй яах юм. Бүр, тийм төрлийн сэтгүүлчийг бэлдэнэ шүү дээ. Ийм замаар л захиалгат нийтлэл болон нэвтрүүлэг, хариуцлагагүй сонин ба телевиз өсөн төлжиж байна. Хогийн ургамлын үрийг өөрсдөө суулгаж, хорт цацлагыг нь өөрсдөө хийчихээд “Дөрөв дэх засаглал минь бузартаж дууслаа, дугтарч чангаавч өөдлөхгүй байна” хэмээн аяглах нь даанч ичгүүртэй. Галын цэгийг өөрсдөөсөө холдуулах гэсэн далд санаа л даа. 

Хэрэв би буруу яриад, зөрүү донгосоод байгаа юм бол дарга та эрхэлж байгаа сонин сэтгүүл, удирдаж буй телевиз радиогийнхоо өнгө төрхийг эргээд нэг сайн харчих. Нэг хэвэнд цутгачихсан юм шиг ижил хэлбэр, нэг хүнээр бичүүлсэн гэмээр адил агуулга харагдаж байна уу? Тийм биш гэж мэлзэх гээд байгаа бол уншигч болоод үзэгчдийн сэтгэгдлийг сонсоорой. Сайн байна, сайшаалтай шүү гэж хэлэх хүн ховор доо. 

Толгойтой үснээс олон болсон телевизүүдийн бодит төрхийг ажиглацгаая. Нэвтрүүлэг нь навсгар, мэдээлэл нь үлбэгэр. Бүтэц ижил, хэлбэр адил. Агуулга нь ч төстэй. Нэг телевизийн мэдээг харсан байхад нөгөө сувгуудыг үзчихлээ л гэсэн үг. Мэдээллийн нь чанар чансааны тухайд бол ярилт байхгүй. Мэдээ нэрийн дор пүүс компани, бараа бүтээгдэхүүн сурталчилдаг нь гэм биш зан болсон. Энэ бол сэтгүүл зүйн биеийг хүчээр үнэлүүлж байгаагийн хамгийн өнгөн жишээ. За тэгээд “Фото ньюс” ч гэнэ үү, “Бизнес мэдээ” ч гэл үү хачин юмнуудыг нь үзвэл инээд хүрэм. Ядаж байхад телевиз бүр ийм буланшуу юмтай. “Прайм тайм”-аараа ийм хөгийн юм гаргахыг зөвшөөрсөн тэр дарга тун хөөрхийлөлтэй. Үүнийг нь хүн үздэг хэмээн боддог аж. Түүнийгээ теле визийн сэтгүүл зүйн алтан стандарт гэж тодорхойлдог бололтой. Хэрэв тийм бол гэнэн байна, бас тэнэг байна, дарга аа! Телевиз бүр өөрийн гэсэн өнгө аястай байх ёстойг мэддэггүй хэрэг үү? Суваг болгон өөрийн төрхийг гаргах учиртайг ухаардаггүй гэж үү? Мэддэг, бас ухаардагшуу юм бол яагаад заавал нэгийг хуулбарлаж, нөгөөг дуурайж амьдрах ёстой юм. Орчлонгийн хамаг хог хаягдлыг яагаад бидэнд тулгаж үзүүлэх хэрэгтэй юм.

Наад заваан юмнаас чинь иргэд бачимдаж байна. Зарим нь багтарч байна. Хэчнээн сайхан LCD зурагт аваад, ямар гоё LED телевизортой болоод хэрэг алга. Сайныг үзүүлж, сайхныг харуулж дийлэхгүйдээ тулсан юм бол цэг тэмдэг хусч суухаа болчихооч, ядаж. Ямар л сувгийн кино үзнэ, дэлгэцийн буланд хоёр, гурван цэг дурайх. Нэг телевиз шинийг сэдээд хийхэд нөгөөдүүл нь аваад дуурайдаг дүрэм хаана байна аа. Цэг тэмдгийг хүртэл туухдаа тултал шалдаа буужээ дээ. Аль эсвэл энэ салбар тэр хэдхэн цэг дээр тогтдог болоо юу? Шог юм гэж энийг л хэлэх байх. Ийм үзэгдлийг телевиз удирдсан дарга нар өөг шүүлээд, заримдаа өөрсдөө хийлгэж суудаг юм гэсэн. Гадаадын телевизийг өөдтэй хуулж чадахгүйдээ бачимдахдаа хажуу хавиргаа мэрж суухаар шийдсэн бололтой. Үүнээс цааш сэтгэхээ байсан улс даг аа. Өдрийн долоохон цагийн эфирээ яая даа гэсэн мэдээлэл, яалтгүй сайн нэвтрүүлгээр дүүргэж чадахгүй бол чаддаг хүнд нь байраа тавиад өгчих ухамсартай бай. 

