Густав Климт - Үнсэлт

Twitter Print
2020 оны 12-р сар 05-нд 16:56 цагт
Мэдээний зураг,

Үнэхээр хүний сэтгэлийн торгон утас хөндсөн, хайр энхрийлэл гэдэг ямаршуу байдгийг төгс илтгэн харуулсан мэт нэгэн нандин зургийг дэлхий дахин андахгүй. Гэвч хаанахын хэн гэдэг зураач ямар үүх түүхтэй зурсан зураг болохыг нь олонхи хүн мэддэггүй төдийгүй сонирхдоггүй.

Харин энэ зургийг зуу гаран жилийн өмнө урласан зураач бүтээлээ «Үнсэлт» хэмээн нэрлэжээ. Гэтэл урлагийн түүхэнд болоод тив дэлхийд уг зураг “алтан” хэмээн алдаршсан байдаг. Угаасаа ч зураач бүтээлээ алтаар урладаг байсан гэдэг. Густав Климт (Gustav Klimt) хэмээх уг "алтан гартай” зураач 1862 оны долдугаар сарын 14-нд Вена хотын ойролцоох нэгэн сууринд төрсөн байна. Эцэг нь уран дархан, сийлбэрчин хүн байсан учир хүүгийнхээ ирээдүйн уран бүтээлд жинхэнэ утга учир, өнгө будгийг нь олж өгсөн гэлтэй.

Климтийн гэр бүл дундаж орлоготой л айл байв. Харин Густав Австрийн урлагийн музей, үйлдвэрлэлийн дэргэдэх дүрслэх урлагийн сургууль төгсөөд барилга архитектурын уран зургийн мэргэжил олж авчээ. Түүний анх туурвисан бүтээлүүд үндсэндээ театрын тайзны томоохон чимэглэл зургууд байжээ. Гэтэл дүрслэх урлагийн ертөнц натуралист, реалист, символистуудын урсгал чиглэлд талцан хуваагдаад байсан үед буюу 1897 онд тэрээр Вена хотын уран илтгэгч зураачдыг нэгтгэсэн холбоог үүсэн байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажиллах болсон бөгөөд 1900-аад оны эхээр Венийн урлагийн тайзыг эзэгнэж байлаа.

Климт аливаа зүйлд ямагт чин сэтгэлээсээ ханддаг байсан гэдэг. Тиймдээ ч түүний бүтээлүүд бүхэлдээ хүний сэтгэлийн илэрхийлэл, өнгө аясыг тодотгосон байдаг бөгөөд зөвхөн өөрийн сэтгэл хөдлөлийг гаргасан зураг зурах сонирхолтой байжээ. Климтийн “алтан эрин”-ий зургуудаас илүү түүний уран бүтээлийн чиг хандлагыг тодорхойлох зүйл үгүй.

Түүний бүтээлүүдийн дотроос хамгийн алдартай нь «Алтан урлал»-ынх нь оргил болсон өнөөх «Үнсэлт» (Der Kuß) (1907–1908). Тэрээр уран бүтээлийнхээ ид оргил үед мөн уран баримал чимэглэлийн урлаг сонирхон туурвихдаа алтдах арга барилыг чухалчилдаг байсан учир уран зурагт ч тэр бүхэн нь тусгалаа олж “Алтан эрин үе” хэмээгдэх болсон түүхтэй.

Уг бүтээл гэвч юугаар онцлог байж болох вэ? Хосууд тас тэврэлдэн, бие биедээ бүр уусан алдарсан тул өөрсдийнхөө тачаалаас өөр зүйл анзаарч, мэдрэхээ больжээ. Тэд уусан алдарсан нэгдлээ тодотгож, бас гадаад ертөнцөөс тусгаарласан алтлаг хучлаган доор ороогджээ. Энэ бол тэдний ертөнц. Алтан нөмрөг гэдэг бол тэднийг орон зайнаас тусгаарласан хэвнэг. Цэцэг алагласан өчүүхэн ногоон дэвсэг ч мөн тэдний ертөнцийн хил хязгаар. Цаана нь харин таньж мэдэхгүй бараан бүхэн байж болно. Гэвч хайр энэрэлээр энэ ертөнцөөс тасарсан хос ямар нэгэн тодорхой орон зайд оршихгүй байгаа нь цаг хугацаа, орон зайнаас хамааралтай бус, сансарын уудамд алсран одсон бүхий л цаг үе, түүхэн утга илэрхийлэлийг нэгтгэн илтгэж байгаа мэт.

