
2040 оны 4-р сарын 30. CNN-ийн мэдээ. Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дэлхийн хамгийн өндөр цамхагийн нээлт болох гэж байна. Энэ нь гурван сар хагасын дараа эхлэх олимпийн их наадамд зориулагдсан аварга том бүтээн байгуулалтын ажил ажээ.
Одоогоос 29 жилийн өмнө тухайн үеийн Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч асан ноён Жак Рогге Монгол Улсад айлчлал хийж тэр үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Ц.Элбэгдоржтой 2040 оны Олимпийн их наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах аман тохиролцоонд хүрч байжээ. Тухайн үед энэ мэдээг сонсоод тохуурхан инээмсэглэж байсан хүмүүс дэлхий даяар бий. Учир нь тэр үед Монгол Улс гурав хүрэхгүй сая хүн амтай Азийн буурай хөгжилтэй орны нэг байсан юм. Тухайн үед Улаанбаатар хотод дэлхийн стандартад нийцэх битүү дээвэртэй стадион ядаж ганц ч байгаагүй учир хэн хүнгүй гайхшран инээлдэж байсныг ойлгож болох юм.
Тэгвэл Ази тивд эдийн засгийн гайхамшгийг бүтээсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод олимпийн бамбар дүрэлзэн асах өдөр дөрвөн сар хүрэхгүй хугацааны дараа тохиох гэж байна. Энэ бүхнийг өгүүлэхийн өмнө бяцхан түүх сөхье. Сүүлийн гуч хүрэхгүй жилд Монгол Улс жинхэнэ шуугиан тарьж, та бидний нүдний өмнө асар хурдан хөгжсөн билээ. Одоогоос 30 жилийн өмнө Монгол Улс маш ядуу орон байсан бөгөөд тухайн үедээ дэлхий даяар шуугиан тарьж, өнөөдрийн дэлхийд тэргүүлэх эдийн засагтай улс болоход нь шийдвэрлэх нөлөө үзүүлсэн асар их баялагтай Тавантолгой, Оюутолгой, нефть, ураны ордуудаа гадныханд алдах шахсан түүхтэй улс. Гэхдээ алсыг харсан, тун ч зоримог бодолготой ухаалаг залуу эрх баригчид нь гадныхантай хамтрахаас эрс татгалзан эх орныхоо тэрхүү их баялагийг дан ганцаар эзэмшицгээсэн билээ. Ингэхдээ ОУВС-ийн зээлээр тухайн үедээ хэний ч толгойд багтмааргүй уул уурхайн асар их техник, тоног төхөөрөмжүүдийг эх орондоо оруулж ирэн хөдөлмөрийн насны бүх л иргэдээ ажлаар зуун хувь хангасан гэдэг.
Угийн сэтгэн бодох чадвар сайтай, сэргэлэн цовоо Монголчууд хамгийн сүүлийн дэвшилтэт технологиудыг тун ч богино хугацаанд гартаа оруулж дэлхийд гайхагдсан асар их баялагтай алт, зэс, уран, нүүрс, нефтийн ордууд дээрээ түшиглэн хөгжиж 30 жилийн дотор дэлхийд тэргүүлэх 10 дахь хүчирхэг эдийн засагтай орон болсон богинохон хугацааны түүх ердөө л энэ юм.
Олборлосон ашгаараа уул уурхай, нефтийн үйлдвэрлэлээ шат шатаар нь ахиулж БНСУ, Австрали, Канад, АНУ, ОХУ-аас өндөр мэргэжлийн гэрээт ажилчид хэдэн арван мянгаар нь оруулж ирэн ажиллуулснаар бүх л төрлийн олборлолт нь эрс нэмэгдэж тэр хэрээр ашиг орлого нь гайхмаар хурдацтай өссөн түүхтэй. Сүүлийн хорин таван жил энэ орны эдийн засгийн өсөлт байнга 15- 20 хувьтай явж ирсэн нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт билээ.
Сүүлийн хорин жилд Монголд цагаачлагчдын тоо жил бүр саяаас давсан үзүүлэлттэй байгаа ажээ. Дэлхийн өнцөг булан бүрээс хөврөх цагаачлагчдын хөлд дарагдаад байгаа тус улсын эрх баригчид сүүлийн үед цагаачлагчдын асуудалд нэлээд хатуу бодлого баримтлах болж зөвхөн үндэс угсаа, гарал үүсэл нэгтэй хүмүүсийг хүлээж авахаа мэдэгдэх болсонд НҮБ-ын зүгээс сэтгэл дундуур байгаа юм. 29 жилийн өмнө гурав хүрэхгүй сая хүн амтай байсан Монгол Улс өнөөдөр 25 сая хүн амтай болсон нь дэлхий даяар тархан амьдарч байсан үндэс угсаа, гарал үүсэл нэгтэй эзэн Чингисийн үр хойч төрөлх эх орондоо олон саяараа буцан очицгоосны үр дүн юм.
