
Хятадын Коммунист намын Төв удирдлагаас Хятадын төрийн алба, олон нийтийн байгууллагуудад ашиглагдаж буй гадаадын бүх компьютер, тоног төхөөрөмжийг ирэх 3 жилийн дотор дотоодын үйлдвэрийн компьютер, тоног төхөөрөмжөөр солих тухай шийдвэрийг энэ оны эхээр гаргасан талаар Файнэншнл Таймс сонин мэдээлжээ.
Хятадын эрх баригчдын уг шийдвэр нь Америкийн HP, Dell, Microsoft зэрэг компаниудад томоохон цохилт болох ба энэхүү шийдвэрээрээ Бээжин Вашингтоны зүгээс Хятадын технологийг хязгаарласан явдалд хариу өгч байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засгийн газар энэ оны эхээр Америкийн компаниудад Хятадын харилцаа холбооны Huawei компанитай хамтран ажиллахыг хориглосон шийдвэр гаргасан ба өнгөрсөн 5-р сард Google, Intel, Qualcomm зэрэг томоохон компаниуд Huawei компанитай хамтран ажиллахаа зогсоож байгаагаа мэдэгдсэн билээ.
Гадаадын улс орны компьютер, техник технологийг хязгаарлах тухай Бээжингийн уг шийдвэр нь дотоодын технологийн салбарыг хөгжүүлэх, дотоодын технологийн хэрэглээг нэмэгдүүлэх томоохон бодлогын нэгээхэн хэсэг болж байгааг Файнэншнл Таймс онцолжээ. Тус сонинд бичсэнээр Хятадын эрх баригчдын дээрх шийдвэрийн дагуу 20-30 сая орчим компьютер, тоног төхөөрөмжийг солих шаардлагатай болж байгаа 2020 онд эхний 30 хувийг нь, 2021 онд 50 хувь, 2022 онд үлдсэн 20 хувийг нь сольж дуусгахаар төлөвлөжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар төрийн албанд ашиглаж буй бүх компьютер, тоног төхөөрөмж, программ хангамжийг бүхлээр нь солих нь нилээд хүндрэлтэй байх гэнэ.
Хятадын төрийн байгууллагуудын дийлэнх нь Хятадын Lenovo компанийн суурин компьютерийг ашигладаг ч тус компанийн компьютерүүдэд ашиглагдаж буй чип, хард диск зэрэг нь Америкийн компаниудад үйлдвэрлэгдсэн байдаг аж. Хятадын Global Times сонины редактор Ху Шижиний мэдэгдсэнээр Америкийн технологийн компаниуд Huawei компанитай хамтран ажиллахаа зогсоосон нь Huawei компанийн хувьд ноцтой хохирол учруулж чадахгүй ба нөгөө талаас Вашингтоны зүгээс тус компанид хориг арга хэмжээ тавьсан нь Хятадын техник технологийн салбарын хувьд микро чипийг дотооддоо боловсруулж, үйлдвэрлэх томоохон хөшүүрэг болж өгсөн гэнэ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.