Бидэнд хоригдол хэрэггүй

Twitter Print
2023 оны 04-р сар 06-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Олон нийтийн дунд “Хүнийг заавал цагдан хорихгүйгээр шалгаж болдоггүй юм байх даа” гэсэн шүүмжлэл үргэлж өрнөдөг. Энэ нь бодит амьдралаас урган гарсан шүүмж.

Учир нь, өнгөрсөн хугацаанд олон хүнийг хуулийн байгууллагаас ямар нэг хэрэгт сэжиглэн шалгах явцдаа 72 цагаас дээш хугацаагаар саатуулан хорьсны эцэст тухайн хүний гэм буруу нь нотлогдоогүй гэх шалтгаанаар буцаан сулладаг тохиолдол олон гарав. Заримдаа бүр цагдан хорьсон үйлдлээ “аварч” үлдэхийн тулд тухайн хүнд анх баривчилсан шалтгаанаасаа огт өөр хэрэг тохох ч нөхцөл байдал үүсч байв. Ийм жишээ олон. “Багануур” ХК-ийн нягтлан Б.Мөнгөнтуяагийн жишээг юун түрүүнд нэрлэж болно. Түүнийг хэрэгт сэжиглэн шалгаж байна гэх үндэслэлээр зургаан сар буюу 200 хоног саатуулан шалгасны эцэст сулласан байдаг. Бүр түүнд зориулж 7.5 жилийн ял төлөвлөж байсан ч хэргийг нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, тэр эмэгтэйн амьдралаар тоглоод хаячихсан гэсэн үг. Баривчлаад явсан өдрөөс эхлэн ар гэрт нь учирсан зовлон гачаал, сэтгэл санааны хохирол, ажил алба, найз нөхөд, цаашлаад эрүүл мэнд, алдагдсан боломжууд гээд тухайн хүнд очиж буй хохирлыг хэмжих аргагүй. Харамсалтай нь, ийм жишээ манайд нэгээр биш, нэжгээдээр тоологдож байна. Эдгээр нь аль нэг гэмт хэргийг илрүүлэхдээ сэжигтнийг заавал шоронд хийж байж мөрдөн байцаах гэдэг хууль шүүхийн байгууллагын дадал, зуршилтай шууд холбоотой. 

Гэм бурууг нотлохын тулд цагдан хорьдог байдлыг халахгүйгээр хүний эрхийн тухай ярих боломжгүй. Адаглаад л иргэнийг гэмт хэрэгт сэжиглэж 72 цаг саатуулчихаад “Уучлаарай, та гэм буруугүй байсан байна” гээд сулладаг байж таарахгүй. 

Энэ бол хуулийн байгууллага өөрөө хүний эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл болно. Тиймд үүнийг таслан зогсооё гэсэн санаачлага өрнөж, тэр нь явсаар 72 цагийг 48 цаг болгосноор төгссөн. Уг нь хүнийг саатуулан хорих цаг хэд байх тухай яриа биш л дээ. Харин хэнийг ч хилсээр саатуулан хорихгүй, юу юуны духанд хүрэлгүй барьж аваачаад “хар гэр”-т суулгадаг байдлыг халах, өөрчлөх тухай сэдэв юм.

Монгол орон хоригдлоор дутаагүй. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих ангиудад 4500 орчим хүн ял эдэлж байна. Энэ тоо өмнө нь 7000-аас буудаггүй байлаа. Буурсан шалтгаан нь сүүлийн хэдэн жилд ойр ойрхон Өршөөлийн хууль санаачилж, хоригдлуудыг суллаж цөөлсний үр дүн. Түүнээс биш, хууль сахиулагч, мөрдөн байцаагчдын зүгээс юм л бол барьж хорьдог, саатуулдаг, шоронд хийж байгаад хэргийг илрүүлдэг хуучин арга барил, дадал нь хэвээрээ л байгаа. Тухайлбал, яг одоогийн байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй хүнийг таслан сэргийлэх, цагдан хорих байдлаар шалгаж байна. Энэ байдлыг НҮБ-ын Хүний эрхийн комиссоос сайшаагаагүй бөгөөд тодорхой зөвлөмжүүдийг ч өгчээ. НҮБ-ын шинжээчид “Шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах эрх зүйн тогтолцоо үйлчилж байна” гэж дүгнэсэн. Харин үүний эсрэг хууль сахиулагчид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хяналтаас гадуур хэн нэгэн хүнийг цагдан хорьдог тогтолцоо огт байхгүй. Гагцхүү гэмт хэрэг үйлдэж байх үед нь газар дээр нь баривчлах тохиолдолд 24 цагийн дотор шүүхээс зөвшөөрөл авдаг” гэсэн тайлбарыг өгдөг билээ.

