
50 насыг давж ирээд “Одоо л нэг тайван, сайхан амьдаръя” хэмээн ярьж явтал, улаан хоолойн хорт хавдартай гэсэн оноштой гарчээ. Мэс засалд орж, 6 хүнтэй баг 8 цагийн турш ажилласан гэдэг.
Мэс засал амжилттай болсон. Ах хүү ч инээгээд л явж байсан. Гэвч, хар залуугаасаа тамхи татсан учраас үе үе бөгшүүлж ханиалгана. Тэсэлгүй нэг ханиалгатал хүзүүнийх нь хялгасан судсуудын оёдол бэхжиж амжаагүй байгаад сад тавьсан юм билээ.. Хайран хүн. Даанч харамсалтай. Тамхины шууд бус үр дагавар ингэж л гардаг! Тэрхэн үедээ нэг их мэдэгдэхгүй, сайхан л. Харин 20-30 жилийн дараа, амьдралд тэмцэж зүтгэж ирсэн хөдөлмөр зүтгэлийнхээ шимийг ид хүртэх үед нь зүрх судас, харвалт, элдэв хорт хавдрын онош, шинжээр илрэн гарч ирнэ.
Өөрийгөө хордуулах гэж зөндөө л мөнгө үрнэ. Хордсоныг нь эмчлүүлэх гэж хурааж цуглуулснаа буцаагаад гаргана. Эцэст нь, явахдаа зарим нь бүгдийг нь хамж аваад л явчихна. Ойлгохгүй юм. Тамхи, тайвшруулдаг юм огт биш. Тайвшруулдаг аргаа тамхиар л хийгээд сурчихсан нь тэр болохоос. Тамхи, тархийг хордуулж судсыг бөглөрүүлэх л үйлчилгээтэй. Мэддэг хэрнээ татаад л байдаг, больчихож чадахгүй татаад л байдаг. Би ч гэсэн татдаг л байсан. Өөрийгөө тайвшруулах эрүүл арга олон байдаг шүү! Тамхинаас хамааралтай байхаа болиод удаж байна. Болдог л юм билээ. Болгоод явж байгаа нь ч олон л байдаг юм байна.
Хийж бүтээснийхээ үр шимийг эдлээд, гэр бүлтэйгээ эрүүл энх, удаан хамт байцгаая л даа! Ханиа сонгох гэж байгаа залуу эмэгтэйчүүдэд, “Залуугаараа, эрт бэлэвсэрье гээгүй л бол хорт зуршилтай хүнийг сонгох хэрэггүй. Сонгоход хүрвэл хорт зуршлыг нь хаяулж байж л зөвшөөрөөрэй!” гэдэг. Залуус минь! “Хайртай эхнэрээ залуугаар нь бэлэвсрүүлээд, үр хүүхдээ хөлий нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргээгүй байж орхиод явчихъя гэж хүсээгүй л бол, эртхэн хорт зуршлаас чөлөөлөгдөөрэй!” гэдэг. Өөрсдөө л мэд.
Гэр бүл судлаач Р.Чинбат
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.