
Богд хааны ордон музей нь Монголын төр шашныг хослон баригч сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Монгол улсын ууган бөгөөд хамгийн баялагсан хөмрөг бүхий музейн нэг.
1926 онд Ардын намын төв хороо, Засгийн газар улсын музейг үүсгэн тохижуулах товчоог байгуулсан бөгөөд 1926 оны 04 сарын 01-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор YIII Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болжээ.
1954 оноос Улсын төв музейн харьяа болж байгаад 1961 оноос бие даасан тусгаарлаж Богд хааны ордон музей болжээ. Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг. Анх БНМАУ-ын СнЗ-ийн 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор мөн улсын хамгаалалтад авчээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019. 04.16 ний өдрийн 24/17 тоот тогтоолоор тогтоосон "Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам"-ын дагуу хашаа, хамгаалалттай байх ёстой юм. Нийслэлийн Засаг дарга Газрын зөрчил арилгах арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарган Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ч хашааг буулгаж хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.
"Богд хааны ордон" музей нь Монгол улсад үлдээд байгаа соёлын өвийн цөөхөн дурсгалт цогцолбор бөгөөд монголчуудын ур ухаан шингэсэн хосгүй нандин урлагийн бүтээл хуран чуулсан бидний хайрлан хамгаалах эрхэм газар билээ.
Зурагт Богд хааны ордон музей ба зарим орны Хааны ордон музейн хашаа, хамгаалалт.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.