Бодит байдал дээр мөрдөн байцаагчид хэн нэгнийг баривчлах, цагдан хорих зөвшөөрлийг шүүхээс авдаг нь ч процессын хувьд алдаатай үйлдэл гэж зарим хүн үздэг. Баривчлах, цагдан хорих, улсын хилээр нэвтрэх гэх мэт хүний эрхийг хязгаарлах шийдвэрийг шүүх урьдчилсан байдлаар гаргадаг гэсэн үг л дээ. Тэр тохиолдолд уг хэргийн нотлох ажиллагаанд шүүх оролцож байна гэж үзэх боломжтой. Энэ нь шүүх, шүүгч тухайн баримтыг яаж үнэлэх талаараа урьдчилсан төсөөлөлтэй болсныг нотолно. Хэрэг нь нотлогдоогүй байхад шүүх цагдан хорих эсэхийг шийдэж байгааг өөрөөр тайлбарлах аргагүй. Ийм нөхцөлд шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандах зарчим гээгдэж, магадгүй яллагч буюу прокурорын байр суурийг орлож байна ч гэж дүгнэх үндэслэл бий.

Мөрдөн байцаагчдын хувьд сэжигтнийг аль болох хорьж байгаад, хэргийг шалгах нотлох сонирхолтой байдаг. Тиймдээ ч прокурорт ийм саналыг олноор гаргаж өгдөг аж. Тэгвэл прокурорын хувьд үндэслэлгүй саналыг хүлээн авахаас татгалзах эрх нь бий боловч мөн л буруутныг олох, хариуцлага шийтгэлийг хүлээлгэх байр суурийг баримталдаг тул хорьж цагдахаас төдийлөн татгалзаад байдаггүй. Эндээс л мөнөөх яль шалихгүй бүх хэргийн сэжигтнүүдээр шорон, гяндангаа дүүргэх үйл явц өрнөдөг. Уг нь цагдан хорих бодлогоо зөөлрүүлэх оролдлогыг хийдэг. Эсвэл хийсэн дүр үзүүлдэг. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хийсэн шинэчлэлүүд үүний баталгаа. Тухайн хууль батлагдахаас өмнө  манай улс цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдын тооноос давсан хоригдолтой байсан. 100 мянган хүнд ногдох хоригдлынхоо тоогоор Монгол Улс Азидаа хоёрт орж байсан. Үүний улмаас гэмт хэрэг үйлдсэн, эсвэл үйлдсэн байж болзошгүй иргэдээ багтааж шингээх газаргүй болж, шинээр шорон барихдаа тулж байв.

Олон улсын эрх зүйд хорих шийтгэл бол шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр. Гэтэл манайд шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй байгаа хүн дээр шууд хэрэглэдэг. Тэгээд зогсохгүй. Мөрдөн байцаагчийн ур чадвар, цаг заваас болж хоригдох хоногийн тоо сунжирч, нэмэгдсээр байх ч магадлалтай.

Цагдаа нар хэргийг маш хурдан шалгаж, гэм бурууг тогтоох боломж бага. Өнөөдөр нэг цагдаа, шүүгч, прокурор дээр хэдэн зуун хэргийн материал бий. Долоо хоногт ажиллах цаг нь гэтэл 40 цаг. Тиймд хэргийг шударгаар богино хугацаанд шийдэх хэмжээний баримт нотолгоо цуглуулж, цаг зав гаргаж чадахгүй учраас хоригдож байгаа иргэд хохирсоор байх нөхцөл үүсдэг. Тийм л учраас хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үед хэн нэг иргэнийг барьж хорих нь ихэнх тохиолдолд оновчгүй шийдэл. Хэргийг шалгах явцад тухайн иргэн цагаадаж болно. Гэтэл тэр хүнийг анхнаас нь шууд хорьчих гээд байдаг нь л буруу тогтолцооны сул тал. Нөгөө талд тэр хүн үнэхээр хэрэг үйлдсэн байгаад, зайлшгүй таслан сэргийлэх арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөл байдлыг ч тооцох хэрэгтэй. Шинэ хууль гарснаас хойш хууль сахиулагчид “Ажлаа хийж чадахаа болилоо” гэж гомдоллох болжээ. Аргагүй. Урьд нь, бүх хүнээ хорьж байгаад шалгадаг арга барилтай байсан. Одоо үндэслэл, баримт их шаардах болсноор хүнийг хорих босго өндөр болсноос хэрэг илрүүлэх үйл явц ч бэрхшээлтэй болжээ. Өмнө нь “Энэ хүн зугтаж магадгүй” гэх хувь хүний субьектив үнэлэмжээр л хэн нэгнийг хорьж болдог байсан. Одоо бол хорих үндэслэл нэхдэг болсон. Гэвч оргон зайлах, нотлох баримт устгах, мэдүүлэг өгөх хүмүүст нөлөөлөх, мөрдөн шалгах ажиллагаанд саад бэрхшээл учруулж болзошгүй гэх мэт олон үндэслэлээр хорих зөвшөөрлөө авч чадсаар л байна. Үүнийг энэ хэвээр нь буюу тухайн мөрдөн байцаагч, шүүгчийн үзэмжид найдан орхиж мэдээж таарахгүй.

