Хийсийн тээрэм /Карель ардын үлгэр/

Twitter Print
2020 оны 12-р сар 30-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Баян ядуу ах дүү хоёр байжээ. Баян ах нь хөрш баячуудад нөхөрсгөөр хандаж ядуу дүүгээ  ирж  юм  гуйх  вий  гэхээс  айн танихгүй хүн шиг явдаг байжээ. Ядуу дүү нь хэзээ ч түүнээс юм хум гуйдаггүй аргалж чаргалаад болоод байдаг байж л дээ. Харин нэг удаа баяр болох гэж байхад гэрт нь юу ч байдаггүй, гэтэл эхнэр нь, Баярыг яаж тэмдэглэх вэ? Чи ах дээрээ очоод жаахан мах зээлээд ир, тэднийх өчигдөр үхэр алсан гэжээ. Ядуу эр цааргалсан боловч өөр хэнээсээ гуйх билээ дээ! Тэгээд баян ах дээрээ ирээд, Жаахан мах зээлдүүлэхгүй юу? Бид баяраар юу ч үгүй болчихоод байна гэхэд ах нь нэг үхрийн туурай шидэж өгөөд,

Энийг аваад зайл, уулын Хийс чөтгөр лүү тонил! гэж хашгирчээ. Баян ахынхаасаа гараад ядуу эр «Хэрвээ энэ туурайг надад биш чөтгөрт өгч байгаа юм бол энийг нь Хийсэд аваачиж өгье л дээ!» гэж бодоод ой руу явжээ. Ядуу эр явж явж мод унагаж байгаа хүмүүстэй дайралдахад тэд, Чи хаашаа явж байгаа юм бэ? гэж асуув. Би Хийс чөтгөрт энэ туурайг өгөх гэж явнаа, гэр нь хаана байдгийг мэдэхгүй биз? гэж ядуу эр хариу асуужээ.

Чи одоо чигээрээ яваад бай, Хийсийн гэр өмнө чинь дайралдана гэж модчид зааж өгөөд, харин Хийс чиний туурайн оронд мөнгө, алт өгнө гэвэл аль алиныг нь битгий ав, зөвхөн гар тээрэм л гуйгаарай гэжээ. Ядуу эр модчдод талархаад цааш явж байтал нэг жижигхэн байшин харагдав гэнэ. Тэр байшинд орсон чинь Хийс сууж байна гэнээ. Хийс ядуу эрийг хальт харснаа надад ч дандаа юм амлаж байдаг юм, харин нь авчирч өгдөг нь ховор доо гэх юм гэнэ.

Би үхрийн туурай авчирлаа гэж ядуу эр хэлжээ. Хийс баярлан, Гучин жил мах идээгүй юмсан, алив өгөөдэх! гээд туурайгий нь аваад идчихэж. Тэгээд за, одоо өрөө төлөхгүй бол болохгүй гээд, Чи юу авах вэ? Май, энэ хоёр атга мөнгө ав! гэжээ. Надад мөнгө хэрэггүй. Хийс алт гаргаж ирээд хоёр атгыг ядуу эрд өгч гэнэ, ядуу эр ч хэрэггүй гэхэд, Тэгээд чамд чинь юу хэрэгтэй юм бэ? гэж асуужээ. Гар тээрмээ өгөөч гэж ядуу эрийг хэлэхэд Хийс үгүй ээ, тээрмээ өгч чадахгүй, харин хичнээн л бол хичнээн мөнгө ав гэхэд нь ядуу эр авахгүй, гээд л байж, зөвхөн тээрмээ өгөөч л гэж гуйгаад байжээ.

Үхрийнх нь туурайг идчихсэн хойно одоо яах ч аргагүй боллоо гээд Хийс тээрмээ өгөхөөр болж, Чи тэгээд энүүгээр юу  хийдгийг мэдэх үү? гэж асуужээ. Мэдэхгүй, заагаад өгөөч! Энэ тээрэм бол энгийн тээрэм биш ээ. «Тээрэм минь, тээрэмд!» гэж хэлэнгүүт л юу хүссэнийг чинь тээрэмдэнэ. «За, одоо боллоо!» гэнгүүт зогсчихно, ойлгов уу? За яв! Ядуу эр Хийсэд талархаад буцжээ.

Ойгоор явсаар байтал харанхуй болж салхи дэгдэж бороо орж модны мөчир нүүр ам шалбуурдана гэнэ. Ядуу эр ингэж явсаар өглөө гэртээ иржээ. Эхнэр нь өдөржин шөнөжин чи минь хаагуур явав даа, би чинь чамтайгаа уулзахгүй боллоо л гэж бодож суулаа шүү гэж гэнэ. Ядуу эр Хийсийнд очсоноо яриад надад ийм бэлэг өгсөн гээд тээрмээ үзүүлэв. Тээрэм минь, тээрэмд! Баярын ширээнд хэрэгтэй юм бүгдийг тээрэмдээд өгөөч! гэжээ.

