Д.Хүдэрбулга Азийн аваргын алтан медаль хүртлээ

Twitter Print
2014 оны 04-р сар 29-нд 08:54 цагт
Мэдээний зураг,
Казахстаны нийслэл Астана хотноо болсон чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээнд манай чөлөөт бөхчүүд амжилттай оролцлоо. Эрэгтэйчүүд багаараа хоёрдугаар байр эзэлсэн бол бүсгүйчүүд гуравдугаар байр эзэлж өнгөрсөн жилийн амжилтаа давтсан юм. Эрэгтэйчүүдээс 96 кг-д Д.Хүдэрбулга алт, 125 кг-д Н.Золбоо, 57 кг-д Д.Цогтбаатар 74 кг-д П.Өнөрбат нар мөнгө, 61 кг-д Н.Лхамгармаа, 65 кг-д Б.Батмагнай, 86 кг-д О.Үйтүмэн нар хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Нарангэрэл, 55 кг-д П.Орхон, 58 кг-д Б.Шоовдор, 69 кг-д Ш.Түмэнцэцэг нар мөнгө, 60 кг-д Ш.Цэрэнчимэд хүрэл медаль хүртсэн юм. Манай бөхчүүд нийтдээ 12 медаль авсан бөгөөд цорын ганц алтан медалийг эрэгтэйчүүдийн 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга хүртжээ.

Доржхандын Хүдэрбулга нь 1992 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. 2005 оноос чөлөөт бөхөөр хичээллэж Ц.Лхаажав, Ж.Дандар нарын удирдлага дор бэлтгэлээ хийж байжээ. Дөрвөн жилийн өмнө “Ганьт” клубт үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраагийн удирдлагад хичээллэх болсноор Олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн байна. Өдгөө 96 кг-д барилддаг 2011 онд спортын мастер, 2012 онд ОУХМ цолны болзол хангасан.

Амжилтын хувьд “Гуми-2012”, “Дели-2013” Азийн аваргаас хүрэл, “Астана-2014” Азийн аваргаас алт, 2013 онд Унгарын Будапешт хотод болсон Дэлхийн аваргад оролцож байсан. “Казань-2013” оюутны универсиадын хүрэл, “Монголиа Опен” тэмцээний алт, хүрэл, “Красноярск-2012”-ын алт, Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээний хүрэл, Кызыл хотноо болсон Төв Азийн аваргаас алт, Францын гранпригаас хүрэл медаль хүртэж байсан бол Залуучуудын улсын аваргаас алт, МБАТС-ын хүрэл, насанд хүрэгчдийн улсын аваргын хошой хүрэл медальт тамирчин юм.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.