
“Гурав магтаж, хоёр загна” хэмээн япончууд хэлдэг. Өөрөөр хэлбэл ямагт магтаад байлгүй, бурууд хатуу байх хэрэгтэй гэсэн санаа.
ЗАГНАХ талаар бяцхан ойлголттой болцгооё.
Эцэг эх бидэнд нэгэн дутагдал байна. Хүүхдээ загнахдаа УУРЛАДАГ дутагдал! Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлдөө автаж дуугаа өндөрсгөх, харцаа ширүүн болгоно. Сэтгэл хөдлөл давамгайлсан тохиолдолд хоёр тал хоёулаа ямар ч хожилгүй хоцордог. Та эд эсээрээ хохироод, хүүхэд айж түгшээд гүйцээ.
Иймд юуны түрүүнд уртаас урт амьсгаа аваарай. Намайг жоохонд эмээ маань “Уур чинь хүрвэл уулын оргил өөд харж бай” гэдэгсэн. Бид насанд хүрсэн хүмүүс учир сэтгэлийн үелзлүүдээ сайтар ажиглаж, хянах боломжтой.
Үүний дараа хүүхдээ логиктой загнах юм.
Хэрэв таны хүүхэд найзыгаа бэртээсэн тохиолдолд та ямар арга хэмжээ авах вэ? Найзыгаа цохиж болохгүй ээ! Яаж байгаа юм чи! Айн? Найзыгаа яагаад цохиж байгаа юм бэ?
Дээрхээс хүүхэд юу ч ойлгохгүй. Харин "Найзыгаа цохивол найз чинь маш их өвдөнө. Өвдөөд хөөрхий минь уйлна. Дараа нь чамтай тоглохоос айдаг болно шүү дээ" гэвэл ойлгоно. Өөрөөр хэлбэл яг юу буруу хийснийг нь, ямар үр дагавар хүлээж байгааг нь ойлгомжтой тод үгээр тайлбарлах чухал аж.
Олны дунд хүүхдээ загнав аа! Ялангуяа үеийн найз нөхдийнх нь хажууд түүнийг хамаагүй битгий загнаарай. Өөртөө итгэх итгэлээ алдах эрсдэлтэй. Иймд хоёулахнаа байх тохиромжит газрыг сонгох.
Зан чанар хийгээд биеийн үзэмжээр нь гутаахгүй байх. “Тэнэг юм уу”, “мангар юм уу”, “дүлий минь”, “мал аа” гэх зэрэг доромж үгс. Ийм үг олон сонссон хүүхэд өөрийгөө угаасаа ухаан дутуу, тэнэг төрсөн юм байна хэмээн итгэж орхино. Өөрийн үг бүртээ анхаарал хандуулах юм шүү. Амнаас ганц удаа гарч орхивол ахин дахин давтагдах хандлагатай. Иймд эхнээсээ хяналттай, цэгцтэй!
Бусадтай харьцуулахгүй шүү. Таны хүүхэд олон ах дүүтэй байж болно. Ах дүү нартай нь бүү харьцуул. Ангийн хүүхдүүд, найзуудынхаа хүүхдүүдтэй жишээд хэрэггүй. Байнга хэн нэгэнтэй харьцуулагдаж байгаагаа мэдрэх ямар их дарамттай байдаг бол. Танаас үнэлгээ авахын тулд юу ч хийхээс буцахгүй болж мэдэх. Эс бөгөөс “Яаж ч хичээсэн би хэзээ ч БОЛД шиг болохгүй юм байна” хэмээн өөртөө үл итгэгч нэгэн болох. Насанд хүрсэн ч хэн нэгний амжилтанд баярлах бус эсрэгээрээ атаархах сэдэлд автах зэрэг бүгд харьцуулалтынх шүү дээ.
Загнах гэдэг айлгах биш ойлгуулахын нэр аж ээ.
Эх сурвалж: Ээнээгийн тэмдэглэл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.