Хүндэтгэлийн хуралдаанд Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон үг хэллээ

Twitter Print
2013 оны 10-р сар 25-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Канад Улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан дээр үг хэллээ. 

Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөн түншлэлийн хүрээнд олон салбарыг хамарч тодорхой үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглэв. 

Хүндэтгэлийн хуралдаан дээр Канад Улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон үг хэлэхдээ, Монгол Улсад анхны төрийн айлчлал хийж, Монгол Улсын Их Хуралд хандан үг хэлэх завшаан тохиож байгаа нь миний хувьд нэн хүндтэй үйл явдал хэмээн үзэж байгаагаа тэмдэглээд, бид газар зүйн байршлаараа тусгаарлагдсан хэдий ч алслагдсан орон зайг даван туулах нийтлэг туршлага, чадвараараа нэгдмэл гэдгийг онцоллоо. 

Тэрбээр цааш нь хоёр орны харилцааны талаар үг хэлэхдээ, сүүлийн жилүүдэд нэн ялангуяа байгалийн нөөц ашиглалтын салбарт төвлөрч ирсэн хоёр орны харилцаа өнөөгийн цаг үед нийтлэг сонирхол, нэгдмэл үйл ажиллагаа бүхий өргөн цар хүрээг хамран хөгжиж байгааг цохон тэмдэглэв. 

Шүүх, төрийн алба, хууль тогтоох байгууллагуудыг хүчтэй, ил тод, үр бүтээлч байдлаар хөгжүүлэхийн чухлыг эрхэмсэг ноён Дэвид Жонстон дурдаад манай хоёр орон хамтдаа Монгол Улсын төрийн албаны үйлчилгээг иргэн төвтэй, ил тод, хариуцлагатай, нам бус бөгөөд илүү мэргэшсэн чиглэлээр хөгжүүлэхийн төлөө боломжит урт хугацааны дэмжлэгийг эрэлхийлэн судалж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

Мөн тэрбээр хоёр улсын хооронд худалдааны эргэлт эрчимтэй өсч байгаа нь баярлууштай юм гээд харилцан ашигтайгаар эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн баяжуулах гайхалтай боломж бий. Нэн ялангуяа боловсрол, барилгын технологийн салбарууд нь ирээдүйд үр өгөөжтэй байж болохуйц түвшинд тооцогдож байна гэдгийг цохон хэллээ. 

Эрхэмсэг ноён Дэвид Жонстон хоёр улс олон улсын тавцанд хамтран ажиллаж буй талаар тэмдэглэх ялдамдаа, Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгэж, нэн ялангуяа Монгол Улсын манлайлал дор иргэний нийгмийг бэхжүүлэн чадавхжуулах үйлсэд дорвитой ахиц гарсан талаар ярилаа. 

Хүндэт зочин цааш нь “Ардчиллын боловсрол олгох хөтөлбөр”-ийг боловсруулахад Канад, Монгол хоёр улсын хамтын хүчин чармайлтыг онцлон тэмдэглэхийн сацуу Канад Улс цэргийн сургуулилтын хөтөлбөрүүдээрээ дамжуулан Монгол Улсын олон улсын энхийг сахиулах чадавхийг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэлээ. 

Эрхэмсэг ноён Дэвид Жонстон үгийнхээ төгсгөлд, ирэх сард тэмдэглэх гэж буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн хугацаанд бидний нөхөрлөл, дипломат харилцааны хүрээнээс хальж эдүгээ бусад олон төвшин, үйл ажиллагааны төрлийг хамарсан хүчирхэг бөгөөд цэцэглэнгүй хөгжлийн зэрэгт хүрснийг тэмдэглээд “Монгол Улс өөрийн хосгүй өөрчлөлтийн замаар хөгжиж байна. Монголчууд Та бүхэн улирах хугацаа, угтах ирээдүйн бэрхшээл, боломж алинтай нь ч учирсан энэхүү нөхөрлөлөө Канад Улс хэзээд эрхэмлэн дээдлэх болно” гэлээ. 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэт зочинд хандаж, халуун дотно үг хэлсэн явдалд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлээд түүнд ажлын амжилт хүсч Монгол Улсад тавтай зочлохыг хүсэн ерөөлөө гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.