Ийм хүмүүстэй менежмент яриад ч яах юм. Маркетингийн талаар дурдах бүр ч хэрэггүй. Хэдэн менежерээ туртал нь гүйлгэж реклам олохыг л маркетинг гэж ойлгодог нөхөд шүү дээ. Нөгөө хэд нь мөнгө олохгүй бол цалингаар нь торгож хашраана. Шинэ санаа хэлээд ирсэн сэтгүүлчдээ “Спонсороо олоод ир” гэж шогтоно. Маркетингийн үндэс нь чанартай бүтээгдэхүүн гэдгийг тэд харин ч нэг ойлгохгүй дээ. Гаргасан хэмжээгээрээ чанарыг тогтооно, чансааг өндөрлөнө, чанар ноёрхож, чансаа дийлсэн цагт реклам олгогчид царайчлаад ирдэг эргэх холбоог бол бүр ч ухаарахгүй. Барууныхны гаргасан зөв замаар бус, өөрсдийн сэдсэн буруу жи мээр явах нь ямар ч учиртай юм. Эргүү төлөг адил салхи сөрөх гэж зүтгэх нь хэнд хэрэгтэй билээ. Май гээд үзүүлчих юмгүй, энэ гээд харуулчих зүйлгүй байж мөнгөний төлөө улаа эргэтэл гүйл дэхийг нь яана. Хаана л компани байгуулагдана, тэнд телевизийн ул мөр байх. Бүр байгууллагынхаа гэрчилгээг аваагүй байхад дэргэд нь хүрээд очиж байна, мөнгө гуйгаад эхэлж байна. Сэтгүүл зүйн хамгийн хүчтэй, хамгийн сэхүүн, хамгийн нөлөөтэй салбар Монголд ингэж ч шавартай хутгалдах гэж. Гуйж гувшсаар олж байгаа зоос нь гэж хөгийн. Нэг секунд рекламны үнэ нь ердөө 3000 төгрөг. Толгой гэгддэг телевизүүдийн хэлдэг үнэ шүү дээ. Нүүрэн дээрээ ингэж ярьдаг ч нидэр дээрээ 1500-гаар л авдаг. Олдохгүй бол “Мянгаар ч болтугай өгөөч” гэж царайчилна. Арчаагаа алдсан зарим нь үүнээс ч долоон дор үнэ дуугарна шүү дээ. 3000 төгрөг гэдэг бол энүүхэн хойд талын Оросын тааруухан телевизийн үгэн зарын үнэд ч хүрэхгүй мөнгө. Тэдний зарын нь нэг ширхэг үг багаар тооцоход 4500 төгрөг байна гээд бод доо. Тэгэхдээ орон нутгийнхаа нөхцөлд тохируулсан үнэ юм гэсэн.

Энэ бол Монголын сэтгүүл зүйн үнэн төрх, яаж доройтсоны бодит баримт. Гар татах тоолонд үзэгчдээ алдаж байгаагаа, гуйлга гуйх бүртээ реклам олгогчдын хамрыг сөхөж буйгаа тэд даанч ойлгодоггүй. Үүний цаана сэтгүүл зүйн асар том үнэгүйдэл явагдаж байгааг ухаарах ч үгүй. “Бид телевизээр дутаагүй шүү. Даллахад л гүйлдээд ирнэ” гэсэн доромжлолыг захын боссоос сонсдог болов. Төрийн албан хаагч бол бүр ч даварсан. Дуртай сэтгүүлчээ дуудаж авчраад номхон зогсоож байна, дургүйгээ хүрвэл “Ажлаас чинь халуулна шүү” гэж дарамталж байна. Телевиз тэгж хямдхан биеэ үнэлэгч болчихоод байхад нэг муу албан хаагч ингэж томрохоос өөр яах юм. Өлбөрч үхэх гэж байгаа телевизүүдэд хэдхээн халтар төгрөг шидчихээд хүссэн мэдээллээ цацуулж л таараа шүү дээ. Хагас мэргэжиж, хугас мэргэшсэн сэтгүүл зүйд дарлуулсны маань шан нь энэ. 