Монгол Улсад байнга оршин суух хөх картны /blue card/ сугалаа интернетийн сайт бүрт тавигдаж, Монгол хэлний курст суугчдын тоо дэлхийн хэмжээгээр сүүлийн 10 жилд дөрөв дахин өссөн үзүүлэлт гарчээ. Одоо гадаадын үй олон цагаачлагчдыг эх оронд нь эргүүлэн буцаах нь Монгол Улсын засгийн газар, эрх баригчдынх нь толгойны өвчин болоод байгаа гэнэ. Сүүлийн үед тус оронд албан бусаар амьдарч байгаа гадны иргэн бүрт 3.000.000 төгрөг өгч нутагт нь үнэгүй буцааж байгаа бөгөөд нэг төгрөг нь 20 орчим ам доллартай тэнцдэг байна. 30-хан жилийн дотор эдийн засаг, соёл, шинжлэх ухааны тэсрэлт хийж гайхамшгийг бүтээсэн Монгол оронтой танилцахаар жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 5 сая орчим жуулчин тус улсыг зорин очдог байна.
Дэлхий дахины аялагч жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг энэ орны иргэд дээд зэргийн соёлч боловсон харьцаатай, дэлхийн бөмбөрцгийн хамгийн найрсаг зочломтгой ард түмэн гэгддэг. Улаанбаатар хот сүүлийн 15 жилийн турш дэлхий дээрх хүн амьдрахад хамгийн таатай, амар тайван хотоор шалгарсан нь Москва, Шанхай, Сөүл, Нью-Йорк зэрэг дэлхийн хүчирхэг хотуудтай өрсөлдөн ялалт байгуулж, энэ удаагийн олимпийн их наадмыг зохион байгуулах эрхийг авахад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Монгол Улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ДНБ, Үндэсний орлого, жилд үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ 2025 оноос дэлхийд байнга тэргүүлсээр ирсэн юм. Цалингийн хэмжээ, нийгмийн халамжийн систем нь дэлхийд загвар болж байгаа энэ орны хувьд хээл хахууль, эрх мэдэлтнүүдийн албан тушаалын гэмт хэргийн тухай яриа үеэ өнгөрөөгөөд 20 жилийн нүүр үзэж буй.
Хүний эрхийг дээлэн хүндэлдэг энэ орны хувьд бидний сайн ойлгохгүй ганц л зүйл байдаг нь жирийн иргэнээсээ эхлээд төрийн тэргүүндээ ч яг адилхан үйлчилдаг үнэхээрийн чанга хатуу хууль дүрэм нь юм. Үүний тодорхой жишээ нь найман жилийн өмнө маш амжилттай ажиллаж байсан Засгийн газар нь согтууруулах ундаа уусан үедээ автомашин жолоодсон нэгэн сайдаасаа болж бүрэн бүрэлдхүүнээрээ даруйхан огцорч байсныг дэлхий нийтээр ажиглан харсан билээ. Өнөөдөр дэлхийн хамгийн томоохон компани, хөрөнгө оруулагчид Монголын банкуудад хөрөнгө мөнгөө төвлөрүүлснээр Щвейцарийн банкууд алдагдалтай ажиллах болж, ихэнх нь дампуурлаа зарлаж байгаа нь дэлхийн эдийн засаг Ази тивээс, нэн ялангуяа өдрөөс өдөрт хүчирхэгжин тэлж байгаа Монгол Улсын эдийн засгаас ихээхэн хамааралтай болох үүд хаалгыг нээж байна.
Мэдээнийхээ төгсгөлд Монгол Улсын үндэсний олимпийн хорооноос манайд ирүүлсэн албан ёсны мэдэгдлийг танилцуулъя. Уг мэдэгдэлд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2040 оны наймдугаар сарын 11-нд нээлтээ хийх зуны олимпийн их наадмын зарим төрлийн спортын тоглолтыг дэлхийн өнцөг булан бүрээс Улаанбаатар хотод хүрэлцэн очих гадны жуулчдад үнэ төлбөргүй үзүүлэх болсон оо албан ёсоор зарлаж байна. Эдгээр төрлүүдэд хөл бөмбөг, сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тоглолтууд, мөн байт харваа, далбаат завь, морин спорт, бүх төрлийн усан спортын төрлүүд багтаж байна” гэжээ.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа, манай мэдээ үргэлжилж байна.

E-mail: eegii1967@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.