
Нэгэн худалдаачны гэрт хулгай орж гэнэ. Зарц албатууд дундаас хэн нэгэн нь л гарцаагүй хулгай хийсэн байх хэмээн худалдаачин таамаглаж байв. Ингээд мэргэн Бирбал дээр очин болсон явдлаа тайлбарлан хэллээ.
Бирбал худалдаачны гэрт ирж бүх албатуудыг нь цуглуулаад хэн хулгай хийснийг лавлан асуув. Тэгтэл бүгд л би хийгээгүй, би хийгээгүй хэмээн өөрсдөөсөө түлхэж байв. Бирбал хэсэг зуур бодсоны эцэст хүн бүрт ижил урттай мөчир өгөөд маргааш гэхэд жинхэнэ хулгайчийн авсан мөчир бусдыхаасаа хоёр хуруу урт ургах болно гэж тайлбарлав. Ингээд бүх албатууд маргааш нь дахин цугларч өөр өөрсдийн авсан мөчрөө Бирбалд шалгуулахаар болоод гэр гэртээ харьцгаалаа. Дараагийн өдөр ч болж Бирбал зарц албатуудыг өөр өөрсдийн авч явсан мөчрөө үзүүлнэ үү хэмээв. Гэтэл нэг зарцынх нь мөчир бусдынхаасаа хоёр хуруу богино болсон байв.
Үүнийг хараад Бирбал "За тэгэхлээр таны хайсан хулгайч энд байна даа" хэмээн худалдаачинд хандан хэлэв. Хэрэг явдал дууссаны дараа худалдаачин Бирбалаас "Та тэр олон хүн дундаас хулгайчийг яаж барьсан хэрэг вэ?" гээд гайхан асуутал Бирбал хариуд нь тайвнаар инээмсэглэн "Хулгайч өөрийн мөчрийг хоёр хуруу урт ургачих вий хэмээн айж өмнөх шөнө нь түүнийгээ хоёр хуруу тайрсан хэрэг биз ээ" хэмээжээ.
Эх сурвалж: Богино өгүүллэгүүд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.