Сонины дарга та баясаад байх юм байхгүй. Та ч гэсэн телевизийнхний өрөөсөн дугуй. Бүр долоон дор ч байж мэднэ. Эрхэлж байгаа сониныхоо зүс царайг эргэж нягтал, нийтэлж буй материалынхаа утга агуулгыг дахин хяна даа. “Сурталчилгаа” гэсэн нэрийн дор захиалгат сэтгүүл зүй цэцэглэж байна, “Төлбөртэй материал” гэх далбааны ард хариуцлагагүй сэтгүүл зүй хөгжиж байна. Төрийг бужигнуулж, улсыг түйвээж мэдэх гол гүүр нь танай хэвлэл болоод тун удлаа. Худал мэдээллээр булж унагаах чухал хэрэгсэл болоод хэчнээн жил болов. Үүний жишээ бол өдөр тутмын гэх тодотголтой 20 дөхсөн сонин хориулаа нэг этгээдийн үзэл бодлыг нэг өдөр, нэгэн зэрэг нийтэлж байгаа явдал юм. Энэ бол мэдээллийн терроризм. Ижил нэр, ижил гарчиг, ижил мэдээлэл, ижил зурагтай байснаа одоо бултаараа нийлж аваад нэг хүнд үйлчилдэг болоо шив. Сүүлдээ, гуйлгачин түүлэгчин нь мэдэгдэхгүй харь этгээдийг хүртэл давраадаг боллоо. Унтаж хэвтэх, ууж идэхээ хүртэл заалгаад л. Бодол бүрийг нь, үзэл болгоныг нь нийтэлж өгөөд л. Том сонинг гарчигласан ч мистер Жон, жижиг хэвлэлийг үзсэн ч мөнөөх Жон. Ер нь хаана л бол хаана Жон, хэзээ л бол хэзээ Жон. Галзуурмаар шүү. 

Энэ бол манай салбар хэрхэн үнэгүйдсэний тод илрэл. Бас яаж биеэ үнэлдгийн нэг жишээ. Хэдхэн сая төгрөг шидээд л Монголын сэтгүүл зүйг толгойноос хөл хүртэл нь худалдаад авчихад тун чиг амархан болж дээ, өнөөдөр! Мэдээж хэнд ч мөнгө хэрэгтэй. Сэтгүүл зүйд бүр ч их чухал. Гэхдээ мөнгөнөөс урьтаж сэтгүүл зүйн алтан зарчмаа бодох ёстой. Сонинд гарах материалуудыг шүүн тунгаах, ялгаж салгах, хасаж нэмэх бүрэн эрх нь Эрхлэгч танд бий. Реклам, суртал чилгааг ч хянах үүрэгтэй. Хүсэл байгаад зориг гаргах юм бол энэхүү бусармаг үзэгдлийг тун чиг хялбар зогсооно доо. Даанч ингэх эрмэлзэлтэй товарищ байхгүйд л асуудлын учир байгаа юм. 