Тээрэм ч тээрэмдэн гурил, будаа, элсэн чихэр, мах,  загас   гээд  юу л  бол  юу  гаргаад  байж,  эхнэр нь сав шуудаигаа дүүргээд авав. Ядуу эр, За, одоо боллоо! гэж хэлэхэд тээрэм нь зогсжээ. Ядуу эр баярыг бусдаас дуталгүй тэмдэглэж, тэр цагаас хойш идэх уухаар дутаггүй сайн сайхан амьдрах болжээ. Ажил хэрэг нь ч бүтэмжтэй, эхнэр хүүхдүүд нь ч хоол ундтай, хувцас хунар бүтэн байх болжээ. Нэг удаа ядуу эр тээрмээрээ овьёос тээрэмдүүлэн морио тэжээж байтал баян ахынх нь зарц морьдоо услах гээд хажуугаар нь өнгөрч гэнэ. Ахынх нь морьд дүүгийнх нь гэрийн хажуугаар явахдаа овьёос хараад зогсон идээд байжээ.

Баян эр үүнийг алсаас хараад хөөе тэр морьд яагаад айлын гаднаас хог түүж идээд байгаа юм бэ? гэж хашгирахад зарц нь морьдыг эргүүлэн тууж авчраад, Эзэн минь, морьд тэндээс хог түүж идээгүй шүү, танай дүүгийнд дээд зэргийн овьёос, ер нь юу л бол юу, хичнээн л бол хичнээн байна гэжээ. Баян гайхан, юу болох нь энэ вэ? Яагаад юм юмтай баян болчихов, очиж харъя байз! гээд ядуу дүү дээрээ ирээд асуужээ. Яаж  чи баян болоо вэ?  Хаанаас ийм их баялаг аваа вэ? Хийс чөтгөр тусалсан юмаа гэж дүү нь нууж хаалгүй юу болсныг ярьжээ. Чи  баярын өмнөхөн надад үхрийн туурай өгсөн   шүү   дээ,   тэгээд   чөтгөр   лүүгээ   тонил   гээгүй юу,   санаж   байгаа   биз   дээ!  Би Хийсэд туурайгаа аваачаад өгсөн чинь  энэ  тээрмийг  бэлэглэсэн юм.   Энэ   тээрэм   юу   хүссэнийг   гаргаж   өгдөг   юм даа. Надад үзүүлээч! Үз, үз. Тэгээд ядуу эр тээрэмдээ янз бүрийн амттан гарга гэж тушаахад тээрэм нь ширээгээр дүүрэн боов чихэр, мах, талх өржээ. Баян гайхан шунахай нүдээ бүлтийлгэн, Тээрмээ надад зарчих! Үгүй ээ, зарахгүй! Надад хэрэгтэй. Баян  зарчих   гэж   янз   бүрээр   гуйгаад   хичнээн л   бол   хичнээн   мөнгө   өгнө   гэж   гуйж   гуйж   аргаа барахдаа, Яасан ч  царайгүй юм  бэ дээ! Хэн чамд туурай өглөө дөө? гэж ах нь гоморхоход дүү нь чи өгсөн гэв. За тэр! Тэгэхэд чи ганц ахдаа тээрмээ харамлаж байдаг! Худалдахгүй   юм   гэхэд   ядахдаа   түр зуур   өгөөч   дээ,   хэрэглэж   байгаад   эргээгээд   өгье гэжээ. Ядуу эр за яах вэ, удааж болохгүй шүү! гээд өгчээ. Баян ч баярлан тээрмий нь шүүрч аваад гэр лүүгээ гүйжээ. Тэр ч байтугай яаж зогсоодгийг нь асуусангүй. Тэгээд маргааш өглөө нь тээрмээ аваад хөлөг онгоцонд суун тэнгист гарчээ.

«Одоо яг загас давсалдаг цаг, би нэг баахан давс зараадхъя байз» гэж дотроо их л баярлан бодоод тээрмээ, Тээрэм минь, тээрэмд! Ихээхэн давс гаргаадах, их шүү их гэж тушаажээ. Тээрэм ч эргэлдэж цэвэр цагаан давс асгаран гарч ирж гэнэ. Баян ч бөөн баяр, шуудайлаад л тоолоод л байж. Аль хэзээний тээрмээ зогсоох болсон байтал баян сувдаглан «Тээрэмд, тээрэмд, бүү зогс!» гээд хашгираад байв. Хөлөг онгоц нь давсаа даахгүй хитэг нь ус руу живж ороод байхад баян ухаан алдсан мэт «Тээрэмд, тээрэмд!» гэж хашгирна. Хөлөг онгоцных нь хашлага дээгүүр ус давж живэх үед баян гэнэт сэхээ авч «Тээрэмдэхээ боль! гэж хашгирсан чинь тээрэм тээрэмдсээр байж. «Зогс!» гэж хашгирч, гэтэл тээрэм зогссонгүй тээрэмдсээр л байж.

Баян тээрмээ шүүрч аваад ус руу хаях гэсэн боловч өргөж даасангүй, давцан дээр яг л наалдчихсан юм шиг л салдаггүй гэнэ. Баян «Туслаарай, туслаарай!» гэж хашгирчээ. Гэвч хэн ч яаж ч туслах билээ дээ! Тэгээд шунаг баян хөлөг онгоцтойгоо тэнгист живжээ. Харин тээрэм тэнгисийн ёроолд одоо болтол давс тээрэмдсээр байгаа юм гэнэ лээ. Иймээс ч далай тэнгисийн ус давстай байдаг гэж ярьцгаадаг. 

Орчуулсан Ж.Оюунцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.91.118.178) 2014-04-28 17:12
      • 0
      • 1

      Хүүхэд нас санагдаж байна. Өөр үлгэр оруулж байвал баярлана шүү.

      Хариулах