«Үнсэлт» хэмээх энэ зургийг бүтээсэн түүх ийм аж. Нэгэн гүн хэргэмтэн Густав Климтэд өөрийн хайртай бүсгүйн хөргийг бүтээх захиалга өгсөн гэдэг. Гэтэл хачирхалтай нь бүсгүйн дүр төрхийг харж зурах ёстой байсан Климтэд гүн бүсгүйн дүрсийг буулгаж цутгасан зоос өгсөн байна. Гэхдээ зоосон дээрх бүсгүйн төрх харин ч сайн дүрслэлтэй байсан учир тэрээр зөвшөөрсөн аж. Харин гүн түүнд хоёр л шаардлага тавьсан байна. Өөрийнхөө болоод бүсгүйн дүр төрхийг зурагт буулгахдаа гал халуунаар үнсэлдэж байгаагаар зурахыг тэр хүссэн аж. Климт ч түүний хүсэлтийг ёсоор биелүүлж, гүнтэн ч сэтгэл хангалуун хоцорсон хойно түүнд нэг л зүйл дутуу санагдаад болсонгүй, ухаан бодлоороо тарчилж эхэлжээ. Эцэст нь тэрээр хариултыг олсон байна. Зурагт гал халуун үнсэлт, хязгааргүй хүсэл тэмүүлэлтэй хайр дурлалын тааламж, таашаалыг буулгаж өгөх. Гүнтэн ч түүний санааг ойлгов... Түүний хайрт бүсгүй зургийг харсан даруйдаа гэрлэхийг зөвшөөрч удалгүй гүнтэн хуримын аялалд гарч өгсөн гэдэг байна.

Климт харин бүр хойно «Үнсэлт» зургийн нууцыг тайлсан гэдэг. Тэрээр зоосон дээр дүр төрх нь буусан тэр бүсгүйг төсөөлөн зурж байхдаа өөрөө дурлаж орхисноо ухаарчээ. Тиймээс ч хариу үнсэлт тэсгэлгүй хүлээсэн хачин тарчлаантай удаан үнсэлт.

Тогтоож ажиглахуй

Климтийн энэ сэдвийн бусад хувилбарын нэгэн адил эрэгтэйн царай мөн л бараг харагдахгүй байна. Тийм хэдий ч түүний эр чадлыг бухын мэт хүзүү, асар том гар нь бүсгүйн гарыг хүүхдийн мэт харагдуулж байгаагаар илэрхийлжээ. Тэр мөн Герегийн бурхан Дионис болон түүний дагалдагч сатируудын билгэдэл ороонгоор хийсэн титэм зүүжээ. Эдгээр зүйрлэсэн дүрүүдээр тэрээр үржил шим, хуял тачаал илэрхийлжээ. Эмэгтэй харин үүнээс ялгаатай нь огтхон ч идэвхгүй байна. Нүүр нь үнсэн цагаан ч нүд нь сэтгэлийн таашаалтай байдлаар аниастай байна. Түүний бүр хойшоо гэдийсэн толгойн байрлал Симболлог урлагт өргөн байсан тасдсан толгойноос сэдэвтэй. 1901 онд Климт “Холофэрнийн толгой барьсан Юдит” хэмээх зураг зурж байжээ.

