
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн харшлын зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор, ЭМШУИС-ийн АУ-ы сургуулийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, “Астма” эмнэлгийн захирал, дэд профессор Н.Раднаахандтай хүүхэд багачуудын дунд газар аваад буй астма, харшил, ханиадын талаар ярилцлаа.
1.Бага насны хүүхдүүдийг ханиадаас илүү харшил их зовоодог. Эцэг эх нь юунаас үүдэж харшилтай болсныг мэдэхгүй цаг алддаг тал бий?
-Харшил арьсных ч бай, амьсгалын замынх ч бай хүүхэд болоод эцэг, эхийг нь үнэхээр залхаадаг өвчин. Экземтэй хүүхэдтэй гэр бүлд хүүхдээ асрах, эмчлэх үед учрах стресс нь чихрийн шижинтэй хүүхэдтэй гэр бүлийнхээс илүү байдаг. “
2.Хүмүүс гэртээ цэцэг, ургамал тарьж, муур, нохой тэжээх дуртай. Хүүхдүүд амьтантай тоглосноор харшилтай болох тохиолдол байдаг уу?
-Байлгүй яахав. Гэрийн тэжээвэр амьтдаас муур, нохойн үс хамгийн их харшил өгдөг тул гэртээ байлгахаас аль болох татгалз. Муурны шүлс, шээсээр гардаг уураг хүчилтөрөгч гэрийн тоосны хачигны биеэс гардаг харшилтөрөгчөөс 10 дахин жижиг учир агаарт удаан хугацаагаар хөвмөл байдалтай байж, амьсгалын замаар орж багтраа үүсгэдэг. Агаарт хөвж буй харшилтөрөгч нь хүүхдийн арьсанд тунан бууж загатнааг нэмдэг. Нохойны арьснаас гуужсан хаг, шээс, шүлсэнд байдаг уураг харшил үүсгэнэ. Нохойгоо эрхлүүлж, ор дэрэн дээрээ хэвтүүлэх нь харшлын суурьтай хүүхдэд амархан харшилна. Тиймээс нохойг тусгай өрөөнд байлган ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахих шаардлагатай.
3.Харшилтай хүүхдэд ямар хоол хүнс хэрэглэхийг хориглодог вэ?
-Өндөг, загас, улаан буудай, жимснээс гүзээлзгэнэ, ханборгоцой, аньс, чацаргана, киви, улаан алим, мөн кофе, какао, түрс, зөгийн бал, самар, тахианы мах, лууван, даршилсан ногоо, хийжүүлсэн ундааг хүүхдийнхээ хоол хүнсэнд аль болох хэрэглэхгүй байгаарай.
4.Бага насны хүүхдийг харшилтай байж болох анхны шинж тэмдгийг хэрхэн мэдэх вэ?
-Хүүхэд төрөхдөө хөөнгө том, насандаа тохирохгүй илүүдэл жинтэй байх, арьс нь нурамтгай эсвэл толгой нь хагтах, хацар нүүрээр нь улайлт туурах зэрэг шинж илэрдэг. Ханиад хүрэхээрээ цээж барих, удаан ханиах, шөнө ханиах, гүйж тоглохоороо ханиах зэрэг шинж ажиглагдана.
5.Нэг төрлийн эм удаан хугацаанд уувал дасал болдог тал бий. Ургамлын тоосны харшилтай хүмүүс ямар эм уувал үр дүнтэй вэ?
-Монголд сүүлийн үед нойронд гаж нөлөөгүй, 24 цагаа барьж үйлчилдэг эм үйлдвэрлэж байгаа. Тэр тусмаа гуурсан хоолойн багтрааны үед амьсгалын замаар сорж хэрэглэдэг эм хүрэлцээтэй бий.
Хамрын харшлын үед дааврын бэлдмэлийг ууж тарьж хэрэглэснээс хамартаа шүрших хэлбэрээр нь хэрэглэвэл маш өчүүхэн тунгаар хамгийн их үр дүнтэй эмчлэгддэг.
Хүмүүс харшлын эмчийн хяналтад орж, сорил тавиулж харшилтай ургамлаа тодорхойлуулан хэдийнээс хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэж, тухайн үедээ ямар эм хэрэглэхээ мэдэж авсан тохиолдолд харшил даамжрахгүй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.