Тэтгэврийн шинэчлэлтийг эсэргүүцэгчид ерөнхийлөгч Макроны дуртай зоогийн газрыг галдан шатаав

Twitter Print
2023 оны 04-р сар 07-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал болж байх хооронд Францад олон зуун мянган иргэд Э. Макроны засгийн газраас санаачилсан тэтгэврийн шинэчлэлтийг эсэргүүцэн жагсжээ. Парист жагсагчид 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Э. Макроны ялалтаа тэмдэглэж байсан Ла Ротонд зоогийн газрын гадаа гал тавьсан байна.

Лионд жагсагчид дэлгүүрүүдийг тонож, банкны цонхыг хагалж, Реннд иргэд цагдаа нар луу салют асаан шидэж байсантай холбоотойгоор цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Ерөнхийлөгч Э. Макроны санаачилсан тэтгэвэрт гарах насыг 62-оос 64 нас болгох тухай хуулийн төслийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан 2 сар хагас үргэлжилж байгаа ба Ерөнхийлөгч Э. Макронд 2 дахь удаагаа Францын төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш тулгараад буй хамгийн ноцтой улс төрийн хямрал болоод байгаа юм.

Үйлдвэрчний эвлэлүүд долоо хоног тутмын нэг өдөр нь ажил хаялт зарлаж, тайван жагсаал зохион байгуулж эхэлсэн ба өнгөрсөн сарын дундаас эхлэн жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсэх явдал нэмэгдсэн юм.

Сүүлийн хэдэн долоо хоногт жагсагчдын тоо буурсан ч үйлдвэрчний эвлэлүүд ард иргэдийг жагсахыг уриалсаар байх болно гэдгээ мэдэгджээ.

Тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг 62-оос 64 болгосноор тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай ажилласан жилийн тоо давхар нэмэгдэх нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа аж.

Францын засгийн газар уг хуулийн төсөл нь парламентад олонхын саналыг авч чадахгүй гэж үзэн үндсэн хуулийн заалтыг ашиглан уг хужлиын төслөө парламентын санал хураалтгүйгээр баталсан нь үйлдвэрчний эвлэлүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, эсэргүүцлийн жагсаал цуглаанд нэгдэх иргэдийн тоо нэмэгдсэн аж.

Францын засгийн газар жагсаал цуглаан аяндаа намжина гэсэн хүлээлттэй байгаа бол үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцлийн хөдөлгөөн нь эрчээ алдахгүй гэдгийг харуулахыг зорьж байна.

Өнгөрсөн пүрнв нарагийн жагсаал цуглаан нь сургууль, галт тэрэг, агаарын тээврийн үйл ажиллагаанд нөлөөлсөн ч зам тээврийн салбарт саатал доголдол өмнөх долоо хоногуудтай харьцуулахад цөөн байжээ.

Э. Макроны санаачилсан хуулийн төслийн эсрэг жагсаал цуглааны үр дүнд Э. Макроныг дэмжигчдийн тоо буурсаар байна.

Судалгаагаар өнгөрсөн хавар болсон Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болбол нэр дэвшигч Марин Ле Пен ялалт байгуулах байсан гэж гарсан байна.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.