"Их-7" хөгжиж буй орнуудад 600 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийнэ

Twitter Print
2022 оны 06-р сар 27-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

"Их-7" хөгжиж буй орнуудад 600 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийнэ

"Их-7" -гийн удирдагчид Хятадын Нэг бүс-Нэг зам төслийн хариуд ирэх 5 жилийн хугацаанд хөгжиж буй орнуудын  дэд бүтцийн бүтээн байгуулалтанд нь зориулж 600 тэрбум ам. доллар босгохоо амлажээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Их-7" - гийн бусад удирдагчдын хамтаар Баварийн Эльмау цайзад болж буй чуулга уулзалтын үеэр "Олон Улсын Дэд бүтэц, Хөрөнгө оруулалтын Хамтын Ажиллагаа" нэртэй хөтөлбөр эхлүүлж байгаагаа зарлажээ. 

Ерөнхийлөгч Ж. Байден АНУ ирэх 5 жилийн хугацаанд улсын сан, хувийн хөрөнгө оруулалт зэргийн тусламжтай 200 тэрбум ам. доллар босгож, бага болон дунд орлоготой орнуудад уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, жендерийн эрх тэгш байдал, цахим дэд бүтэцтэй холбоотой төслүүдийг санхүүжүүлэхээ мэдэгджээ. 

Тэрээр, "Нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Энэ бол тусламж эсвэл хандив биш юм шүү. Энэ бол бүгдэд нь үр ашгаа өгөх хөрөнгө оруулалт юм." гэжээ.

Европын улс орнууд мөн адил ирэх 5 жилийн хугацаанд 300 тэрбум ам. доллар босгох талаар Европын холбооны зөвлөлийн дарга Урсула Фон Дер Ляйен мэдэгджээ. 

Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний санаачилж,  2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн Нэг бүс-Нэг зам төсөл нь Азийг Европтой холбох орчин үеийн Торгоны замыг бий болгох зорилготой ч  Вашингтоны онцолсноор уг төсөл нь хөгжиж буй орнуудад тодорхой мэдэгдэхүйц ашиг тус өгөөгүй аж. 

Ж. Байдений мэдэгдсэнээр шинэ хөтөлбөрийн хүрээнд АНУ Ангола улсад нарны эрчим хүчний станц байгуулахад 2 тэрбум ам.доллар, Европын холбоотой хамтран Сенегалд вакцины үйлдвэр байгуулахад 3.3 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. 

Түүнчлэн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) ирэх 5 жилийн хугацаанд Дэлхийн банкны дэргэдэх Хүүхэд халамжийн урамшууллын санд 50 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн байна. 

"Их-7" -гийн өндөр орлогтой улс орнууд ДНБ-ийхээ 0.7  хувийг хөгжиж буй улс орнуудад хөрөнгө оруулалт хйихэд  зарцуулахаа амласан боловч өнөөдрийн байдлаар амласныхаа талд ч хүрэхгүй хувийг буюу  0.32 хувийг л зарцуулж байгаа аж.

Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.