Зүй нь хэргийн хүнд, хөнгөнөөс хамаарч, хорих эсэхийг шийдэх ёстой байх. Гэвч ийм ялгамжийг зааж, яг таг тодорхойлж өгсөн хууль эрх зүй манайд алга.

Тиймээс хорих, саатуулах үйл явц мөрдөн байцаагч, хуулийн байгууллагын үзэмжээр шийдэгдэж байна. Онц ноцтой, албан тушаалаа урвуулан ашигласан, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон, эсвэл улсын өч төчнөөн хөрөнгийг завшиж, шамшигдуулсан хэргийн сэжигтэнг гадуур байцаан шалгах мөртөө энгийн зөрчил гаргасан иргэнийг шууд л барьж аваачаад хорьдог ийм ялгамжтай байдал үүсэх бүх боломжийг алга болгох шаардлагатай. Саяхнаас хорих шийтгэлээс гадна торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялыг хэрэглэх болов. Улсын хэмжээнд 1400 хүн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байна. Энэ нь 1400 хүнийг шоронд хорих байсныг болиулж, цаашлаад төдий хэмжээний хоригдолд оногдох зардлыг улсын төсвөөс хэмнэх боломжийг олгож буй.

Тиймээс аль ч тохиолдолд гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хүнийг барьж хорьдог үзэгдлийг багасгахын төлөө зорих нь зөв. Хэн нэгнийг сэжигтнээр тооцож болно. Гэхдээ сэжигтнийг заавал хорьж, шоронд хийх гэж яарах нь ноцтой алдаанд хүргэх аюултай. Үүний цаана эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэх, элдэв хууль бус хэлмэгдүүлэлт явах магадлал өндөр. Өнөөдөр хүний эрхийн хуульч, судлаачдын зүгээс “Хүнийг үндэслэлтэйгээр яллагдагчаар тат. Үндэслэл байхгүй бол хүний оролцоогүйгээр хэргийг шалга. Яллагдагчаар татсан ч хорихгүйгээр шалга. Хорьж шалгахгүйгээс болоод үнэхээр бусдын амь нас хохирч мэдэх, эсвэл яг оргох гээд тасалбараа барьчихсан, дахин гэмт хэрэг үйлдэх гээд байгаа, шүүгч прокурорыг заналхийлж буй, хэргийн нотлох баримтыг устгах оролдлого хийж буй баримт байвал хорь” гэдэг зөвлөмжийг өгөх болжээ.

Үүний нөгөө талд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг яагаад хорихгүй байгааг шүүмжлэн буруутгагчид зогсож байдаг. Таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргаагүй гэдгээр мөрдөн байцаагч, прокурорыг нь буруутгадаг. Энэ нь иргэд, олон нийтийн ухамсар, ойлголтод ч засвар, залруулга хэрэгтэй болохыг илтгэж буй баримт юм. Заавал цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч тухайн хүний хэргийг мөрдөн шалгана гэдэг хуучирсан ойлголт, арга барилаасаа аль аль тал нь салах хэрэгтэй болж байна. Саявтархан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын нэгэн мэдэгдэл олны анхаарлыг татсан. Тэр нь “Онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдолд цагдан хорих төрлийг сонгохгүй байх боломжийг хуульд тусгаж өгнө” гэсэн мэдэгдэл юм. Онц ноцтой хэрэг гэдэгт бусдын амийг санаатай хөнөөсөн болон хөнөөх гэсэн, эх орноосоо урваж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдлыг оруулан тооцож буйгаа мөн хэлсэн. Эцэст нь, нэг л зүй тогтол нэн тодорхой. Хоригдол олшрохын хэрээр шоронгийн тоо нэмэгддэг бус. Харин шорон олшрохын хэрээр түүнийг дүүргэх хэрэгцээ нэмэгддэг билээ.

Д.Дамдинжав

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.