Ажлаа явуулдаг арга барилын тухайд өдөр тутмын сонинууд телевизээс дээрдэх юмгүй. Нэг нь нөгөөгийнхөө ажлыг хуулбарлаад л, нөгөө нь нэг нийхээ санааг хусаад л. Үнээ нэмэхэд дагаад нэмнэ, шрифтээ солиход араас нь солино, булангаа өөрчлөхөд дуу райгаад өөрчилнө. Ийм л аахар шаахар ажил хийж өдөр хоногийг өнгөрөөдөг улс даа, манай дарга нар. Харамсалтай нь мууг нь сорчилж хулгайлдаг хачин гэмтэй. Хамгийн таарууг нь сонгож авдаг сонин зантай. Уншигч авхай та, со нинуудын нэгдүгээр нүүрний толгой зургуудыг харьцуулаад хараарай. Хоорондоо усны дусал мэт адилхан байх вий. Зурагны чанар нь ч гэж жигд хөгийн байна уу. Соц үеийн номын хэвлэлийг санагдуулж, одоо цагийн намын сонинг бодогдуулам үзэмж гэж үгүй, өгүүлэмж гэж байхгүй “гоё” фотог нийтэлсэн байгаа биз. Яаж бодохоороо ингэж ижил сэтгэж, яаж сонгохоороо ийм адил сонголт хийдэг байна аа. Үүнийг нь шүүмжлээд хэлбэл юу гэж дөв чигнөхийг гадарлаж л байна. Шууд л гэрэл зурагчдадаа бурууг тохно, чад варгүйгээр нь дуудна. Зураг унших гэж юу байдгийг мэдэхгүй, мэддэг ч уншиж чаддаггүй үнэн төрхөө нуух гэхдээ ах, эгч нар ингэж авирладаг ажаам. Хэрэв тэд мэдрэмжтэй, бас чадалтай байсан бол тэс өөр өнцгөөс харах байлаа. Бусадтай огт адилгүй шийдвэрийг гар гах байсан. Гал шиг халуун хамт олон, нударга адил хүчирхэг багийг бүрдүүлэх байв. Удирдан чиглүүлэгч нь ийм баймааж л тэр сонин өөрийн өнгө төрхийг бий болгодог, өрөөлөөс илүү гарах арга замаа олж авдаг. Бас ноён нуруутай болж төлөвшдөг. 

Гэтэл… Эрхэм удирдагчид энэ том орон зайдаа эзэн болж чадахгүй, түү нийгээ эзэгнэж дийлэхгүй байснаас хамаг ачаа жирийн сэтгүүлчдэд ирж байна. Муу муухай бүхэн нь ч бидэн дээр ирж наалдаж байна. Өрөвдөлтэйгөөрөө дуудуулж дуусаагүй байтал өлсгөлөнгөөрөө цоллуулж гарлаа. Тийм ээ, бид өлсгөлөн, өөд нь татаад авах хүнгүй маань ч үнэн. Тэглээ гээд хүний өвөрт ороогүй, халаасны хулгай хийгээгүй. Жагсаал цуглаан ч зохиохгүй. Багш нар ажил хаяж, эмч нар босч байгаад цалин пүнлүүгээ нэмүүлчихдэг юм билээ. Гэтэл бид өөрсдийнхөө төлөө үг хэлэх нь байтугай үсэг ч дуугарч байсан удаагүй. Төр улсынхаа сайн сайхны төлөө үзэг цаас нийлүүлж, түмэн олныхоо эрх ашгийг хамгаалах гэж үүрээс үдэш хүртэл ажилладаг хэрнээ өөрсдийнхөө амьдрал ахуйд өчүүхэн ч анхаарал тавьж байгаагүй ээ. Дөрөв дэх засаглал гэдэг цаасан малгайндаа хэт итгэсэндээ ч юм уу, дарга нарын хоосон амлалтад найдсандаа тэр үү, өрх гэрийн асуудлыг хоёрдугаарт тавьж, хувийн эрх ашгийг гуравдугаарт орхисон хүн манай сал барт маш олон бий. Ингэж явсаар нэг л мэдэхэд гал асаах шүдэнзгүй болж, гэр орон минь навсайна. Хувцас хунар ч лөөлөө. Нэгнээс талх тарианы мөнгө гуйж, нөгөөгөөс автобус микроны төгрөг зээлж амьдардаг бид юугаараа ч хувцаслах билээ. 

Энэ бол монгол сэтгүүлчийн өдөр тутмын амьдралын өнгө төрх. Жирийн бид ингэж зүдэрч байгаа зовлонг дарга нар даанч ойлгохгүй л дээ. Томчуудаар угжуулж, баячуудаар ундлуулсан тэн гэрийн амьтад юм чинь. Гэхдээ зүгээр ээ. Хэзээ нэгэн өдөр бидний цаг ирж л таараа. Тэр цагт дарга нарыг мэдээнд явуулж, рекламанд гүйлгэнэ ээ, гайгүй. Микронд чихэж, троллейбусанд сажлуулна аа, мөдхөн. Хүн царайчлахын гутамшгийг үзэг, мөнгөгүй байхын зовлонг мэдрэг. Монгол сэтгүүл зүй ариун нандин, монгол сэтгүүлч баян чинээлэг байх болтугай! 

Ж.Баяржаргал

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.