Цэцгэн дэвсгэр. Байгалийн орчин зурах замаар Климт зургийн амгалан, тайван байдлыг илэрхийлжээ. Түүний эхэн үеийн бүтээлүүдэд харагддаг цэцгэн чимэглэлийг санагдуулам уг сэдэл түүний урлангийн цэцэрлэгтэй холбоотой аж. Тансаг хээ. Уран бүтээлийн замналынхаа энэ үед Климт сэтгэл татам хийсвэр болон дүрслэлийн элементүүдээр туршилт хийх дуртай болсон байв. Найзуудыгаа тэрээр туйлын тансаг, хээтэй чимэгэлтэй хувцастай дүрсэлснээр тэд бараг асар том нөмрөг дотроо алга болж байх шиг санагддаг. Ихэнхдээ тэдний нүүр, гар л "Үнсэлт"-энд харагдаж байгаа шиг ил харагддаг баол биеийн галбир нь бүдгэрсэн байдаг ажээ.

Эмэгтэйн нөмрөг. Эмэгтэйн даашинз амрагийнхаа хувцаснаас эрс өөр харагдана. Алтлаг чимэглэл нь гол төлөв хооронд нь нарийн долгиолог шугамуудаар холбосон жижигхэн, дугуй дүрсүүдээс бүтжээ. Гэсэн ч түүний нөмрөгний хамгийн харц булаасан зүйл нь дотроо олон жижиг тойрог бүхий тод өнгөтэй дугуй дүрсүүд байна. Эдгээр нь тэдний хөл доорх цэцэгнүүдтэй төстэй ажээ. Даашинзны доод хэсгийн зарим нь бүр цэцгийн дэлбээ загвартай байна. Даашинзан дээрх цэцэг, хээ угалзуудыг мөн үржил шимийн билэгдэл гэж тайлбарлаж болдог.

Ширхэглэг. Климт зургийнхаа мэдрэмжийн нөлөөг ихэсгэхийн тулд янз бүрийн үнэт материалаар чимэглэх дуртай байсан юм. Үнсэлт зургийн сууриндаа тэр хар хүрэн дэвсгэр дээр алтан шаргал тоос цацан гялтганасан ширхэглэг харагдац үүсгэжээ. Хайртуудын нөмрөгөн дээрх ялгаатай ширхэглэг харагдацыг тэр эхлээд зарим хээг нь жессогоор зуураад сүүлд нь алтлаг өнгөөр будан гаргасан байна.

Эрэгтэйн нөмрөг. Хос хоёрыг хооронд нь ялгахын тулд өөр хооронд нь ижилгүй бэлгэдлийн дүрсүүд ашиглажээ. Эрэгтэйн хувцсыг дөрвөлжин, тэгш өнцөгт хэлбэрүүдээр чимэн хар, цагаан, мөнгөлөг өнгөөр буджээ. Эдгээр өнцөгт дүрсүүд эрэгтэйн зан чанарыг илэрхийлэх зорилготой нь эмэгтэйн нөмрөгний өнгөлөг, дугуй дүрснүүдээс тод ялгаран харагдаж байна.

Хөл. Климт дүрийн хөл гарыг бие махбодоос нь ялгаатайгаар ихэнхдээ сунасан, дүрс нь өөрчлөгдсөн байдлаар зурдаг байв. Хуруунууд нь нугарсан, мушгирсан байхад гар нь дэндүү том байх жишээтэй. Энэ нь тухайн үед дөнгөж гарч ирж байсан экспрессионист хэв маягийн нөлөөлөл байсан байж болох юм. Энэ зурагт эмэгтэйн хөл нэлээд хоёрдмол утга агуулжээ. Нэг бол баяр баясалдаа болоод атирсан байж болно, эсвэл энэ ертөнцөөсөө салахгүйн эцсээ хүртэл зуурах гэсэн санаа юм шиг харагдана. Түүний нэгэн адилаар эмэгтэйн гар харагдахгүй байгаагийн дээр баруун гар нь маш эвгүй байрлалтай байна.

Б.Баяраа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.